Дайнд амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилыг Хойд Солонгос АНУ-д хүлээлгэж өглөө
Өчигдөр буюу Баасан гарагийн өглөө Хойд Солонгосын тал Солонгосын дайнд амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилыг АНУ-ын талд хүлээлгэж өгчээ.
АНУ-ын албаныхан шарилуудыг Хойд Солонгосын зүүн эргийн боомт хот Вонсанд хүлээж авсан байна. C-17 Globemaster армийн ачааны онгоц шарилуудыг тээвэрлэн нэг цаг орчим ниссэний дараа Өмнөд Солонгосын Осан Агаарын цэргийн баазад газарджээ.
Энэ удаа 55 модон хайрцагтай шарилыг шилжүүлж өгсөн байна.
Удахгүй тэднийг эх нутагт нь хүргэх юм. Уг үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд талархаж байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар мөн энэхүү үйл явдлыг талуудын хооронд итгэлцэл бий болгох чухал алхам гэж сайшаасан байна.
Сөүлийн эрх баригчид бас Солонгосын дайнд амь үрэгдсэн өөрийн цэргүүдийн шарилыг Пёньянаас буцааж авахаар ярилцаж байгаа юм.
Өчигдөр бол Солонгосын дайны галыг зогсоох гэрээ байгуулсны 65 жилийн ойн өдөр байв.
Зургаадугаар сарын 12-нд АНУ-Хойд Солонгосын удирдагчид анх удаа Сингапурт уулзахдаа дайнд амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилыг шилжүүлж авах тохиролцоонд хүрч байжээ.
Америк цэргийн шарилыг шилжүүлэх ажиллагаа бүр 1990 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй шарилыг эх нутагт нь буцаагаад байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
https://ikon.mn/n/1cig
URL: