Дипломтой юу?

Ажилд ороход ингэж асуудаг. Магистрын зэрэг хамгаалсан эсэх, англи хэлний ямар төвшинтэй гээд л шалгаадаг нь олон. Гэтэл их сургуулийн тоо лааз өшиглөөд явах завтай хүний тоо энэ асуултад тохирохгүй нь. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсын ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн сарын эцэст 62 мянга болж өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 22 мянган хүнээр буюу 54 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард манай эдийн засаг 20, ирэх жил 26 хувиар өснө гэж Ерөнхий сайдын амласнаас нэг дахин өссөн тоо ажилгүйдлийн графикт цохиж явна. Манайх шиг жижигхэн улсад энэ аюул. Эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл хоёр уг нь нүд, гар хоёр шиг холбоотой зүйл. Нэг нь харж, нөгөө нь мэдэрнэ. Хүмүүс ажилтай болж, хэтэвч нь түнтийж, авдаг зээл, үрдэг мөнгө нь нэмэгдээд байвал тэр эдийн засгийн өсөлт.

Гэтэл өнөөдөр багш нар ажил хаяад л, салбарын сайд нь баяр хэсч, тууз хайчлаад л. Ер нь манай улсын хөдөлмөрийн зах зээл нэг л биш. Эцсийн дүндээ энэ салбарыг хайхарч байгаа хүн алга. Ажилгүйдэл аюул гэдэг үгээр солигдоод байхад парламент нь хэдэн тойрог дээрээ улаан хэрүүл хийж, баахан их, дээд сургуулийнх нь тоо өдрөөс өдөрт өсөөд л. Ажилтай болгож чадаагүй нь хувь хүний буруу, ажилд аваагүй нь захирлын буруу гэсэн төгсгөлгүй талцал үргэлжилж байна.

Ер нь “Дипломтой юу” гэж асуухын оронд хаана ажилласныг нь шалгааж байвал барав бололтой. Эцсийн дүндээ хэдэн сургуульд бурууг өгөх нь эргэлзээтэй болж таарлаа. Сургууль бүрт захиалга өгдөг үйлдвэрүүд хаачсаныг эхлээд засаг төрөөс асууя. Үйлдвэрүүдийг татвараар дарамталж, улсын төсвөө түнтийлгэсэн төр алдагдлаас өөр зүйлийг иргэд бидэнд үүрүүлсэнгүй. Төр бидний мөнгөөр төсвийнхнийг хэд дахин цалинжуулчихаад хувийн хэвшилд өнөөхөө тулгахаар хаа сайгүй цомхотгол үүдээ барьсан компаниудын тоо олшролгүй яах вэ.

Ажилтан авах үйлдвэргүй, ажилтнаа цалинжуулах захиралгүй, төлдөг татвар нь өндөр. Ажилгүй монголчууд төр засагт биш харагддаг болохоос энгийн хүмүүсийн нүдэнд тордгийн учир юу юм бол. Эсвэл тэдний хувьд ажилгүй хүн сонгуульийн ялалтын хөзөх юм болов уу.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих