Зохиолч, ном хоёрыг зоргоор нь хаямааргүй сэн

unen nomСаявтархан би, яруу найрагч Чойндонгийн Содномдоржтой санаандгүй таарлаа. Угийн сэргэлэн цовоо хүн, унжгардуу явах шиг санагдсанд гайхасхийгээд, хүний ёсоор ажил алба, биеийн байдлыг нь асууж уран бүтээлийг нь сонирхов.

-Зохиол бичиж байгаа юу. Дууны шүлгийг ч хийж байх нь мэдээж. Амжмлт их үү гэж асуув.

-Тэтгэвэрт сууснаас хойш зүгээр байсангүй. Харин дууны шүлгийгбичихээ больсоон. Урам алга гэхээр нь гайхаад,

-Яаж байгаа нь тэр вэ? гэж эргэлзэнгүй асуув. Тэрбээр шал дургүй нь хүрсэн маягтай  болоод,

-Бичээд ердөө ашиггүй болсоон. Шүлэг, ая, дуучин цөмөөрөө л бусдын мэдэлд бичих юм. Бид шүлэг бичээд очиход хөгжмийн зохиолч гурван сая төгрөг авч байж ая хийх юм гэнээ. Үүнийг би яаж дийлэх вэ гэхэд нь, буруу дуулав гэж бодоод,

-Яана гэнэ ээ. Шүлэгт ая хийгээд тийм их юм авдаг болсон уу гэсэнд мань эр,

-Хөгжмийн холбоо тийм журам тогтоосон юм уу. Хөгжмийн зохиолч дураараа загнаж байгаа юм уу, алийг нь мэдэхгүй. Ингэж л биднийг хорлож байна гэж гутрангүй өнгөөр дуугарав.

Ингэж хэлэх түүнд их шаналгаатай байх шиг санагдлаа. Энэ нь аргагүй юм. Содномдорж, бол бүтээлээрээ нэрд гарсан хүн. ‘Хайрын цэнхэр нулимс”, ‘Тэнгэрт ойрхон Сутай”, “Дурлал болгон амьдрал биш” зэрэг нийтийн хүртээл болсон олон дууны шүлэг бичиж Цэнгэл чи бидэн хоёр”, “Энхрий хорвоо”, “Уянгын түрлэг” зэрэг уншигчдын талархап хүлээсэн ном бүтээсэн найрагч болохоор жигүүрээ тасл уулсан шиг л болж яваа юм байна гэж бодогдлоо. Би найрагч биш болохоор дууны шүлгийг доошлуулж, аялгуугаа дээшлүүлснийг мэдэхгүй явжээ. Эндээс улбаалж бид хоёр, хуучны сайныг дурсаж, шинийн мууг өөчлөхөд хүрэв. Би яахав, урьдын танил хөгжмийн зохиолчдоо дурсав. Өнгөрсөн зууны тавь жараад онд яруу найрагч, хөгжмийн зохиолч нар найрсаг харилцаатай байж бие биедээ туслан дуу төдийгүй дуурь бүтээж байсныг тэр үеийнхэн мэднэ. Ч.Чимид, Б.Дамдинсүрэн хоёр, Ж.Бадраа, Г.Бирваа хоёр, Л.Дагвадорж, Л.Мөрдорж хоёр, Д.Пүрэвдорж Д.Лувсаншарав хоёр, Б.Бааст, С.Гончигсумлаа хоёр, Д.Намдаг, С.Бүтэд хоёр хамтран ажиллаж байсныг бутээл нь гэрчилнэ. Жараад оны дуунууд гэдэг цагийг эзэлсэн бутээл бий болсон нь зохиолч, хөгжмийн зохиолч хоёрын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүн болж, түүхэнд үлджээ. Тэр үед хөгжмийн зохиолч, яруу найрагчаас мөнгө нэхэж байсангүй. Харин авьяас, хөдөлмөр хоёрыг нэхэж байсан нь мэдээж. Дууны шүлгийг зохиолчдын хороо баталж, аяыг хөгжмийн холбоо хэлэлцдэг байлаа. Энэ үед үнэхээр санан дурсмаар юм их байсан. Өнөө үед зарим нэгний өөчлөн мэдэмхийрхэж, бусдын толгой эргүүлдэг шиг хянаж цагдаж байсан юм биш, Үг аяыг улам сайжруулж сайн бүтээл болгох үүднээс мэргэжлийн хүмүүс нягталж, хэлэлцдэг байсан билээ. Тэр үед хэвлэлийн хяналт нам, төрд байсан болохоос уран бүтээлийн байгууллагад байгаагүй. Зөвхөн мэргэжлийн зөвлөгөө туслалцаа л байсан юм. Энэ нь зохиолч бусад уран бүтээлчдэд тустай байлаа. Ийм нөхөрсөг сэтгэлийн мэргэжпийн зөвлөгөө ямарч үед баймаар юм гэж намайг хэлэхэд Содномдорж маань,

-Зах зээлд орохоор урьдын бүх юм хэрэггүй. Цөмийг шинээр эхэлнэ гэж боддог хүн байна. Тэгэж тэнэгтэж болохгүй гээд сэдвээсээ халимаар болсноо, шүлэг дуу руугаа эргэв.Тэгтэл би хадуурч орхижээ.

Энэ хүмүүс чинь зах зээлийн өрсөлдөөнийг биенээ хорлох, бусдыг дарлах, эрх мэдэлгүй эгэл хүмүүсийг мөлжих гэхчлэн арай буруу ойлгосон юм биш биз ээ. Хүн ер нь төрөл арилжаагүй цагт биедээ тусалж биенээ хайрлах ёстой юм байна аа гэсэнд,

-За тэр, хүн хүнээ хайрлах монгол ёс алга болсон гэв.

Энэ зуур надад манай зохиолчид шиг хөөрхийлэлтэй, арчаагүй хүмүүс байхгүй санагдав.

-Манай зохиолчид гэж… хүн ч анзаарахгүй, өөрөө ч мэддэггүй маш их хохирч байгаа өрөвдөлтэй улс алга аа. Зах зээлд оруут бодсон юм ч байхгүй. Ганц нэгэн нь хөдлөх гээд бүтээгүй. Тун арчаагүй.Уг нь бол Үндсэн хуулинд, зохицуулалттай зах зээлд орно гээд заачихсан боловч манай МЗЭ шиг олон гишүүнтэй, өвөрмөц ажилтай газрыг яаж зах зээлд оруулах байсан юм бол. Чи юу гэж боддог вэ?

-Түүнийг тэгэх, ингэх байсан гэж мэдэмхийрхэх юм алга. Гэхдээ манайд хэн дуртай хүн дураараа байгуулсан зөвлөл, холбоо, нэгдэл зөндөө байна. МЗЭ зохиолын төрлөөр үндэсний төвүүдтэй байна. Яруу найргийн, хүүрнэл зохиолын, хүүхдийн гээд арваад юм байдаг. Гэтэл түүний хажуугаар эмэгтэй зохиолчдын, хүүхдийн зохиолчдын, зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн холбоо, төв нэгдэл гээд байгуулчихсан байна. Энэ хэнд хэрэгтэй юм бэ? Нийтэд үү, эсвэл нэг хүнд үү? Хийсэн ажил нь мэдэгддэггүй ийм юмнууд ядаж байхад яршиг л байна. Нэгэнт байгаагаа дээш татахгүй байж.

-Эндээс санаа авахад, овжин хүмүүс зах зээлд орсон, хяналтгүй болсныг далимдуулаад манай сайн уламжлалыг үгүй хийж, өөртөө ашигтай юм л хайж байна гэж хэлж болох нь ээ. Энэ буруу юу зөв үү?

-Хүн ер нь гагцхүү хар амиа бодох нь манайд явц муутай санагддаг. Энэ бол миний бодол. Тэгэхдээ л эх орон, ард түмнийхээ шалгарсан сайн уламжпалыг устгаж болохгүй.

-Сэдвээсээ халиад яахав, дууны шүлэг дээрээ л жаахан тогтъё. Энэ хүмүүс ер нь яасан их бичиж байна аа. Энэ чинь бас ямар вэ?

-Үнэн. Их бичиж байна. Бас муу бичиж байна. Дээр үед Чойжилын Чимид “Бидэнд муу бичихээс бусад бүх эрх чөлөө бий” гэж хэлсэн юм билээ. Одоо бол зарим хүн муу бичихийг ч эрх чөлөө гэж боддог байх. Ингэж болохгүй. Энэ чинь муу бичиж болдог юм байна гэж бусдад бодуулна. Зарим нь толгой холбочихвол шүлэг боллоо гэж бодно. Тийм юмаа дуу болго гэж хөгжмийн зохиолчид, мөнгөтэй хамт өгч байна. Баячуул юу дуртайгаа бичээд, мөнгөөр цохиж байна. Ая хийдэг хүмүүсийн толгой эргээд менгө л боддог болсон. Ер нь мөнгө бодож хийсэн юм, олигтой болдоггүй нь амьдрал дээр тодорхой харагдаж байна. Сайн юм хийвэл яах вэ, болно. Гэтэл олонх дууны үгийг сонсоход утга учиргүй, уран хөдөлгөөнгүй шүлгэнцэр байх бөгөөд ийм юманд яаж ая хийдэг байна аа гэж гайхмаар байдаг. Гэтэл цаана нь өөр эрх ашиг байдаг болохоор үг гол биш гэдэг ойлгомжтой. Энэ муу уршиг дууны шүлгийн эрчийг сулруулсан төдийгүй найрагчийг мөлжигдөгч болоход хүргэжээ. Найрагч шүлгээ ая зохиогчид зүгээр өгнө. Тэр ая хийгээд зохиогчоос мөнгө авна. Нэгэнт ая хийсэн учир дууны бичлэгт оруулна. Түүний үнийг найрагч төлнө. Дуучин дуулах бол түүнд мөнгө өгнө. Ингээд найрагч зохиогч биш, сайнаар хэлбэл өглөгийн эзэн, саараар хэлбэл мөлжигдөгч болдог юм байна. Ер нь дуу нийтэд түгээд амжилт оллоо гэхэд, зохиолчид шимтгэл авах мэтийн ашиг ирэхгүй. Харин бас нэгэн нь дуу сурталчилж байгаа нэрээр гадаадад худалдчихдаг болсоон. Арга самбаа их байнаа.

Бид хоёрын яриа ингэсгээд зогссон боловч миний бодол цааш үргэлжлэв. Бид тохиолдлоор таараад ийн ярилцсан нь, өнөөгийн үнэнийг хэлж байгаа болохоос бусдыг ад үзэж муучилсан юм биш ээ. Тэр дундаа миний хувьд бол хоёр талтай бодож байна. Ямарч гэсэн Хөгжмийн зохиолчдын холбоо, ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэд хөгжмийн зохиолчдоо анхаарч тусалж байна. Тэднийг дагаад дуучин бас бэлчээрт гарч, хоолондоо хүрч байна. Гэтэл манай МЗЭ шиг түүхтэй, нэр алдартай газрууд ямар ажил хийж байна аа. Тэд зохиолчдоо хэр зэрэг хамгаалж, хайрлаж, дэмжиж байнаа гэсэн асуулт хариу нэхэж байгаа нь нийтэд тодорхой байна. Ер нь зохиолчийн нэр хүнд ихэд доошилж байх шиг байна. Энэ юутай холбоотой вэ. Бичсэн номтойгоо юү, байгаа байдалтайгаа юү. Ер нь зохиолч, зохиогчийг тоохоо байх нь ээ. Тэгтэл зохиогчгүй бүтээл гэж байхгүй дээ. Наад зах нь концертын урилга, театрын зарлал ч зохиогчтой. Бидний энд яриад байгаа дууны шүлгийг шаардлага хангахуйцаар ёсоор нь хийх юм бол авьяас чадвар, ур ухаан шаарддаг нарийн төвөгтэй хэцүү хөдөлмөр юм. Сайн үг, сайн ая хоёр зохицож байж сайхан дуу бүтнэ. Тэр урт насална. Гэтэл үүнийг тоож байгаа хүн олон байна уу.

Зохиолчийн нь бичсэн бүтээлийг бусад мэргэжлийнхэн ашиглаад байхад гишүүнчлэлтэй газар нь нүдээ аниад байж болохуу. Радио, телевизийнхэн, зохиолчийн бүтээлийг өдөр шөнөгүй хэрэглэж, зохиолчоор өдий тедий юм яриулчихаад ажиг ч үгүй, зах зээл яриад сууж байдаг. Манайхаас бусад орны хэвлэл мэдээлэл, уран бүтээлийн байгууллагууд хүний бичсэн, ярьсан уран зохиол, яриа хөөрөөнийг тэр дор нь үнэлдэг. Энэ чинь хедөлмөр учраас тэр юм. Өнөөгийн зах зээлийн үед байтугай социализмын үед ч тийм байсан бөгөөд энэ нь уг газрын нэр төр, уран бүтээлийн эвлэл холбоод, зохиолчийн болон байгууллагын эрх ашгийн үүднээс бусад газруудтай хуулийн хүрээнд нарийн харилцаа тогтоомоор байна. Эдүгээ бол эвлэл холбоод урьдын сайн нэр, хүндэтгэлээ алдаад их ярьж, бага юм хийдэг болсон гэж хүмүүс хэлж байна. Үнэн үү?

Манай амьдрал түргэн өөрчлөгдөж, хүмүүс ч амархан хувирч, хүний дор орохгүйн тулд амь нь тэмцэж байх шиг байна. Ард түмний нэг хэсэг маань үнэхээр ядарч байна. Хүний хувь заяа хариуцаж байгаа хүмүүс амарлингуй байх аргагүй болж байна. Монголын соёл урлаг утга зохиол зарим талаар доройтож, өгөөжтэй сайн ном, дуу, бүжиг, жүжиг, уран зураг бүтээхгүй байна гэсэн шүүмжлэлийг шударга үнэн зүйл гэж үзүүштэй байна. Энэ бүхнийг ярихаар холбогдох хүмүүс нь зах зээл рүү түлхдэг. Энэ бол үнэний хувьтайгаас гадна манай хөдөлмөрийн зохион байгуулалттай шууд холбоотой санагдана. Манайх хоёр гүрний дунд мөнхөд оршсоор ирсэн мөртөө өнгөрсөн жилүүдэд өөрийн хөдөлмөрийн зохион байгууллалтыг тогтоож чадаагүй шигээ зах зээлд ороод бас л бусдыг аялдан дагасаар гучаад жилийг хэл амтай шиг өнгөрөөж байна. Манай улс шинэ үндсэн хуулиндаа зохицуулалттай зах зээлд орно гэж тунхаглахдаа Монголын зохиолчдын эвлэл мэтийн өвөрмөц онцлогтой газрыг яаж зохицуулна гэж бодсон юм бол. Энэ хугацаанд байдлыг мэдээд яана гэж санаж байгаа бол. Төрийн бус байгууллага гэдэгт хамруулаад орхисон нь өдөр дутам шинэчлэгдэн байгаа бодит амьдралын өөрчлөлтийг гүйцэхгүй байна. Эдүгээ бол МЗЭ хуулинд зааснаар улсын ямар ч дэмжлэггүй үлгэн салган яваа билээ. Тэднийг ном бүтээдэг гол ажилтайг бүгдээр мэдэж байгаа. Номыг яаж бүтээдэг, яаж хэвлүүлдэг, яаж борлуулдаг, уншигчид нь ямар хэмжээнд байгааг төр засаг мэдэж л байгаа. Наад захын жишээ авахад, уран зургийг хараад, хөгжмийг сонсоод гадна дотны ямар ч хүн ойлгоно. Үүнд хэл шаардагдахгүй. Гэтэл монгол номыг тэгэж болохгүй. Ерөөсөө Монголын үнэн түүх ард түмний амьдралыг монгол зохиолч л төрөлх хэлээрээ үндэсний бичгээрээ бүтээж чадна. Монгол амьдрал өвөрмөц, монгол хэл маш баялаг. Тиймээс ч монгол зохиолын төгс сайн орчуулга хаана ч байхгүй гэж манай орчуулагч эрдэмтэд нотолдог. Одоо үед манай ойр зэргэлдээ улсууд үндэснийхээ утга зохиолыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг болсоор байгаа нь бидэнд дохио! Ойрхоны жишээ авъя. Казах улсын ерөнхийлөгч Н.Назарбаев, Соёл, урлаг, утга зохиолд онцгой анхаардгийг енгөрсөн зуунаас эхлээд хэвлэлүүд тодорхой мэдээлсэн билээ. Тэдний утга зохиол их гүрний нөлөөнд үндэсний шинжээ алдаж байсан гэдэг юм. Түүнийг засах нэг арга болгож, төрөлх хэлээ сайн хадгалсан манай казах зохиолчдыг татсан нь ойлгомжтой. Ерөнхийлөгч давын өмнө Зохиолчдын хорооны байрыг тавин жилийн хугацаагаар эзэмшүүлж зардпыг нь улс даахын хамт төрөлх хэлээрээ сайн зохиол бүтээхийг шаардсан байна. Манайхаас очсон казах зохиолчдын уран бүтээл сэргээд жилд нэг ном бүтээчихээд зохих шагналаа ерөнхийлөгчийн сангаас аваад амьдарч байна. Утга зохиол, урлаг улс үндэстэнд амин чухап зүйл гэдгийг харуулахын хамт эртнээс түүхэн харилцаатай монголчуудад их сургамжтай, тусгаж авууштай зүйл юм. Ерөөсөө ийм маягийн зохицуулалт шаардлагатай нь мэдээж. Наад зах нь МЗЭ бол хуучин үед зохиолын шимтгэлийн хуримтлалаар өөрийн байртай болоод түүнийгээ хэрэглэж байгаа нь ч төрийн зохицуулалтад анхаарагдах ёстой гэж бодно. Үгүйдээ л, утга зохиолын санд хуримтлал оруулсан зохиолчдын номыг хэвлэж өгч болно. Эдүгээ гишүүдээс татвар авдаг. Эргээд тэдэнд туслахгүй юм бол яах гэж авч байгаа хэрэг вэ? Энэ мэтээр зохицуулах юм зөндөө байгаа, санаачилга дутаж байх шиг. Зохиолчдоо зохион байгуулбал дэлхийд нэрээ гаргах найдвар байна. Энэ дашрамд санал болгоход Ерөнхийлөгч Х.Баттулга Та, хүч тамирын спортыг үлэмж анхаардаг шигээ оюун ухааны түлхүүр уран зохиолын төлөө халамж тавьж хайрлаач! Ерэн жилийн ойгоо тэмдэглэх гэж ядаж байгаа МЗЭ-ийг санаандаа авч “Монголын нууц товчоог” бараадан яваа эртний түүхт утга зохиолын залгамж халаа шинэ уран зохиолоо эрчимтэй хөгжүүлэхэд төрийн зохицуулалт хийж, туслаач хэмээн хүсч байна аа. Зохиолч, ном хоёрыг зөнгөөр нь хаямааргүй байна!

Зүүн гар талаас С.Эрдэнэ, Ц.Гайтав, Д.Содномдорж, Б.Явуухулан, Л.Түдэв нар. 1960-аад оны эхэн үе.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад зохиолч ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ


URL:

Сэтгэгдэл бичих