Чимээгүй! Улс төр унтаж байна
Сүүлийн өдрүүдэд Монголын улстөр чив чимээгүй. Ёстой л унтаж байгаа мэт байна.
Төрийн ордон ч эл хульхан. Бичиг цаасны ажилтай гүйцэтгэх ажилтнууд л албан үүргээ хагас дутуухан гүйцэтгэж байх шиг. Монгол төрийн гал голомт болсон УИХ-ынхан хаврын чуулган хааснаас хойш эзгүй, хөдөө гадаа найр наадам эргүүлж яваа бололтойдог. Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр толгойлуулсан 20-иод гишүүн УИХ-ын даргад бараг хавар өгсөн. Таг чиг байсаар УИХ-ын чуулган завсарлачихсан.
Одоо ээлжит бус чуулган хуралдуулъя гэсэн оролдлого, шаардлага одоо ч гараад л байна. М.Энхболд дарга амраад алга бололтой. Гишүүдийнхээ тавьсан шаардлагыг юман чинээ санаагүй яваа юм биз. УИХ-ын дарга тийн мэдэгдлээ гэсэн мэдээ огт сонссонгүй. Ерөнхийлөгч л хөөе УИХ-ын ээлжит бус чуулганаа хийгээч гэж удаа дараа хэлэх юм. Бүр сүүлдээ энэ сарын 30-нд ээлжит бусаар хуралдах тухай тохиролцъё гэж санал тавьжээ. УИХ-ын дарга уг нь ээлжит бус чуулганыг зарлах өдрөө товлох эрхтэй гэдэг.
Ерөнхийлөгчийн өгсөн бичигт УИХ-ын Тамгын зараас ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох байнгын хороодоор хэлэлцсэний дараа чуулганыг ээлжит бусаар хуралдуулах тов тогтооно гэсэн хариу өгсөн бий. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа чуулган хуралдах өдрийг тогтоох шийдэл нь хуульд нийцэхгүй гээд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-ын 1-д “Ерөнхийлөгч…. улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган хуралдах бол УИХ-ын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасныг үндэслэн энэ сарын 30-нд ээлжит бус чуулган зарлах санал дахиад л хүргүүлэв.
УИХ-ын талаас хариу алга л. М.Энхболд дарга ч эзгүй л юм байх. Аягүй бол улигт 60 тэрбумын асуудлыг хурцатгаж ярьж өөрийгөө огцруулах тухай ярих ч юм билүү гэж бодсон уу. Бас Ерөнхийлөгчийн яаравчлаад байгаа нэг сэдэв Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хөндвөл бас УИХ-ын дарга М.Энхболд хамаатай болж таарна. Үүнээс жийрхээд УИХ-ын дарга цаг алгуурлаад байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байж магад. Уг нь бол заавал огцруулах, солихдоо гол нь биш Засгийн газрын өмнө тулгараад байгаа өвлийн бэлтгэл хангах, үер усны хохирлыг яаж нөхөх вэ гээд тулгарсан асуудлууд шил шилээ хараад зогсож байна шүү дээ.
Бас УИХ-ын нөхөн сонгуулийн тухай хэлэлцэх, шийдэх юм бас бий. Сайд нараа тараагаад амраачихсан Засгийн газар ч ээлжит хурлаа хийж чадахаа болив. УИХ-ын Тамгын газраас сонин хэвлэлээр чимээгүйхэн тарааж байгаа нэг мэдээлэл бол “Яахав чуулганыг зарлаад ч одоохондоо ирц хүрэхгүй л болов уу” гэсэн цааргалал бий.
Орон нутагт наадам үргэлжилж байна. Даншиг наадам хийнэ гээд сүр дуулиан ихтэй. Маргааш, нөгөөдөр дөрвөн аймагт бүсийн хурд нэртэй том наадам эхлэх гэж байна. Үнэндээ ч ирц хүрэхгүй гэдэг нь таамаг биш үнэн зүйл байх. Төрийн ажил тасралтгүй байх ёстой гэсэн хатуу зарчимтай. Тэр ч мөрдөгдөхөө больж.
За тиймээ! улс төр унтаж байна. УИХ-ын гишүүд, сайд нар амарч цэнгэж явна. Наадмын cap, амралтын cap үргэлжилсээр. Улс төр “унтаж” байна. Яагаад ч цочиж сэрэх янзгүй унтаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ
URL: