Улаан-Үдэд сураггүй алга болсон Монгол иргэн бүтэн сар алхаад эргэн иржээ
Бүтэн сар сураггүй алга болж, ОХУ-ын Цагдаагийн газраас орон даяар хайж байсан манай улсын иргэн бүрэн бүтэн олдсон байна. Тэрбээр Эрхүү хотоос Улаан-Үд рүү бүтэн сар явган алхжээ. Мөнххүү Төмөр-Эрдэнэ гэх 50 настай монгол эр зургаадугаар сарын 26-нд Улаан-Үд хотын Төмөр замын дүүрэгт амьдардаг танилындаа хамаатнуудын хамт иржээ. 29-ний өдрийн 16 цагт тэр дэлгүүр орохоор гараад сураггүй алга болсон юм.
Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан ч долоодугаар сарын 27-нд Мөнххүү Төмөр-Эрдэнэ танилынхаа гэрт өөрөө хүрч ирсэн байна. Цагдаагийн газарт тэрбээр “29-ний өдөр дэлгүүр орж, нэг шил архи худалдан авсан. Дэлгүүрээс гартал монголчуудтай тааралдсан.
Тэдэнтэй хамт архи ууж, нэг мэдсэн чинь вокзал дээр ирээд галт тэргэнд суусан байсан. Өглөө сэртэл галт тэрэгний үйлчлэгч билет шалгаад мөнгө, паспорт байхгүй байсан тул намайг буулгасан” гэж ярьсан байна. Буриадын Цагдаагийн газраас “Мөнххүү Төмөр-Эрдэнийг галт тэрэгнээс Эрхүүд буулгасан. Харин хамт архи уусан монголчууд нь тэр галт тэргээрээ явсан байна.
Мөнххүү орос хэл мэдэхгүй, Эрхүүгийн вокзалд хэд хоноод хүмүүсээс Улаан-Үд хот аль зүгт байдгийг заалгаад алхаж эхэлсэн байна” гэж мэдээлжээ. Мөнххүү Төмөр-Эрдэнэ тосгоноос тосгон орон, зүгээ алдалгүй алхаад л байж. Нутгийн иргэд түүнд сайн хандаж, хооллож, ундалж байсан гэнэ. Ингээд бүтэн сар алхсаны эцэст Улаан-Үдэд эргэн иржээ.
Эх сурвалж: ub.life
URL: