Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон цагдаагийн өдрийн тэмдэглэл
Хэргийг мөрдөн шалгах үедээ хууль зөрчсөн гэдгийг нотлох хэд хэдэн ноцтой мэдээллийг дэлгэн тавьсны хамгийн ноцтой нь хэргийн газар ашигласан бууны сумыг хэрэгт оролцсон цагдаа Х.Тэмүүжин гишүүнд авчирч өгсөн байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой нотлох баримтуудыг хэвлэлийнхэнд дэлгэлээ. УИХ-ын чуулганаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч нэр бүхий 24 гишүүний саналаар унасан. Унасан шалтгаан нь ард түмнийхээ өмнөөс буу гарган зургаан иргэнийг шархдуулж, дөрвөн хүний амь насыг хөнөөснийхөө төлөө төр ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж “шахалт үзүүлсэн” ч түүний үгийг хэн ч тоогоогүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Долдугаар сарын 1-ний хэргийг мөрдөх асуудалтай холбоотойгоор ТЕГ, АТГ, Цагдаагийн мөрдөх алба, Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх албадуудын чиг үүргийг яаж зохион байгуулах, хүч чадлыг нь яаж нэмэгдүүлэх, шаардлагатай техникээр хэрхэн хангах зэрэг олон асуудал хөндөх хэрэгтэй байна.
Гудамжинд гарч байгаа хэргийг илрүүлдэг ч цагдаагийн байгууллага дотроо гарсан хэргийг нуун дарагдуулдаг, бичлэгийг устгадаг явдал байна. Хэрэг гарсны дараа иргэдийг өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй. Нэг ч хуульч зориг гаргаагүй.
Өмгөөлөл хийх гэж оролдсоныг нь шийтгэсэн, ялахыг чинь харна гэж дарамталсан. Ийм илэрхий хэргийг хаацайлж буй нь үнэхээр гутамшигтай, гэхдээ үнэнд гүйцэгдэнэ. Сайн эцгийн нэр, сайн дүүгийн нэрээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, сайд Д.Зоригт нарыг хэр хол явахыг харъя. Эцсийн дүндээ сонгогчид эднийг хүний эрхийг хамгаалаарай гэж УИХ-д илгээснээс биш гэмт хэрэг хийгчдийг хаацаалаарай гэж сонгоогүй л байх” гэлээ.
Хэргийг мөрдөн шалгах үедээ хууль зөрчсөн гэдгийг нотлох хэд хэдэн ноцтой мэдээллийг дэлгэн тавьсны хамгийн ноцтой нь хэргийн газар ашигласан бууны сумыг хэрэгт оролцсон цагдаа Х.Тэмүүжин гишүүнд авчирч өгсөн байна. Мөн бууны сумыг нь хурааж аваад оронд нь сургалтын буу тараасныг ч гаргаж үзүүллээ. Түүнчлэн цагдаа нараас хэргийг заавал илрүүл гэсэн мессеж түүний гар утсанд ирсэн нь баримтыг улам баталгаажуулсан гэдгийг хэлж байлаа.
Тэрбээр “Үнэн хэзээд ялна. Харин эрх баригчид нь худал гэж үгүйсгэж ард түмнээ хууран одоо хүртэл ажлаа хийсээр байна. 20 жилийн дараа хэрэг хуучирсан хойно төр ард түмнээсээ уучлалт гуйж байна гэдэг үгийг хэлнэ. Энэ хэргийн цаана байгаа хүмүүсийг илчлэх гэрч олон байгаа ч тэднийг хамгаалах хууль байхгүй байна. Гэхдээ үнэн хэзээд ялна. Энэ бүхнийг дэлгэсэн болохоор би ч гэсэн айж байна” хэмээн мэдэгддээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн дэлгэсэн нууц материалуудыг хүргэж байна. Ингээд Х.Тэмүүжин гишүүний олонд ил гаргаж үзүүлсэн цагдаагийн өдрийн тэмдэглэлийг хүргэж байна. Тухайн үед үймээн самууны үеэр ажилласан цагдаагийн өдрийн тэмдэглэл гэж үүнийг тайлбарласан юм.
Цагдаагийн өдрийн тэмдэглэл
2008.07.02
-Дарга өрөөндөө нэг нэгээр нь оруулж халуун сав барьсан настай эрэгтэй хүн “Гадаад явдлын яамны урдаас хойд чигт, цэнхэр өнгийн суудлын автомашин, маш хурдтай гарч ирээд биднийг буудаад байна” гэж хэлсэн гэж хэлээрэй гэв. С.Даржаа дарга яг ингэж хэлээрэй гэсэн.
2008.07.03
А/а Мандах: Д/ х Мягмаржавтай хамт явахдаа би нэг залуугийн хөл рүү чиглүүлж буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, би оноогүй байх аа гэж ярьсан. Харин энэ байдлыг зэвсгийн мастер а/а Батдорж мэдэж байх юм гэж яаж мэддэг байна аа гэж ярьсан. Энэ бүхнийг надад ярьж байхад д/а Ариунболд, Ганбаатар бид хэд өдрийн хоолоо ангийн гуанзанд идэж байсан юм.
-Энэ өдөр ангийн үүдэнд хоёрдугаар тасгийн хэдэн цагдаа байсан. Цагдаа Жавхаа ярихдаа: Ангийн захирагч х/а Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд буудаж унагахыг харсан, сайн буудаг юм билээ гэж ярьсан.
-Х/а Батсүхийн сууж явсан эргүүлийн алаг машины гадна талын /баруун талын/ толин дээр жижиг бууны мөр гарч хагарсан байсан /Польш аяга цоорсон байсан/. Үүнийг а/х Хорлоорембучи хараад манай тасгийн бүх хүмүүсийн энэ толийг яагаад солихгүй байгаа юм бэ гэж байсан.
-А/а Батдорж гуай: Явж явж Батсүхийн хэлснээр худал хэлээд хэрэггүй. Сургуулийн сумаар гэж хэлээд хэрэггүй. Амарболд даргатай уулзахаар Батсүх явсан. Тийм учир бүгд үнэнийг ярь.
2008.07.04
-Д/а Ганбаатар 8 цаг 45 минутад бид хөдөллөө, буудсан сумуудаа түүгээд ав. Одоо сургуулийн сум гэж хэлэх болсон шүү гэж хэлэв.
-Анги дээр 13 цагт тасгийн дарга д/х Даржаа таван ширхэг буудсан сургуулийн хонгио өгч самуун гарсан газарт сэм хая гэж үүрэг өгөв. Бас мэдүүлэг өгөхдөө сургуулийн сумаар буудсан гэж хэл гэв. Тэр үед Нийслэлийн цагдаагийн д/х Ганбаатар “Сургуулийн сумаар буудсан гэж хэл прокурорт үг алдаж бусдыгаа чирч гай болов” гэв. Энэ өдөр зургадугаар тасгийн а/а Гансүх, а/а Мөнхбаяр, жолооч Сүхбат, д/а Ганбаатар а/а Батдорж нар жижиг буутай байсан. Гэвч битгий хэлээрэй гэж үг хэлээ нийлүүлэв /Хар машинтай хүмүүс өөдөөс буудсан гэж хэлээрэй гэв/.
-Ганбаа үлдсэн сумыг тоолж аваагүй шүү дээ гэхэд х/а Батсүх бүгдийг нь дээш нь шүршсэн гэж хэлэхгүй юу гэсэн гэв. /УБЗ 40-59 дугаарын хөх өнгийн машин толио сольсон байв/
-8 цаг 50 минутад а/х Хорлоорембучи утасдаж сургуулийн сум авсан гэдэг дээр яаралтай ирж гарын үсэг зур, тэгээд гэртээ харихгүй юу гэв. Би очиж зурах болов.
Би ерөөсөө буудаагүй учир зурах ёстой юм уу гэхэд бүгд 20 ширхэг сум авснаар зурж байгаа гэв.
2008.08.18
-23 дагт д/х Мягмаржав, х/а Батсүх нар “Та нар хоригдож байцаагдана. Өөрсөддөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй, бууг чинь янзалж өгнө” гэв.
2008.08.22
-д/х Мягмаржав бидний долоон цагдаагаар эргүүл хамгаалалтын газрын подвалын бие засах өрөөний суултуурыг авахуулж 3 м орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нэлээд зузаан труба авчирч суулгаад бууддаг ахиж долдугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болгон өөрчилсөн. Нүх ухсан цагдаа нар нь Ганболд, Батболд Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, Батсүх даргын хамаатан бас нэг цагдаа байсан. Цагдаа Мөнхтулга нөгөө нэг трубаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан.
2009.06.04
-Чи өлсгөлөн зарла гэхэд нь би дургүйцсэн. Тэгэхэд х/а Мягмаржав, Баярмагнай, а/х Мөнхбат уурлаж чи тийм бол зайл, чиний хэрэг байхгүй гэж байсан.
2009.06.09
Д/х Мягмаржав: Төмөрхуяг прокурорын мөрдөн байцаагчид сургуулийн биш сум тараасан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Өөр ямар ч цагдаа тийм мэдүүлэг өгөөгүй шүү гэж бидэнд анхааруулав.
2009.06.17
х/а Батсүх Цагдаагийн академийн… албаны даргаар ажиллаж байгаа. Буу барьсан цагдаа болох Ариунболд, Батдэрэн, Ууганбаяр нар Цагдаагийн академид сурч байна.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: