Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд наалдаагүйг илтгэх дөрвөн үзүүлэлт

85df14e131122a47166bee9248b4b5a2Дэлхий нийт эдийн засгийн тоон өсөлтөөс илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлт эрэлхийлэх болоод удаж байна. Монгол Улсын хувьд ДНБ-ий өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьтай гарч хүлээлтээс давсан гэдгийг олон улсын байгууллагууд тодотгоод байгаа.

Гэхдээ эрсдэлд хэврэг эдийн засгаа тогтвортой, гурван хүн тутмын нэгийг эзэлж буй ядуу иргэддээ хүртээлтэй өсөлт бий болгохыг давхар зөвлөсөн. Тухайлбал, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засагт хийсэн дүн шинжилгээндээ “Өмнөх үеийн эдийн зас-гийн өсөлтийн ихэнх нь бүтээмжээс бус уул уурхайн орлогоос бий болж байлаа. Дийлэнх орлого нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжсэн хэвээр байгаа” хэмээсэн юм.

Улмаар Дэлхийн банк Монголын эдийн засгийн 2018, 2019 оны өсөлтийг найман хувиас өндөр байна хэмээн хэт өөдрөгөөр төсөөлөв. Мөн Азийн хөгжлийн банкны шинжээчдийн Азийн хөгжлийн төлөв 2018 тайланд “2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын ДНБ-ий өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэн 4.3 хувьд хүрнэ” гэж таамаглажээ. Ингэхдээ уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой тэргүүтэй төслүүд эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно гэдгийг онцолсон.

Тэгвэл манай улсын эдийн засагт эмчилгээний жор бичсэн Олон улсын валютын сангийн тооцооллоор Монгол Улсын ДНБ 2018 онд тав, 2019 онд 6.3 хувиар өсөх хүлээлттэй байгаа бол Монголбанк энэ оны өсөлтийг 4.2-7.2, ирэх жил 4.3-8.3 хувь байна гэж тооцоолж байна.

Ямартай ч олон улсын байгууллагууд болон манайхны төсөөллөөр дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн эерэг нөлөөгөөр ирэх хоёр жилд орж ирэх орлого тогтвортой хадгалагдах нь. Харин энэ орлогын нөлөөгөөр бий болох эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаанд хэрхэн бодитоор нөлөөлүүлэхийг ирэх хоёр жилийн хугацаанд хийх бодлого тодорхойлогчдын алхмууд харуулах биз. Эдийн засагчдын хэлдгээр эдийн засгийн өсөлт иргэндээ наалдахад хоёр жил хэрэгтэй гэвэл, иргэдийн амьжиргаа бодит хэмжээгээр 2020 оноос өснө гэсэн үг болж таарч байна.

Тиймээс өнгөрсөн хоёр жилд гарсан эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд наалдаагүйг илтгэх дөрвөн тоон үзүүлэлтийг эргэн сануулъя.

1.БАЯН ХООСНЫ ЗААГ ТЭЛСЭН

Жини индекс бол нийгэм дэх орлогын хуваарилалтыг харуулдаг үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, хүн амын мөнгөн орлогын ялгаа буюу баян хоосны заагийг хэмждэг гол тоон үзүүлэлт бол жини индекс юм.

Манайд хэрэглэж буй аргачлалаар 0-1 хүртэл тоогоор илэрхийлдэг уг коэффициент 0 рүү дөхөх тусмаа хүн амд нийгмийн баялаг, улсын орлого жигд хуваарилагдан хүрч буйг заадаг. Харин нэг рүү ойртох тусмаа баян, хоосны зааг тэлж буйг илэрхийлдэг. Тиймээс байгалийн баялгаар дэлхийд толгой цохидог Африкийн улсууд энэ үзүүлэлтээр муу дүн авдаг бол иргэддээ орлогоо жигд хуваарилдаг Скандинавын орнууд бусдадаа үлгэрлэж байх жишээтэй.

Монгол Улсын жини индекс 2017 онд жилийн хугацаанд 0.002 нэгжээр, өмнөх улирлаас 0.011 нэгжээр нэмэгдсэн гэдэг тааруу үзүүлэлттэй гарсан. Улсын хэмжээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.2 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хэрэглээ 42 хувийг эзэлж байна.

Энэ нь хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.8 дахин байгааг илтгэж байгаа юм. Жини индекс Дорнод, Сүхбаатар, Хэнтий буюу Зүүн бүсэд 0.360, нийслэлд 0.368 болж, улсын дунджаас 0.009-0.017 нэгжээр их, Баруун, Хангай, Төвийн бүсүүдэд 0.316-0.329 болж, улсын дунджаас 0.022-0.035 нэгжээр бага байна.

2.ЯДУУРЛЫН ТҮВШИН ТАСРАЛТГҮЙ ӨССӨН

ДНБ-ий өсөлт сэргэж эхлэхтэй зэрэгцэн ядуурлын түвшин нэмэгдэж буйг Дэлхийн банкнаас зарласан.Сүүлийн 20 жилд манай улсад ядуурлыг бууруулах чиглэлээр Засгийн газар болон олон улсын хандивлагч байгууллагаас шат дараатай, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Гэсэн ч ядуурал болон ажилгүйдэл дорвитой буурахгүй, орлогын тэгш бус байдал улам нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үр шим ард иргэдэд жигд хүртээмжтэй хүрч чадахгүй байгааг харуулж байна.

Манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.

 

Манай улсын хүн амын ядуурлын түвшин хамгийн сүүлийн судалгаагаар 29.6 хувь болж, нийт хүн амын 907.5 мянга нь ядуу ангилалд багтсан. Энэ нь гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийн судалгаанд дурдсанаар дэлхийн хөгжиж буй 100 гаруй улс орон ядуурлын түвшинг 2010 оноос эхлэн тогтмол тооцох болсон байна. Манай улсын хүн амын ядуурлын түвшинг хөгжиж буй орнуудтай дээрх зурагт харьцуулав. Зургаас харахад манай улсын хүн амын ядуурлын түвшин харьцангуй өндөр байгаа. 2010-2015 онд хамгийн өндөр буюу жилийн дундаж түвшин 30.4 хувь байна. Харин хөрш зэргэлдээ орнуудад ядуурлын түвшин ихээхэн бага байгаа бөгөөд энэ үзүүлэлт ОХУ-д 11.9 хувь, Казахстанд дөрвөн хувь байна.

З.АЖИЛГҮЙДЭЛ нэмэгдэв

Ядуурлын салшгүй нэг хэсэг бол ажилгүйдэл. Ажилгүйдлийн түвшин 2016 онд 8.6 хувь байсан бол 2017 оны эцсийн улиралд буурч 7.3 хувьд хүрсэн. Гэвч эдийн засгийн огцом өсөлт үзүүлсэн гэгдэж буй энэ оны эхний улиралд эргэн өсч 9.7 хувьд болж эргэн өсжээ. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн эрхлэлт улирлын чанартай холбоотой хэмээн мэргэжилтнүүдийн зүгээс тайлбарлаж буй ч өргөн утгаараа иргэдээ тогтвортой ажлын байрыг хангах төр засгийн бодлого үр дүнд хүрээгүй гэдгийг харуулсан.

Уг нь Монголын хүн амын олонхыг залуучууд буюу ажиллах насны иргэд эзэлдэг ч хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн эхний улиралд сэргэсэнгүй. Үүнээс өмнө нь ажилгүйдлийн 2016 онд хоёр оронтой тоонд буюу 10 хувьд хүрч, ажилгүй иргэд 127.8 мянга болж байжээ.

4.ӨРХИЙН ОРЛОГО ӨССӨН Ч ЗАРЛАГАДАА ХҮРЭХГүЙ БАЙНА

Энэ оны эхний улиралд өрхийн хэрэглээ жилийн өмнөх үеэс 9.6 хувиар тэлж, ДНБ-ий өсөлтийг 6.1 нэгж хувиар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Гэвч өрхийн хэрэглээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдсэнийг дагаад өссөн байна. Өрхийн бодит орлого сүүлийн таван улирал дараалан өссөн бөгөөд 7.4 хувиар нэмэгдсэн. Хэдийгээс өрхийн орлого өсч байгаа ч 2015 оноос хойш өрхийн зардал орлогоос давсан хэвээр байгаа юм.

Өрхүүд орлогоос давсан зардлаа хэрэглээний зориулалттай зээлээр санхүүжүүлэх болжээ.

 

Өрхүүд орлогоос давсан зардлаа хэрэглээний зориулалттай зээлээр санхүүжүүлэх болжээ. Энэ нь 2016 оноос хойш есөн улирлын турш хэрэглээний зориулалттай зээл өмнөх жилийн мөн үеэс дунджаар 37 хувиар өсч байгаагаас харагдана. Товчхондоо, өрхөд ирэх өрийн дарамт нэмэгдсэн гэсэн үг. Өрхийн дундаж орлого 2017 онд 950 мянган төгрөг болж, 2016 онхоос 108.2 мянган төгрөгөөр өссөн ч зарлага нь нэг сая төгрөг даваад байгаа билээ. Нийт өрхийн хэмжээнд авч үзвэл, 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 мянга, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 мянга, 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 мянга буюу хамгийн байгаа юм. Манай улсын 869.8 мянган өрхийн 22.1 хувь нь буюу 192.2 мянган өрх ядуу гэx судалгаа гарсан.

Дэлхийн банкны судалгаагаар эдийн засгийн өсөлт нь ядуурал бууруулах үндсэн нөхцөл мөн. Гэхдээ энэхүү өсөлтийг үр дүнтэй хэрхэн ашиглаж чадах эсэхээс ядуурлыг бууруулах нь шалтгаална гэжээ.

Хөгжиж буй орнуудын тухайд ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хүний хөгжилд буюу нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг.\

Д.МЯГМАРДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих