С.Баярт эхлээд хор өгөөд дараа нь хоолоор шахсан болж таарч байна уу?
АТГ-ын даргыг солино гэсэн улс төр хүчтэй байна. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах албан бичиг хүргүүлчихлээ.
Төрийн тэргүүн албан бичигтээ хэзээнээс ярьсаар ирсэн жаран тэрбумын асуудлыг нь анхаарахгүй байна гэж АТГ-ын даргыг буруутгаж, ээлжит бус чуулганыг цаг алдалгүй хуралдуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж. Товчхондоо АТГ-ын даргыг огцруулахыг хүссэн албан бичиг УИХ-д очоод хэд хоночихлоо. Наад өнгөндөө “26 гишүүн ийм агуулгатай бичиг ирүүлсэн учраас” гэсэн тайлбар зүүсэн ч цаад утга нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь байр суурь гэдэг нь М.Энхболдод хаягласан албан бичгээс төвөггүй уншигдаж байна. АТГ-ын даргыг огцруулах тухай улс төр бүтэн нэг жил явсан хуучин сэдэв. Жилийн хугацаанд өрнөсөн улс төр өдгөө Ерөнхийлөгчийг УИХ-д албан бичиг хүргүүлэх шалтгаан болсон хэрэг. УИХ ч удахгүй ээлжит бус чуулган зарлах шинжтэй байна.
АТГ-ын даргыг солихын төлөөх улс төрийн бүлэглэлд багтаж буй Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаа шиг 26 гишүүн АТГ-ын даргыг огцруулах гээд байгаа юм биш л дээ, уг нь. Хаврын чуулганы үеэр энэ асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн санааг анх 19 гишүүн гаргаж байсан юм. 76 гишүүний дөрөвний нэг нь санал гаргаж байж нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдэх учиртай. Хууль зүйн байнгын хороо ийм шалтгаанаар нийтийн сонсгол хийх боломжгүй гэж үзсэн юм. Дараахан нь наадмын өмнөх өдөр 19 гишүүн дээр зургаан гишүүн нэмэгдсэнийг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Сүүлд Я.Санжмятав гишүүн нэмэгдсэнээр нээлттэй сонсгол биш ээлжит бус чуулган хуралдуулах саналыг УИХ-д хүргүүлэх боломж бүрдсэн юм. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулган зарлах хууль эрх зүйн орчин нээгддэг. Эндээс гарын үсэг зурсан гэх 26 гишүүний лав л 19 нь зүгээр л нээлттэй сонсгол хийе гэж дуугарсан болж таарч байна. АТГ-ын асуудал, жаран тэрбум зэрэг анхаарал татсан мэдээлэл дээр нээлттэй сонсгол хийх, АТГ-ын даргыг огцруулах хоёр тэс ондоо асуудал. Гэхдээ л хууль эрх зүйн орчин бүрдсэн учраас ээлжит бус чуулган болох нь тодорхой.
Энэ үйл явдлыг өнгөц харсан хэнд ч дажгүй зураг харагдана. Шударга ёсны төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө хийж байгаа мундаг эх оронч ажил юм шиг харагдаж байгааг үгүйсгэхгүй. Яг учир утгыг нь ухаад хардаг хэсэгт бол хэнд ч хэрэггүй хийсвэр зүйл. Улстөрчид төдийгөөс өдий хүртэлх 30 жилийн турш шударга ёсыг тогтооё гэж сүрхий царай гаргаж, тод цоглог дуугарцгаасан. Дуугарч, тэмцсэнээр нь бол иргэдийн амьдрал хангалуун чинээлэг болчихоор байлаа. Харамсалтай нь өнөөдөр ядуурлын түвшин 30 хувь дөхөж яваа. Үндэсний статистикийн хороо УИХ-ын харьяанаас Засгийн газар руу шилжсэн учраас засаг дуртай тоогоо “зохиолгох” болсон гэх яриа учир мэдэх улсын дунд өрнөөд эхэлчихсэн. Тэгэхээр ядуурлын хувь 30-аар ч тогтохгүй цойлж явааг үгүйсгэх аргагүй. Ард түмний амьдрал хэцүү байхад шударга ёс ярих хэрэггүй гэсэн юм биш л дээ. Шударга ёс бол ярих учиртай зүйл, хөндөх шаардлагатай сэдэв. Гэхдээ улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан шударга ёс уу, эгэл жирийн иргэд, татвар төлөгчдийн төлөөх шударга ёс уу гэдгийг эргэж харах учиртай. Шуудхан хэлэхэд улстөрчдийн дунд сүүлийн 30 жилийн турш эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх шударга ёсны тэмцэл л гаарч байна. Үр дүнд нь бидний авдаг цалингийн үнэ цэн долларын ханш дагаж өдрөөс өдөрт буурч байгаа нь гашуун гэлээ ч бодитой үнэн.
Өнөөдөр иргэдийн эрх ашгийн төлөө ярих шударга ёс гэвэл ганцхан сэдэв бий. Таван толгой мэтийн өндөр өгөөжтэй том төслүүдээ хөдөлгөх л жирийн иргэдийн төлөөх шударга ёсны жинхэнэ тэмцэл гэж харагдана. Таван толгойгоос бусад нь иргэдэд падлийгүй шударга ёс гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Бусад шударга ёс нь нэг бүлэглэл нь нөгөөгийнхөө хүчийг тарамдуулах арга төдий л хэврэг зүйл.
С.Баярт АТГ-ын ажилтан хоол зөөж буй бичлэг цахимаар тарсан нь мэдээж тохиолдлын хэрэг биш. Бүлэглэл хоорондын тэмцэлдээний зөвхөн нэг хэсгийнх нь жижигхээн төлөвлөгөө. Зохион байгуулалттай арга хэмжээ гэхэд дэгсдүүлэг болохгүй. Улс төр, эдийн засгийн аль нэг бүлэглэлд бичлэг худалдах явдал газар авсныг нийт олноороо мэдэж байгаа. М.Энхболдыг халз ярилцлагад орохын өмнө хөшигний цаана өрнөсөн яриа хөөрөө олонд цацагдснаас хойш бүр утгаа алдсан. АТГ бол төрийн байгууллага. Энэ байгууллагатай хамаатай дотоод асуудал төрийн нууцад зүй ёсоор хамаарна. Төрийн нууцыг үл тоосон энэ мэт үйлдэл газар авах нь лав сайны дохио биш.
Төр засгийн тулхтай байгууллагуудын өгч буй мэдээллээс анзаарахад С.Баярт эхлээд хор өгсөн гэж хэсэг шуугьсан. Сүүлдээ хоол өгсөн болоод хувирчхав. Сүүлийн өдрүүдэд ийм л улс төр өрнөж байна. Эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн энэ дайны хөлд үрэгдэх хүмүүс нь ард түмэн. Зөвхөн нэг бүлэглэлийн хийсэн том наймаанаас болж 2000 төгрөг хүрээ ч үгүй байсан долларын ханш 2700 хүрч галзуурсан жишээ өнгөрсөн түүхэнд бий. Улстөр, эдийн засгийн том бүлэглэлийн хөлд жирийн иргэд үрэгдсэн ийм жишээг жагсаавал олон хуудас түүх өгүүлэх хэрэг гарна. Долларын ханш өсөж, төгрөгийн ханш сулрахын хэрээр халаасан дахь хэдийн маань үнэ цэн буурсаар байдаг. Долларын ханш 1800 төгрөгтэй дүйж байхад 600 мянган төгрөгийн цалин авч байсан Батын цалин өнөөдөр хэмжээгээрээ буураагүй ч үнэ цэн нь навс уначихаад буй. Ногоон валют 1800 төгрөг байхад 600 мянган төгрөгийн цалин авч байсан Бат 333 ам.доллартай дүйхээр цалин авдаг байж. Харин доллар 2500 дөхсөн өнөөдрийн хувьд 240 долларын цалинтай амь зогоож байна. Цалин нь 93 ам.доллараар буурчихсан гэсэн үг. Батын цалин 232 мянган төгрөгөөр үнэгүйдээд байна. 232 мянга гэдэг бол том тоо.
Улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын зодооноос үүссэн энэ мэт өөрчлөлтөд хариуцлага тооцдог болмоор байна. Жишээ нь яг өдийд гэхэд л татвар төлж төрийг тэжээдэг энгийн иргэн Батаас эхлээд компанийн захирлууд, компанид ажиллаж цалин хөлс авч ажилладаг баялаг бүтээгчид УИХ-д албан бичиг, шаардлага хүргүүлмээр байгаа юм. “АТГ-ын дарга, жаран тэрбумын асуудал бидний амьдралд ямар ч хамаагүй. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн зодооноор төрийн ажил явж болохгүй. Таван толгойгоо хурдан хөдөлгөмөөр байна. Таван толгойн асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, намраас өмнө гол шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй” гэсэн бичгийг татвар төлөгчдийн холбоо ч юм уу, иргэдийн төлөөлөл болсон байгууллагаас явуулбал эрүүл, зөв улс төр болно. Ерөнхийлөгч шиг УИХ-д албан бичиг өгөх бүрэн эрх нь тэдэнд бий. Учир нь албан бичиг хүргүүлж байгаа Ерөнхийлөгч ба түүний нөхөд, албан бичгийг хүлээж авч ээлжит бус чуулган зарлана гэж буй УИХ-ын гишүүдийн авдаг цалин, эдэлдэг хангамжийг нь иргэд, компаниуд төлдөг. Хөгжилтэй оронд бол өөрсдийг нь тэжээдэг баялаг бүтээгчдээ төр нь хүндэлж сонсдог нийтлэг жишиг бий. Татвар төлөгчид нь ч төрөө оршин тогтнуулах мөнгийг халааснаасаа гаргадгаа мэдэрчихсэн учраас төрийн аль нэг буруутай үйлдлийг дуугүй өнгөрөөдөггүй. Саяхны жишээнүүдийн нэг гэхэд л Ерөнхийлөгчөө авлигад холбогдсонд дургүйцсэн солонгосчуудын жагсаал байна. Иргэд нь, татвар төлөгчид нь ийм хүчирхэг байвал буруу булхай хийж, авлига авах орон зай тэр хэрээр хумигдаж улстөрчид нь яаж ч чаддаггүй. Нэлээд дээхэн уурхайчид касктайгаа жагсаж байсныг тод санаж байна. Компаниудаас мөнгө авахын тулд байгалиа бодсон дүр эсгэдэг иргэний хөдөлгөөнийхнөөс, аль нь илүү авах вэ гэсэндээ шударга ёс ярьдаг том бүлэглэлүүдийн тэмцлээс огт өөр, эрүүл зөв жагсаал болсон. Одоо ч гэсэн уурхайчид ганц амьтай байгаа Оюу толгойгоор битгий улстөрж гээд жагсвал чулуу шидэх хүн гарахгүй. Юмны учрыг ухаж, цаанатай наанатай сэтгэдэг хэсгийн хувьд алгаа ташиж хүлээж авна.
Дахиад хэлэхэд иргэд, компани, баялаг бүтээгчдийн тэмцэл үгүйлэгдээд байна. Том мөнгө, том ашиг сонирхол, том зодоонтой том бүлэглэл хоорондын дажныг зогсоох хүч тэдэнд л бий. Тэгэхгүй бол энэ удаагийнх шиг жүжиг давтагдсаар, үр дүнд нь иргэдийн халаас нимгэрсээр байх болно. Яг өнөөдрийнх шиг эхлээд хор өгөөд дараа нь хоол өгдөг улс төрийн жонхуу зутан хэзээ ч дуусахгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
URL: