УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл: Эрдэнэтийн станц их том боломжоо алдахад гишүүдийн үл ойлголцол нөлөөлсөн

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийг урьж ярилцлаа.
-Хоёулаа яриагаа Эрдэнэт станцаас эхлэх үү?

-Уг нь төр хувийн хэвшлийг ойртуулъя л гэсэн санаа шүү дээ. Үндсэндээ төр хувийн хэвшлээр хийлгэх юмаа хийлгэж чадахгүй байгаа. Гэхдээ нэг үеэ бодоход одоо бололцоотой болж байна. Нийгмийн амьдрал, улс орны эдийн засаг өөрчлөгдөж байна. Нөгөөтэйгүүр улсын гэх тодотголтой үйлдвэрийн газрууд алдагдалтай ажиллаж байна шүү дээ. Тийм ч учраас улсын өмчит үйлдвэрүүдийн газруудыг үндэсний компаниудад хувьчлах ёстой гээд байгаа юм. Гэхдээ бүрмөсөн хувьчилчихаж байгаа юм биш. Концессийн гэрээгээр өгчихөөд 25-30 жилийн дараа үйл ажиллагаа нь жигдэрч, сайжирсны дараа улс буцаагаад авчихна гэсэн үг.

Тэр утгаар нь бодвол ялангуяа Эрдэнэтэд их харамсалтай зүйл болсон. Миний ойлгож байгаагаар Эрдэнэтээс гарсан хоёр гишүүн буюу Д.Одхүү, Д.Дамба-Очир хоёрын хооронд ямар нэгэн тодорхой хэмжээний хардалт байсан юм болов уу даа. Д.Одхүү гишүүний ярьж байгаагаар Дамба-Очир хувьчилж авч, баяжих гэж байгаа юм байна гэсэн байдлаар асуудалд хандаж, Эрдэнэтийн нийт ард иргэдийн амьжиргааны түвшинг бууруулчихаж байгаа юм. Өнөөдөр Эрдэнэтчүүд нэг квт-ыг 110 төгрөгөөр авч байгаа гэж ярьж байгаа ч дөрвөн жилийн өмнөх тооцоо шүү дээ, энэ чинь. Дөрвөн жилийнхтэй харьцуулбал, нүүрсний үнэ нэмэгдчихсэн. Нарийндаа 125 төгрөг болчихсон л явж байгаа. Нөгөөтэйгүүр би мэргэжлийн хүн. Арван хэдэн жил энэ цахилгаан станцуудыг засахад оролцож явсан. Эрдэнэтийн станцын тухайд хоёр турбин нь зуны цагт зүгээр л зогсож байдаг.

Өвөл болохоор дулаанаа хангах гэж л ажилладаг юм. Тэгэхээр бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, сул зогсдог станцыг байлгаад байх хэрэг байна уу гэх асуудал босч ирнээ дээ. Эрдэнэт байгуулагдаад 30 жил болж байна. Тэгэхээр Эрдэнэтийн станцыг шинэчлээд өөр, үргэлж 24 цагийн турш ажилладаг, ачаалал дадаг болгоход дургүйцэх ямар шалтгаан байгаа юм бэ. Эрдэнэт станц цахилгаанаа ОХУ-аас авдаг. Уг нь шинэчилж чадвал хүчин чадал нь мэдэгдэхүйц нэмэгдэх байсан юм. Харамсалтай нь ганц хоёр гишүүн хоорондо тохирдоггүй, эсвэл бие биенээ харддаг юм уу хаашаа юм бэ, мэдэхгүй. Сайхан боломжийг хаалаа. Хоёр улсын Засгийн газар ч энэ асуудлаа яаж хүлэээж авсан юм бэ, тэр олон сайд нар нь хүртэл анзаараагүй буцаах нь зүйтэй гэсэн. Тэгээд яахав дээ, байнгын хороон дээр мэргэжлийн хүмүүс нь л харамсаж буруутгаад өнгөрсөн дөө. Ийм л юм болсон.
-Бусад хувьчлагдсан станцуудтай зүйрлэж яриад байх шиг байна л даа. Элдэв эрсдэл гарвал яах вэ гэж болгоомжлох нь бас ч гэж буруу биш байх аа?
-Юу гэсэн үг юм бэ. Бусад станц гэж… Монголд ганц ч цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэдэг станц хувьчлагдаагүй шүү дээ. Зөвхөн өвлийн цагт аймгийг халаадаг бага оврын дулааны станцыг хувьчилсан тохиолдол бий байх. Хувьчилснаас болж хүндэрсэн зүйл бийг үгүйсгэхгүй. Зөв менежментэй газар хувьчлаагүйгээс болсон хэрэг. Гэхдээ Баян-Өлгий, Увсад хувьчлагдсан станцуудын үйл ажиллагаа сайн л байна. Хэрвээ хувьчлахдаа мэргэжлийн улсуудын оролцоо, тэндхийн ажилчдын оролцоог оролцуулбал ямар нэг асуудал гарахгүй. Харин ч төрийн ачаа хөнгөрөөд явчихна. Эрдэнэтэд гэхэд л Эрдэнэтийн хурц уурын шугам гэж маш аюултай нарийн технологи байдаг юм. Тэнд 250 атмосферийн 575 груадустай халуун ус гүйж явдаг. Манай Монгол Улсад 1971 хэдэн онд гуравдугаар цахилгаан станцад хурц уурын шугам дэлбэрч олон сайд дарга нар ажлаасаа хусуулж байсан түүх бий. Дэлхийн дахинд ч аюул болсон тохиол олон. Гэтэл өнөөдөр Эрдэнэт станцын яг тэр хурц уурын шугамны ажиллах хугацаа нь хэтэрчихсэн. Бүр бүтэн жил гаран илүү ажиллачихаад одоо ч ажиллаж байна. Тиймдээ ч би Эрдэнэт станцынханд албан ёсоор үүрэг өгсөн.


-Юу гэж, яг ямар үүрэг өгснөө тодруулахгүй юу?

-Та нар наад станцаа зогсоо. Станц дэлбэрэх юм бол хот хөлдөхийн хажуугаар асар том аваар болно гэж… Гэтэл одоо яаж байна. Эрдэнэт станцынхан эрсдэлийг үл тооцон зориг зүрхтэй ажиллаж байна. Тэрэнд нь гурван тэрбум төгрөг оруулж байх жишээтэй. Гэтэл манайхан энд тэнд өнчин ишиг шиг байж л байдаг дулааны станцтай зүйрлэж яриад байх юм. Цахилгаан, дулаан хоёрыг хослон үйлдвэрлэдэг том станцыг аймгийн төвд байдаг станцтай зүйрлэж болохгүй. Нөгөөтэйгүүр Эрдэнэтийн станц дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэхийн хажуугаар технологийн уур гаргах үйлдвэр байхгүй юу. Хэрвээ технологийн уур гаргаад эхэлбэл хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг нэмж барих бололцоотой болно. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Харамсалтай нь тийм том боломжоо Эрдэнэтийнхэн алдчихсан.



-Хэл ам дагуулж, шүүмжлэлийн бай болсон ч төсөв батлагдсан. Харин хаа очиж барилга, замын салбарт овоо хөрөнгө тавигдах шиг болно лээ. Гэвч урд хойд хөршид зориулсан юм шиг зам барьснаас Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон зам тавьсан нь дээр байсан юм гэж ярьж байна. Та дэд бүтцийн салбарыг мэднэ, нэгэн үе салбарын сайдаар ажиллаж байсны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зам тавих асуудал гэдэг хөгжлийн гол гарцын нэг. Анх Мянганы замыг тавих гэж байхад ард түмэн юу гэж ярьдаг байлаа даа. Гэтэл өнөөдөр Мянганы замын ачаар ард иргэд маань ямар хурдан шуурхай, машин унаагаар Улаанбаатар хотод ирж байна. Хүн болгон зам чухал гэдгийг ойлгодог боллоо. Намайг сайд байх үед шууд гэрээ байгуулснаар олон үндэсний компаниудыг өөрийн гэсэн үндсэн хөрөнгөтэй болгосон. Тодруулбал, шууд гэрээний буянаар хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг халж, шинэ, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсанаар үндэсний дөрөв таван том компани бий болсон. Эдгээр компаниуд жил бүр сайн чанартай зам барьж байна. Мөн бид замын мэргэжлийн боловсон хүчин бэлдэх тал дээр нэлээд анхаарч байсан юм.

Тэр ч утгаараа өдгөө майнхан замын салбарт техник мэргэжилтний хувьд боломжийн болчихоод байгаа гэж би хувьдаа бодддог. Дашрамд дулгахад, босоо, хэвтээ буюу дунд тэнхлэгийн замыг барих асуудлыг 2001 нэг онд УИХ-аар баталсан. Тэр дагуу замын ажил нэлээд эрч хүчтэй явж байгаа. Би сайд байхдаа 2016 он хүртэл бүх аймгудыг холбосон хатуу хучилттай замтай байя гэсэн мастер төлөвлөгөөг гаргасан. Мастер төлөвлөгөөний хүрээнд хурдацтай ажиллах ёстой. Концессийн гэрээгээр ажиллах зарчимтай юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хувийнхэвшлийн хөрөнгөөр замаа бариулчихаад мөнгийг нь улс буцааж өгдөг зарчим. Гэвч ажил тэр болгон санаан зоргоор явахгүй юм. Ажил хийсэн компаниудын хөрөнгө мөнгө зардлыг тохирсон хугацаандаа өгөхгүй чирэгдүүлдгээс болж, бензин шатахууны үнэ нэмэгдэх, тохирсон гэрээ нь алдагдалтай болох гээд зовлон үүсч байгаа тухай замын мэргэжилтнүүд хэлдэг нь нууц биш. Нөгөөтэйгүүр төсөв сайн батлагдсаны хэрээр ийм их хэмжээний зам барьж чадахгүй л болов уу. Манайх чинь үндэсний хэдхэн л компанитай шүү дээ. Тэгэхээр төсөвт хөрөнгийг нь суулгасан учраас зам барих ёстой гээд эрээвэр хураавар гадны хөрөнгө оруулалттай компаниуд олноороо орж ирнэ.

Тиймээс энэ ажил дээр нэлээд хатуу хяналт тавьж, хатуу зохион байгуулалттай ажиллахгүй бол болохгүй. Улсын баахан хөрөнгийг барж, эсвэл төлөвлөсөн ёсоор тухайн жилдээ хийж амжихгүй жил дамнан сунжруулж үлдэх магадлалтай гэж бодоод байгаа. Ялангуяа хотын замд нэлээд их хөрөнгө тавьсан. Хотын тухайд жижиг зам учраас болох байх. Гэхдээ хотын зам арай их ажиллагаатай байдаг юм шүү дээ. Дор хаяж л ус зайлуулах төхөөрөмж, гүүрэн гарц, хараагүйчүүдийн гарц гээд шаардагдах нөхцөл ихтэй. Бидний тавьсан энэ хөрөнгийг үнэхээр Монгол Улсын хувьд бүтээлч голдуу зам байгаасай гэж итгэж найдахаас өөр арга алга. Хэрвээ хөрөнгө дутлаа гэвэл ахиад мөнгө гаргана. Энэ тавигдсан хөрөнгүүд ажил ч биш, юу ч биш болохгүй байх учиртай. Ирэх он гэхэд тавьсан зам ч үгүй, тодорхой тавьсан зорьсон зорилтондоо ч хүрэхгүй байж болохгүй биз дээ. Тэр утгаараа төсвийн хойноос улайран хөөцөлдөөд байх шаардлагагүй гэх гээд байна л даа. Боломж бодит байдлаа харгалзан үзэх ёстой.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарчихсан ажиллаж буй. Хувь хүний хувьд эцэг хуулиндаа гар хүрэх шаардлага бий гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хувь хүнийхээ хувьд… хуучин эцэг хууль чанартай сайн хууль. Гэхдээ нийгэм өөрчлөгдөж, хөгжиж байна. Хөгжлийн хэрээр тус хуульд байгаа зарим зүйл, залтыг засч залруулах шаардлага гарч буйг үгүйсгэхгүй. Баг, сум, аймгийн Засаг дарга нарыг томилох асуудал… Ер нь л төрийн албыг хүчгүйдүүлсэн, төрийн нэр хүндийг унагасан юм их гарч байна. Хэнд ч хамаагүй мэт. Төртэй, төрөө шүтэж, сүүгээ өргөдөг ард түмэн шүү дээ, монголчууд. Тэр хэрээр ажил үйлс нь дандаа өөдрөг байдаг гэдэгт итгэдэг. Юуг нь нуухав, өнөөдөр улс төрийн доод дээд гэлтгүй анхан шатнаасаа л жаахан асуудалтай байна. Энэ бүхнийг засахын тулд яалт ч үгүй Үндсэн хуульд гар хүрэх шаардлага бий. Нөгөө талаар нутаг орны тархай бутархай байдлыг цэгцлэх хэрэгтэй. Замбраагүйтэл их болж. Хатуухан хэлчихэд монголчуудыг бутаргаад, дөрвөн ханан дунд хашаад байх сонирхол оросуудад байсан. Дөрвөн хан, дөчин есөн хошуутай авсаархан бүтцийг маань 18 аймаг, 300-гаад сум болгочихсон.

Сүүлдээ 21 аймаг 360-аад сумтай болгоод хаячихсан. Аль ч өнцгөөс нь харсан жалга довны үзлийг дэвэргэж, эв нэгдлийг бутаргах гэсэн санаархал шиг санагддаг. Ингэж олон хувааснаа нийгмийн үйлчилгээг нийт ард иргэддээ жигд хүргэх гарц гээд байдаг. Хүрэх ёстой юмыг заавал засаг захиргаа, төрийн мундаг аппаратуудыг өндөр үнээр цалинжуулан тавих ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь унаа малыг нь сайжруулж, тойргоор 400 км-ийг тойроод нэг сум байгуулчихаад тойрогтоо хүрч ажиллан үйлчилгээ үзүүлэх хэмжээнд зохион байгуулж чадвал төрийн зардал ч багасна. Бас үйлчлэх үйлчилгээг чанаржуулуулснаар хяналт тавихад хялбар болно л гэж боддог. Миний бодлоор иймэрхүү асуудлуудаа жаахан цэгцэлчих хэрэгтэй санагддаг юм.
-Та түрүүн цахилгаан станцын талаар ярьсан. Ингэхэд хэрэглэгч нь бэлэн атлаа байнгын алдагдалтай ажилладаг цахилгаан станцуудыг бүгдийг нь хувьчихвал яадаг юм бэ?

-Бүх станцуудыг хувьчлах нь ч юу юм бэ. Ер нь станцуудыг өндөр, нам, дунд даралтын гэж хуваадаг юм. Манайд дунд даралтын станц олон байдаг. Ганцхан ТЭЦ-4 л өндөр даралтын станц. Улсын төсвөөс дунд даралтын станцууд дээр жилд таваас 15 тэрбум төгрөг “хаядаг”. Энийг өөрчилчих боломж хангалттай бий. Дөрөвдүгээр станц шиг том станцыг стратегийнх гээд байлгаж байж болно. Ер нь дэлхийн улс орнуудад улсын станц гэж бараг байхаа больчихсон шүү дээ. Станц бол суурь салбар. Олон талаас нь барьж, анхаарч байхгүй бол болдоггүй үйл ажиллагаа нь доголдчих гээд байдаг онцлогтой. Мэргэжлийн ажилчид, мэргэжлийн байгууллагад нь хувьчилж тодорхой хэмжээний төрийн алтан хувьцаа гаргаад өгчихвөл маш хурдан хөл дээрээ босох боломжтой. Дархан ТЭЦ гэхэд л Эрдэнэтийн ТЭЦ-аас хүчин чадлын хувьд нэг дахин их боловч бас л бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй.

2000 оны үед хөөцөлдөж байж банкнаас мөнгө авч 15,16 тэрбeм төгрөгөөр ганцхан турмен авч тавихад хүчин чадал нь 30 мгв-аар өсчихөж байгаа юм. Дархан ТЭЦ чинь 48-хан мгваттын хүчтэй. Ганцхан турмен тавихад л 78 мгватт болж байгаа юм. Эрдэнэт бол 24 мгваттын хүчин чадалтай. Яахав 12-ыг нэмэхээр 36 мгватт гэсэн үг л дээ. Гэхдээ тэр 24 нь зуны цагт бараг ажилладаггүй. Зөвхөн 12 мгватт нь л ажилладаг. Хэрвээ Эрдэнэт тусгай суурь салбарын хувьд Концессийн гэрээгээр 76 дугаар тогтоолын дагуу ажилласан бол маш хурдан хувийн хөрөнгө оруулалтаар, төрийн оролцоогүйгээр томрох байсан юм. Асар их цахилгааныг эрчим хүчний зохицуулах газар нийлүүлээд ашигтай аижллах боломжоо алдчихсан гээд байгаа чинь ийм учиртай.


-Цахилгаан станц гэснээс сүүлийн атомын цахилгаан станц барих тухай яригдах болсон. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ний нуугүй хэлэхэд Эгийн голын усан цахилгаан станцыг барихыг болиулсанд их харамсаж явдаг. Одоо Эгийн голын наахан Сэлэнгэ дээр усан цахилгаан станц барина гэж ярьж байна. Баригдчихаасай билээ л гэж бодож байна. Атомын цахилгаан станцын хувьд манай улсад түлш нь буюу уран нь байна. Тийм учраас энхтайвны замаар ашиглахад буруудах зүйл байхгүй. Технологи улам л нарийн болж байхад авсаархан чамбайхан шиг нэлээд их хүчин чадалтай станц барихсан гэж би мөрөөдөж явдаг. Өнөөдөр нүүрсний станц барилаа гээд л байна. Нүүрс дэлхий ертөнцийн хүлэмжийн хийг ихэсгээд л байна шүү дээ.

Тийм ч учраас улс орнууд нүүрсээр ажилладаг станцуудыг багасгах бодлого бариад эхэлчихлээ. Жишээлбэл, сая Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа нүүрсээр ажилладаг станцуудаа багасгаж сэргээгдэх эрчим хүч буюу нар салхины эрчим хүчин дээр асар их хөрөнгө тавих хандлага дэлхийд ажиглагдаж байна. Нар, салхиных станц барихад үнэтэй боловч зайлшгүй хэрэгцээтэй юм гэдэг байр суурь давамгайлж байна. Хамгийн наад зах нь Хятад улс 40 хувь нь нүүрсний станцаас татгалзчихлаа. Дэлхий атомын болон сэргээгдэх эрчим хүч рүү явж байна.



-Саяхан танай намын Бага хурал болж гишүүдийн ёс зүйн дүрмээ баталсан. Гэхдээ олон хүн МАН гишүүдийнхээ амыг хаахаар шийдлээ гэж харж байна. Тэгээд ч зарим заалт нь жаахан сонин санагдсан?

-Би бүгдийг нь нарийвчилж уншаагүй. Тэгээд ч хальт харсан, надад энэ нь тааруухан байна гэх зүйл анзаарагдаагүй. Ер нь ёс зүйтэй байя гэдэг нь хариуцлагийг чангатгая гэсэн л үг шүү дээ. Социализмын үеийн намын гишүүд ямар хатуу чанга дүрэм журамтай байсан билээ дээ. Орлогч намын дарга, дагалдан орлогч гишүүд хамгийн шилдэг нь байдаг байсан. Харин одоо тийм байдал сулраад хэн дуртай, өргөдөл бичсэн нь ордог. Орсон хойноо намын ялалтын ач буянаар тодорхой хэмжээний ажил албан тушаал авдаг.

Тэрийгээ үлгэрлэн авч явдаггүй улсууд мэр сэр байна. Энэ утгаараа өөрчлөлт хийж намын сахилга хариуцлагыг дээшлүүлье гэх нь зөв. Зүгээр нэг зулгуйдаад, өнгөлөн далдлаад нэг их сайн хүн болох гэж яриад байгаа юм биш. Байсан шийдвэрлэх асуудал учраас намын Бага хурлаар авч хэлэлцсэн хэрэг. Ерөөсөө ёс суртахуунтай байж үлгэрлэн манлайлдаг болооч ээ. Тэгэхгүй албан тушаал дээр оччихоод, тэр нь байнгын юм шиг улс орон ажиллаж буй салбараа хөгжүүлэх талаар бодохоосоо илүү бизнес тал руугаа бодоод байгаа юм биш үү гэх бодол төрдөг. Тийм учраас энэ удаагийн хурал миний хувьд өндөр үр дүнтэй болсон. Дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа албан тушаалтан, агентлагийн дарга нартай хариуцлага тооцоход илүү дөхөм боллоо гээд олзуурхаж байгаа шүү.


-Ерөнхийдөө ажиглагддаг л даа. Гэхдээ танай намын залуус сүүлийн үед ажил хэргийн улмаас үүсч байгаа маргааныг хэтэрхий хувийн байдлаар хүлээж аваад байх шиг санагдах болсон?

-Ганцхан манай нам ч биш, сүүлийн үеийн залуучууд үг сонсч чадахаа байчихсан. Ажлаа сахилгатай хариуцлагатай хий гэхээр л надыг илүүд үзээд байна гэж тусгаж авах, хаанаас хэн надыг хов жив хэлчихэв гэсэн байдлаар асуудалд ханддаг юм ажиглагддаг. Энэ бол үнэн. Тийм ч учраас ажил хийхээсээ илүү албан тушаалтайгаа амь бөхтэй зууралдах арга механизм руугаа орж, албан тушаал дэвшиж, танил тал олж, нэр сүрээ хамгаалах гээд муу үзлээ гэх байдлаар ханддаг. Залуучууд ч гэлтгүй, манай төрийн өндөрлөгт гарсан улсууд тиймэрхүү болчихсон. Тийм учраас намынхаа эрх ашгийг ойлгуулдаг болох хэрэгтэй байгаа юм.
-Ерөнхийдөө сонгууль дөхчихлөө. Намын хурлаар ялалт байгуулна гээд намын дарга тань хэлчихсэн. Тэрэнтэй холбогдуулаад асуухад нэр дэвших хүмүүстээ нам 50 сая төгрөг өгч пи араа хий гэсэн гэж дуулдсан. Үнэн үү?
-Тийм юм байхгүй. Хуучин сонгуулиар нэр дэвшигчид 10 саяыг өгдөг байсан. Тэрийг 50 сая болгож гэж хүмүүс таамаглаад байгаа юм. Тэгээд ч намынхаа Бага хурлаар боломжтой, гарч ирэх магадлалтай хүмүүсээ сонгож нэр дэвших эрх олгодог журамтай. Түүнээс биш хэн их мөнгө өгсөн нь дэвшинэ гэсэн ойлголт байхгүй. Ер нь манай намын нэг авууштай тал нь мөнгөтэй, хандив өгдөг улсуудыг дэмжиж, хариу шагнах гээд байдаггүй юм. Хандив аваад ажил төрөлтэй болгох талын юмнаас татгалзаад байгаа. Хандивлагчийн нэрийг намын түүхэнд алтан үсгээр бичих тийм зүйл рүү л оруулахаас биш болохоос биш дарга, сайд, гишүүн болгоно гэсэн зүйлийг халж ангижирч байна. Нийгмийг хараад байхад булингартай хээл хахуульд идэгдсэн сайд дарга нар л олхиогүй иддэг юм шиг яриад байдаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгтэй л адилхан асуудал л даа.

Нөгөөтэйгүүр ард иргэд иргэд ийм л юм байдаг гээд муу зан суулгачихсан юм ч бас бий. Ялангуяа эмнэлэг, сургууль дээр ийм асуудал их бий. Хүүхдээ сургуульд оруулахдаа багш нарт нь набор өгвөл малийтэл инээгээд л угтдаг. Цэцэрлэгт хүүхдээ оруулахад бөөн зовлон болдгийг бүгд л мэднэ ш дээ. Мөн эм гэдэг хүний эрүүл мэндийн амин чухал асуудал сул хаягдчихаад байна. Энэ бол асар том асуудал. Гэхдээ нэгэнт сонгууль болох гэж байгаа болохоор би хаяад л байна. Цаашдаа анхаарахгүй өнгөрч болохгүй. Баталгаа нь дууссан, баталгаагүй хаан үйлдвэрлэсэн тодорхойгүй эм оруулж ирээд өндөр үнэээр зардаг. Энэ нь өдгөө асар том бизнес болчихсон. Тийм учраас ялангуяа эмнэлгийн аптекуудыг хувьчлах ёсгүй юм байна гэж бодоод байгаа. Аптек бол маш өндөр шаардлагатай байх ёстой онцгой салбар. Саяхан би эмнэлэгт хэвтээд л бодит байдал ямар байгааг мэдлээ, юуг нь нуухав. Янз бүрийн зүйл ажиглагддаг юм байна. Ядарсан ард иргэдээ ямар их хүлээлгэж хүндрүүлдгийг харлаа. Хөдөө гадаанаас ирж байгаа хүмүүсийн хувьд бүр хэцүү. Өнөөдөр клиник барьж өг, тийм оношлогооны төхөөрөмж авч өг гэж байхын оронд өөрсдөө соёлтой улсын эмнэлэгт яаж үйлчлүүлдгээ санаад харьцуулаад үзчих хэрэгтэй. Угтаад л авдаг.

Харамсалтай нь манайд тийм болох бололцоо алга. Хаа ч байсан юм бэ, яагаа ч үгүй байна. Харин эмнэлгийн ажилчидын хувьд хувьчлахгүй л зүгээр нэг хүнийг үзсэн ч цалингаа авна, үзээгүй ч авна. Хувьчлах юм бол тэр хүнийг үзэж байж л мөнгөө авдаг болно. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Гэх мэтчлэн бид нар хувьчлах юмаа хувьчилж, барих юмаа барих тухайд төрийн бодлого үнэндээ алдагдчихсан. Ийм замбараагүй байгаад хувь хүнийхээ хувьд сэтгэл зовж л явдаг. Ялангуяа уурхайгаар ярих юм бол Хөшөөтийн уурхай, Сэлэнгэ аймгийн төмрийн ордууд гээд л цөм л гарын салаагаар гадагшаа урсаад байгаа биз дээ. Тиймээс би сая санал тавьсан. Татвар тавиач ээ гэж… Ард түмэндээ өгье л дөө. Би улстөр хийх гээд байгаа юм биш шүү. Ард түмний амьдралд ойртуулья гэж бодож байгаа.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа. Гэвч уул уурхайгаас хэт хараат байгаа нь сэтгэл зовоож байна. Эрсдэл ихтэй гэсэн үг л дээ. Тэгэхээр бид эрсдэлээс яаж гарах ёстой юм бэ?
-Уул уурхайг стратегийн орд гэдэг талаас нь авч үзээд тодорхой хэмжээгээр ашиглах нь зүйтэй. Эргэж буцаад байх зүйл байхгүй. Харин хажуугаар нь ялангуяа газар сэндийчээд, алт ухаад байдгийг болиулж, хаа хамаагүй лиценз өгөхөө болих хэрэгтэй. Замбараагүй болчихсон, зарчихсан лицензүүдийг Монгол Улс, Монголын ард түмний өмч л юм бол эргүүлж авах зоригтой алхмаа хийх хэрэгтэй. Тэнд хэдэн сая долларыг зүгээр л нэг бацаан чемодандаа хийгээд явдаг байж болохгүй. Юу юм бэ тэр. Хэдэн лиценз зарсны л гай ш дээ. Энийгээ цэгцлэх хэрэгтэй гэдэг утгаараа Ашигт малтмалын хуулийг бушуухан хэлэлцмээр л байгаа юм. Даанч хэлэлцэж өгөхгүй юм. Юундаа байдаг юм бэ, мэдэхгүй. Миний мэдэхээр гурав дөрвөн удаа УИХ- дээр оччихсон. Тэгээд буцдаг. УИХ-ын гишүүд дотор хоорондоо санаа сэтгэл нийлэхгүй таарамжгүй байдлаас болж буцаад байна уу л гэж хардаг. Үнэхээр л ард түмний ажил амьдралыг хурдан дээшлүүлье гэж байгаа юм бол одоо байгаа дөрөв тавхан уурхайн асуудлаа шийдчихээд хэвтээ тэнхлэгээс хойших ой модтой байгаа газраа хав дарчих хэрэгтэй.

Урд болоод л байсан юм болж таарна. Яахав говийн бүсэд байж байгаа ордуудаасаа ашиглаад бусдад гар хүрэх хэрэггүй гэж би боддог. Харин хажуугаар нь мал аж ахуйгаа эрүүлжүүлж, хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Бидний хэдэн үеэр нь тэтгэж, тэжээсэн мал аж ахуйгаа хаяж болохгүй. Хэдийгээр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүндээ мөнгө өгч байгаа нь сайн боловч оновчтой биш байна. Зохион байгуулалт оновчгүй учраас өнөөдөр малчид маань малынхаа түүхий эдийг зараад баян тарган аятайхан амьдрах боломж алга. Цөөхөн мянгат малчид л гайгүй байгаа байх. Нийт малчдын таван хувь нь гэсэн үг шүү дээ. 15 хувь нь амьжиргааны, тэгээд л тэрнээс 30-аад хувь нь дундаж, 40-өөд хувь нь ядуу малчид байдаг юм. Энэ асуудалтай холбоотойгоор би хууль санаачлаад судалгаа хийж байгаа, удахгүй өргөн барина даа.


URL:

Сэтгэгдэл бичих