БАЯН-ӨЛГИЙН ИРГЭД ТУСЛАМЖААР АВСАН ГЭРҮҮДЭЭ ЗАРСАН ГЭВ ҮҮ

35861

-ӨЛГИЙ СУМАНД ҮЕРИЙН УЛМААС 530 ӨРХИЙН 2512 ИРГЭН ӨРТСӨН НЬ 2016 ОНЫ ҮЕРИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭНЭЭС ТАВ ДАХИН ИХ БАЙЖЭЭ-

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд буусан уулын үерт 530 өрхийн 2512 иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг өртсөн.

Тус нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, зэвсэгт хүчин болон хилийн цэргийн ангиуд, Цагдаагийн газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Өлгий сумын Засаг даргын тамгын газар зэрэг 18 байгууллагын 551 хүн, 24 нэгж техник гамшгийн голомтод ажилласан байна. Мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газраас 30 алба хаагч, дөрвөн нэгж техник нэмэлтээр очиж туслалцаа үзүүлжээ.

Үерийн гамшгийн голомтоос нийтдээ 449 иргэнийг аюулгүй газарт аваачиж, 163 иргэнийг түр хоргодох байранд байрлуулсан бөгөөд 43 айлыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өлгий хотод ажилласан.

Тус ажлын хэсгийн ахлагчийн тайлбарласнаар, энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерээс тав дахин их гарчээ. Улмаар зайлшгүй шаардагдаж буй аврах, эрэн хайх, үерт автагдсан газрыг халдваргүйжүүлэх, орон гэргүй болсон иргэд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн хоол хүнс, тээвэр шатахууны зардал зэрэг хөрөнгө мөнгөний асуудлыг улсын Онцгой комисс Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлсэн юм.

ulgii

-ҮЕРТ ӨРТСӨН ИРГЭДЭД 80 ГЭР БЭЛЭГЛЭВ-

Улсын Онцгой комисс энэ сарын 19-ний өдөр хуралдаж, Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80 ширхэг, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн юм.

Тусламжийн цуваа долдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт хүрч, үерийн гамшигт өртсөн 80 иргэнд таван ханатай гэр өгчээ. Түүнчлэн шуурхай албаны автомашин /фургон/, дугуйт ачигч /ковш/-ийг Онцгой байдлын газарт, цэвэр усны автомашиныг Өлгий сумын ЗДТГ-ын Хот тохижуулах албанд, бохир усны автомашиныг Нийтийн аж ахуй үйлчилгээний “Суат” ХХК-д  тус тус хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ үеэр “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагуудын олгосон тусламжийн барааг үерт нэрвэгдсэн иргэдэд олгосон. Хүмүүнлэгийн тусламжийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар  хүлээлгэн өгсөн юм.

ulgii

-КАЗАК ИРГЭД ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД АВСАН МОНГОЛ ГЭРЭЭ ЗАРДАГ УУ-

Үерийн гамшигт өртсөн 530 айлаас 80 гаруй нь монгол айл байдаг аж. Орон гэргүй болсон айлуудад тусламжийн гараа сунгасан хандив, аяны хүрээнд нийт 103 гаруй гэр цугласан байдаг. Эдгээр нь мэдээж цоо шинэ шалтай, халх таван ханатай гэрүүд юм. Үүнээс 40 гаруйг нь монгол иргэдэд үлдсэн 60 гаруй гэрийг казак иргэдэд олгосон байна.

Гэвч иргэд тусламжаар авсан гэрээ зах дээр аваачиж зарж байна гэх мэдээлэл гараад байна. Толгой хоргодох орон байр зайлшгүй хэрэгтэй байсан бол, эсвэл шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүд гамшгийн тусламжийг зөв эзэнд нь шударгаар хүргэсэн бол ийм асуудал гарах байсан уу гэдэг анхаарал татах асуудал юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, казак иргэд тусламжаар авсан гэрүүдээ зарж эхэлсэн байна. Тухайлбал, шалгүй гэрийг 500 мянган төгрөгөөр зарсан тохиолдлууд эхнээсээ гарчээ. Энэхүү мэдээллийн дагуу “Гэр зарна” гэх зарын дагуу холбогдоход гэр аль хэдийнэ зарагдсан болохыг хэлж байсан юм.

Холбогдох албаны хүмүүс гэр зарсан гэх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж эхэлсэн байна. Хэрэв гэрээ зарсан нь тогтоогдвол хурааж авах, хариуцлага тооцох арга хэмжээ авах аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

ulgii

-ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕГИЙН ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЖ ӨГСӨН  ГУРВАН ГЭРИЙГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ҮЛ ТООВ-

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле “Гэрэлт есөн од” компанитай хамтран үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын иргэдэд гэр хандивлажээ. Тодруулбал, гуравдугаар багийн иргэн З.Рауат, 12 дугаар багийн иргэн Х.Батхүү, 13 дугаар багийн иргэн Е.Амангүл нарт бүрэн тоногтой гэр хандивласан байна.

Уг гэрийг аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан, ОБГ-ын дарга С.Пүрэвсамдан, “Гэрэлт есөн од” компанийн захирал Д.Отгонбаяр нар гардуулжээ. Дээрх гурван иргэний хоёр нь өрх толгойлсон эх бөгөөд гэр олгосон иргэдийг тус аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгээс гаргасан судалгааг үндэслэн сонгож авсан байна. Түүнчлэн 180 ширхэг гутал, 200 ширхэг куртка зэрэг нийтдээ 30 орчим сая төгрөгийн хувцсыг үерт автсан иргэдэд тусламж болгон өгчээ.

Гэвч тусламжийн гараа сунгасан дэд сайд Ж.Сауле цахим ертөнцөөр нэгэнт гомдлоо илэрхийлсэн юм. Учир нь түүний хандивласан гэр, хувцсыг тус аймгийн Засаг дарга А.Гылымхан өөрийн биеэр хүлээж аваагүй аж.

Энэ тухайгаа тэрээр “Баян-Өлгий аймгийн Засаг дарга ямар хүний хандивыг өөрөө гардаж авдаг вэ? Зөвхөн бэлэн мөнгийг л авдаг юм уу? Ядарсан орон гэргүй болсон хүмүүст өгөхөөр 1700 км-ын цаанаас авч ирсэн миний өчүүхэн хандивыг яагаад голов? Гэхдээ ард түмэн агуу юм аа, иргэд маань баярлаж байвал бүдүүн дарга нар яах вэ. 30 гаруй сая төгрөгийн хандив маань хүрэх эзэнд нь очвол боллоо доо. Жич, үүнд улс төр, 2020 он огт хамаагүй шүү. Энэ бол бидний сэтгэлийн дэм” хэмээн бичжээ.

Ямартаа ч дэд сайдын бичсэнээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга орон гэрийн тусламжийг төдийлөн ойшоосонгүй бололтой. Уг нь орох орон, оочих аягагүй болсон ард иргэдэд нь “гэр” хамгийн том тусламж баймаар. Нэг өрхийг ч гэсэн толгой хоргодох гэр оронтой болгох үүднээс алгаа тосоод авах л ёстой байсан юм.

ulgiiulgii

-2016 ОНД ӨЛГИЙ СУМАНД БУУСАН ҮЕРИЙН УЛМААС 640 ГАРУЙ ИРГЭН ОРОН ГЭРГҮЙ БОЛЖ БАЙВ-

Баян-Өлгий аймгийн хувьд энэ удаагийн үер анхных биш юм. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр орсон борооны улмаас Өлгий сумын 6, 9 дүгээр багт 160 гаруй өрхийн 640 иргэн үерт нэрвэгдэж, бага насны хүүхэд амиа алдсан хэрэг гарч байв. Тодруулбал, Өлгий сумын 9-р багийн иргэн Д-ийн гурван настай хүүхэд устай нүхэнд унаж, амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн 360 гаруй айлын 1480 иргэн хохирол амссан юм.

Байгалийн гамшгийн үеэр 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдан, 110 орон байр, эд хөрөнгө усанд автаж, голын усанд нэг хүн боогдсон, хоёр байрны дээврээс ус нэвтэрсэн. Энэ үеэр Онцгой байдлын газрын албан хаагчид байшинд дарагдсан гурван хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн, усанд боогдсон 154 хүнийг аварсан. Улмаар үерт нэрвэгдсэн 160 айлд газар олгож, улсаас олгосон 100 гаруй таван ханат эсгий гэрийг байр сууцгүй болсон хүмүүст хуваарилж, 60 гаруй байшин барьж өгсөн байдаг.

ulgii

-2016 ОНЫ ҮЕРИЙН ҮЕЭР ТУСЛАМЖААР АВСАН ГЭРТЭЭ ХЭД НЬ АМЬДАРЧ, ХЭД НЬ АШИГ ХОНЖОО БОЛГОВ-

Дээрх тоо баримтаар бол 100 гаруй казак, монгол айл өрхүүд гэрт амьдрах ёстой байсан. Гэвч тусламжаар авсан таван ханатай монгол гэрт нэг ч казак иргэн орж амьдарсангүй. Учир нь “Бид Монгол гэрт амьдрахгүй” хэмээцгээж, тусламжийн гэрүүдийг Ховд, Баян-Өлгий аймгийн захуудад зарсан байдаг.

Энэ мэдээллийг Баян-Өлгий аймгийн хамгийн захын айлаас асуусан ч хариулаад өгөх юм. Өөрөөр хэлбэл, 2016 оны үерийн үеэр тусламжаар авсан таван ханатай жижгэвтэр гэрт нэг ч казак өрх амьдраагүйг хэлэх хэрэгтэй. Учир нь тэд үндэсний уламжлалаараа дор хаяж хоёроос доошгүй өрөөтэй блок болон модон байшинд амьдарч хэвшсэн.

Ядахдаа л үндэснийх нь онцлогтой эсгий гэр нь хэмжээгээрээ Монголын найман ханатай гэрээс хавьгүй том байдаг. Эсгий гэрт өвөлждөг айл гэж сүүлийн 20-30 жил байсангүй. Өөрөөр хэлбэл, тэд тусламжийн хүрээнд ирсэн гэрийг булаацалдан авсан ч жижигхэн монгол гэрт амьдрах биш, зарах сонирхол илүүтэй байсан нь нууц биш.

Тухайн үед үерийн гамшиг олон хоног үргэлжлээгүй боловч хохирсон өрх иргэний тоо нэмэгдэн бүртгэгдсэн. “Дайны хажуугаар дажин” гэдэг шиг тусламж хүртчихээд ашиг хонжоо болгож зарж борлуулж байсан нь давтагдах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий. Тиймээс ч тусламжийн гэр, барааг жинхэнэ эзэнд нь олгохын тулд ОБГ-аас тогтоосон хохирлын хэмжээ, нэр эзэдийг тодорхой зарлах, нөгөө талаар аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэнд ямар тусламж үзүүлсэнээ нэр хаяг авсан тусламжаар нь тодорхой зарлах ёстой юм.

Иймэрхүү нээлттэй шилэн мэдээлэл байхгүй бол дэд сайд Ж.Сауле, А.Гылымхан дарга нарын хооронд үүссэн бараа, бэлэн мөнгийг авч өгөлцөх асуудалд хүртэл ашиг сонирхол, үнэлэмжийн эргэлзээ үүсгэж байна.

Эрх мэдэлтнүүд энэ мэтээр бараа бус мөнгө авах, хандив цуглуулах нэрээр хувь хүн, төрийн бус байгууллагууд дураараа данс нээж уриалга гаргаж байгаа нь өөрөө гамшигийн нэрийг барьж ашиг хонжоо хайж буй үйлдлүүд өдөр ирэх тутам нэмэгдэх хандлагатай байгаа нь цахим ертөнцөөс ажиглагдаж байна. Энэ бүгдэд төр, хууль хяналтын байгууллага тооцоо судалгаа хийж цаг ямагт нээллтэй, шуурхай мэдээлэл өгч ажиллах нь юу юунаас чухал байна.

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN П.УРНАА


URL:

Нэр: Иргэн Огноо: 31 July 2018

Дараа жил дахин үер болвол бүүр 10 дахин хохирол учрахуу. тийм болхоор өнөөдрөөс далан шуудуугаа сайн хийх хэрэгтээ. үерийн усыг яаж зайлуулах аргаа судал

Сэтгэгдэл бичих