Цэрэг бол хүн биш, цэрэг байгаагүй бол бас хүн биш
УИХ-ын гишүүдийн толгойны өвчин болж байгаа Сонгуулийн тухай хууль тун өвөрмөц орц, жортойгоор батлагдах нь ээ. МАН, АН-ын бүлгүүд нэр дэвшигчийг хоёр тогтолцооны хооронд хэрхэн шилжүүлэх тал дээр багагүй маргалдаж, мэтгэлцсэний эцэст одоо л нэг зөвшилцөлд хүрч байна. Тэр ч яахав, яаж дэл сул хүнээ суудалтай болгочих вэ гэсэн аль алиных нь ашиг сонирхлын асуудал байсан. Сонирхолтой нь шинээр батлагдаж буй Сонгуулийн тухай хуулинд УИХ-ын гишүүн З.Энхболдын хэлснээр “Монголын түүхэнд анх удаа” УИХ-д нэр дэвшигч цэргийн алба хаасан байх ёстой” гэсэн заалтыг оруулжээ. Сонгуульд нэр дэвшигчид ямар нэг өргүй, ял эдэлж байгаагүй гэх зэрэг босго шалгууруудыг тавьж байгаа нь олон жил яригдсаар ирсэн асуудал юм. Харин энэ хуулийн 26.4.3-т цэргийн алба хаасан байх гэсэн шалгуурыг тэд чимээгүйхэн шургуулчихсан байна. Дараагийн сонгуульд эрх баригч намуудаас нэр дэвшихээр тохиролцсон байгаа хүмүүс нь бүгд цэргийн алба хаасан болоод энэ саналыг нэг ч гишүүн тоож үзсэнгүй юу. Анхаарч байгаа хүн ч алга. Сургуулийн номын мөр олон жил хөөсөн, өнөр өтгөн гэр бүлтэй гээд цэргийн албанд явах боломжгүй байсаар 27 нас хүрсэн хүнийг хэчнээн чадвартай байсан ч нэрийг нь автоматаар хасах бололтой. Дотоод, гадаадад олон жил сурсан хүнийг “Чи шал түүхийгээрээ байна, цэрэгт яваад ир” гээд хөөгөөд явуулах болох нь. Цэргийн алба хаасан хүн улс орныхоо төлөө сэтгэл, зүрхтэй, тэвчээр хатуужилтай болдогийг үгүйсгэхгүй. Яахав, чуулганы танхимд хэрэлдэж, маргалдахаараа нэн нэгнийгээ гайгүй сайн гөвшиж шоуддаг болох биз. Гэхдээ улс төрийн сонгогдох эрхэнд халдах шалтгаан болж чадахгүй баймаар. 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй дөч, тавьтай эрчүүд сонгуульд нэр дэвшмээр байна гээд зургаан сар цэрэгт явж, алхаа гишгээ сураад ирэхгүй нь лав. Үүний цаана бас л нэг бизнес цэцэглэн хөгжинө гэсэн хар тарж байна. Эмч нар, цэрэг татлагын комиссынхон энэ хууль батлагдвал хаданд гарах байлгүй. Харин Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй ажлын хэсгийнхэн эмэгтэйчүүдийг цэргийн алба хаагаагүй гээд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах уу, яах уу гэдгээ тодруулсангүй. Хүүхнүүдийг квоттой болгож байгаа юм чинь энэ шаардлагыг зөвхөн эрчүүдэд тавьсан гэж найдъя.
Б.Баяр
URL: