Хойд Солонгосын рестораны ажилчид хүчээр Өмнөд Солонгост дүрвэж ирсэн эсэхийг шалгана
Хоёр жилийн өмнө Хятад дахь Хойд Солонгосын эзэмшлийн ресторанаас дүрвэж Өмнөд Солонгост ирсэн ажилчид сайн дураар ирсэн, эсвэл тагнуулчийн сүрдүүлгийн үр дүнд хууртагдаж ирсэн эсэхийг шалгахаар болжээ.
Өмнөд Солонгосын хүний эрхийн комисс шалгалтыг гүйцэтгэх болсноо өнөөдөр мэдэгдсэн байна. 2016 оны дөрөвдүгээр сард рестораны 12 ажилчин, менежэрийн хамт Малайзаар дамжин Өмнөд Солонгост ирсэн юм.
Сөүлийн эрх баригчид тэднийг дүрвэж ирсэн тухай тэр дор нь мэдээлсэн бол Хойд Солонгосын тал тэднийг Өмнөдийн тагнуулуудад хулгайлагдсан хэмээн зарлаж, буцааж ирүүлэхийг шаардаж байжээ.
Рестораны менежэр өмнө нь Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд ярихдаа Өмнөдийн тагнуул тэднийг ятгаж, сүрдүүлсэн тул дүрвэсэн гэж ярьсан байна. Зарим ажилчид нь Малайз дахь Өмнөд Солонгосын элчинд очих хүртлээ хаашаа явж байгаагаа мэдээгүй гэж ярьжээ.
Тиймээс Өмнөд Солонгосын хараат бус хүний эрхийн комисс уг асуудлыг шалгаж, үнэнийг тогтоохоор болсон байна.
Эдгээр дүрвэгчдийн асуудал сүүлийн үед сайжраад байгаа хоёр Солонгосын харилцаанд нэг төрлийн саад болж байгаа юм.
Тэднийг эх оронд нь буцаахгүй бол ирэх сард төлөвлөгдсөн Солонгосын дайнаар хагацаж, салсан гэр бүлүүдийг уулзуулах арга хэмжээг зохион байгуулахгүй гэдгээ Хойд Солонгосын төрийн мэдлийн Родон Шинмун сонинд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Э.Сэмүүн, ikon.mn
URL: