Вейсэл Акчай: Монгол ахан дүүстээ маш их баярлалаа

35796

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өчигдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан үйл явдал өрнөж, түүнийг авахаар Турк улсаас онгоц ирэв.

Харин Монгол Улс  энэ үйл явдалд яаралтай хариу арга хэмжээ авч, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг авч үлдлээ. Энэ нь Монгол тусгаар тогтносон бие даасан, ардчилсан улс гэдгийг харуулсан үйл явдал болов. Энэ тухай Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ” гэдгийг Туркийн талд албан ёсоор мэдэгдсэн юм.

Монголчуудын хүчээр үлдсэн Вейсел Акчай чөлөөтэй болсныхоо дараа бичлэг хийж, олон нийтийн сүлжээд байршуулсан байна. Тус бичлэгт “Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих