Таны арьс улайж, загатнадаг уу

10-7-cover-1503546094402_500x500Хэт хөлрөлт

Биеийн дасгал хийх үед, эсвэл халуун бүгчим орчинд бараг бүх хүн хөлөрдөг боловч зарим хүн бусдаас илүү хөлөрдөг. Хэт хөлрөлт өсвөр насныханд түгээмэл боловч бас насан турш үргэлжлэх тохиолдол ч бий. Хөлөрснөөс болж хүний биеэс үнэр гарах шалтгаан үүсч, бусад хүнтэй харилцахад сөргөөр нөлөөлөх осолтой. Түүнчлэн хэт хөлөрдөг хүмүүс арьсны мөөгөнцрийн халдварт өртөх нь илүү юм. Зарим хүн төрөлхийн хөлрөх бэрхшээлтэй байдаг ч стресс хямрал, сэтгэлийн түгшүүр зэрэг бусад хүчин зүйл нөлөөлж бас чаддаг. Заримдаа сарын мөчлөг саатах үед, мөн тиройд /сээр нуруутан амьтдын өсөлтийн дааврыг ялгаруулдаг хүзүүний том булчирхай/ булчирхай хэт идэвхжих үед эмэгтэйчүүдэд хөлрөлт үүсдэг.
- Хэрэв хөлрөлт хэвийн бус, эсвэл удаан үргэлжилж байвал,
- Та биеийн жингээ алдаж байвал эмчид үзүүлээрэй.
Та өөрөө юу хийх боломжтой вэ?
Хөлрөлт болон биеийн үнэрийг багасгахад тусалдаг, гэрийн нөхцөлд хийж болох эмчилгээний дараах аргуудыг хэрэглэж болно.
- Өдөр тутам дор хаяж нэг удаа бүлээн /гэхдээ халуун биш/ устай шүршүүр, эсвэл онгоцонд орохыг хичээ. Уснаас гараад биеэ бүрэн сайн хатааж бай.
- Хөлс ялгарахаас сэргийлдэг бэлдмэл, эсвэл анхилуун шингэнтэй хослуулсан, хөлс ялгарлыг бууруулдаг шүршигч хэрэглэ. Хэрэв жирийн шүршигч бодис тус болохгүй байвал хөнгөн цагааны хлорид агуулсан арай хүчтэй шүршигч хэрэглэж үз. /”Эмийн эмчилгээ” хэсгийг уншина уу/ + Өдөр бүр цэвэр дотуур хувцас өмс. Даавуун болон таны арьсанд илүү тохирох байгалийн материалыг сонгон хэрэглэж, бариу хувцас өмсөхгүй байхыг хичээ.
- Хэрэв таны хөл хөлөрдөг бол арьсан гутал, даавуун оймс өмсч, оймс, гутлаа ойр ойрхон сольж бай. Боломж гарах бүрт задгай сандаал өмсч, гэртээ хөл нүцгэн явахыг хичээ.
- Биенээс алдагдаж байгаа шингэнийг нөхөхийн тулд өдөр бүр наад зах нь найман аяга ус уу. Согтууруулах бодис, кофейн агуулсан кофе, ундаа, халуун шингэн бүү уу.
- Таныг хөлөргөх магадлалтай тул халуун ногоотой хоол идэхээс зайлсхий. Мөн таагүй үнэр гаргахаас зайлсхийхийн тулд сонгино, сармис бүү ид.
- Хэрэв таны жин хэвийн хэмжээнээс хэтэрсэн бол жингээ хасахыг хичээ.
Хөлрөлтийн эсрэг бэлдмэл ба шүршигч үнэртнүүд
Хөлрөлтийн эсрэг бэлдмэлүүд нь хөлс ялгарч байгаа сүвүүдийг тагладаг бол шүршигч үнэртнүүд биеийг таагүй үнэртэй болгож байгаа арьсны бактериудад голдуу нөлөөлдөг. Сүүлийн үеийн олон бүтээгдэхүүн аль алиныг нь агуулдаг учир усанд орсны дараа өдөр тутам хэрэглэж болдог. Хэрэв таны арьс цочирч байвал харшил үүсгэхгүй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Мөн хөлс шингээгч ба хөлд зориулсан нунтаг хэрэглэж болно.
Хөнгөн цагааны хлоридтой бэлдмэлүүд нь суга, гарын алга, хөлийн улны хэт хөлрөлтийг намдаадаг. Эдгээр бэлдмэлийг хуурай арьсанд шөнө түрхээд, дараа өдөр нь голдуу угаана.
Хөлрөлт багасахын хэрээр эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг багасгах хэрэгтэй. Үрэвссэн арьс, нүд, уруулд энэ бэлдмэлийг ойрхон хэрэглэж болохгүй. Мөн түрхэхээс 12 цагийн өмнө үсийг нь хуссан арьсанд хэрэглэж болохгүй.
Хөнгөн цагааны хлоридийг хэрэглэх. Хэрэглэхийн өмнө арьсаа бүхэлд нь сайтар угааж, хуурай болтол хатаана.
Хэрэв:
- Дээрх зөвлөмжүүдийг хэрэглэж байгаа ч хэт хөлрөлт, эсвэл биеийн таагүй үнэр танд төвөг удсаар байвал,
- Хэт хөлрөлттэй холбоотой бусад шинж тэмдэг илэрч байвал эмчээс нарийвчилсан зөвлөгөө аваарай.
 Загатналт
Загатналт голдуу ноцтой бус байдаг ч удаан үргэлжилбэл, олон маажсанаас болж арьсыг гэмтээж, загатналтыг улам хүндрүүлэх осолтой. Шавжинд хазуулах, ургамал, төмөр, химийн бодис, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт хүний бие хариу үзүүлэх үед голдуу хэсэг газар загатналт үүсдэг. Харин арьс хуурайших, хэт халууцаж туурах, арьсны тууралтууд, арьсны мөөгөнцөр, арьсны халдвар, экзем, псориаз /хайрст үлд/ зэрэг арьсны өвчний үед том талбайд загатналт үүснэ. Бие бүхэлдээ загатнах нь диабет өвчин, элэгний зовиурууд, эсвэл эмийн хариу үйлчлэлээс шалтгаалж болдог. Мөн сэтгэлийн зовиур, хямрал ч ноцтой загатнах шалтгаан болж чаддаг.
Мөн “Хамуу”, “Арьсны тууралт”, “Экзем”, “Псориаз”, “Арьс хуурайшилт”, “Халууцалтын тууралт”, “Арьсны мөөгөнцөр”, “Шавжинд хазуулах, хатгуулах” тухай нэмж уншаарай.
Хэрэв эмчийн бичиж өгсөн жорын эмнээс шалтгаалан загатнаж байгаа мэт санагдаж байвал эхлээд эмчтэйгээ зөвлөөрэй.
Та өөрөө юу хийх боломжтой вэ?
Загатналтыг багасгахад туслах зарим арга:
- Маажихгүй тэсэхийг хичээж, арьсаа гэмтээхгүйн тулд хумсаа богинохон тайр.
- Хүйтэн жин тавь. Гар нүүрийн цэвэр алчуурыг хүйтэн усанд норгож, усыг нь мушгиад, загатнаж байгаа хэсэгт тавина. Загатнах бүрт дахин жин тавь.
- Каламин лосьон, кротамитон тос зэрэг загатналт бууруулагч бэлдмэл хэрэглэ.
- Цэвэрлэгээний бодис, металл эдлэл зэрэг цочроогчоос шалтгаалж, улайж, загатнаж байгаа арьсанд хүчтэй бус гидрокортизоны тос түрхэж үз. Мөн шавжинд хазуулах, хатгуулах үед ч энэ тос тустай.
- Арьс хуурайшсан бол чийгшүүлж, хамгаалж бай.
- Хэрэв стресс хямралаас болж загатналт улам ихэсч байвал гүнзгий амьсгалах дасгалууд ба булчин суллах аргуудыг хэрэглэ.
- Боломжтой бол халуун, чийглэг орчинд орохгүй байхыг хичээ.
- Байгалийн материалаар хийсэн хэлхгэр, чөлөөтэй хувцас өмс. Арьсан дээрээ ноосон хувцас шууд өмсөхөөс зайлсхий.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ
Каламин лосьон хөргөх үйлчилгээ үзүүлдэг учир загатнах бүрт нь загатнаж байгаа арьсанд түрхээрэй.
Кротамитон бэлдмэлүүд арьсны цочролыг намдаах, загатналтыг багасгахад тусална.
Гидрокортизоны тос загатналт, улайлтыг багасгаж, арьсны харшил, шавьжийн хатгалтыг эмчлэхэд тусалдаг.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Загатналт үүсгэгчдээс зайлсхийх. Загатналтыг хяналтандаа авсны дараа шалтгааныг нь зөв танихыг хичээ.
- Тэмдэглэл хөтөлж, хэдийд загатнаж байгаа, арьсандаа ямар бэлдмэл, хувцас хэрэглэж буйгаа бич. Хэрэв арьсны бэлдмэлээс шалтгаалан загатнаж байна гэж та үзэж байгаа бол хүчтэй бус үйлчилгээтэй, үнэртэн шингээгээгүй бэлдмэл хэрэглэж үз. Хэрэв угаалгын нунтгаас шалтгаалж байвал биологийн бус нунтаг, нэмэлт зайлагч хэрэглээрэй.
Хэрэв:
- Долоо хоног орчмын дараа загатналт намдахгүй бол,
- Арьс шарлах, жин алдах зэрэг өөр бусад шинж тэмдэг танд үүсвэл Эмчээс нарийвчилсан зөвлөгөө аваарай.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих