Г.Соёлгэрэл: “Сахиусан тэнгэрийн нулимс” тууж 3-р хэсэг

35726

Нараатай нас ойролцоо бүсгүйг Хонгормаа гэнэ. Тэрээр хөдөөнөөс ирсэн гэж өөрийгөө түүнд эхэлж танилцуулжээ. Царгиа дуут бүсгүйг Эрка гэдэг. Түүний хэрэгт дуртай занд тэд нэг их дургүйлхдэггүй аж. Тэрээр ярианд оролцон “Манай мянгат малчин” гэж түүнийг шоглоход Хонгормаа хээгүй зангаараа өөрийнхөө тухай ярьжээ. Түүний дурлалт залуу малын хулгай хийчхэж. Удалгүй хэрэг нь илэрхэд Хонгормаатай уулзаж “хайртайгаа батал“ гэж түүнийг ятгах болсон байна. Энэ нь түүний өмнөөс хэргийг нь үүр гэсэн үг байж. Хонгормаа түүний үгэнд орж хэргийг нь үүрчээ. Хэн ч сонссон түүний гэнэн занг гайхшран өмнөөс нь харамсаж, хэдэнтээ зүхмээр. Хонгормаа үргэлжлүүлэн “одоо нутгийнхаа нэг бүсгүйтэй суусан гэнэ лээ” гэж нүдэндээ нулимстай хэлэхэд Нараагийн эгдүү, зэвүүцэл зэрэг хүрчээ. Амьдрал үзээгүй хөөрхий бүсгүйн итгэл сэтгэлийг ингэтэл булингартуулах гэж дээ. Нараа түүнийг өрөвдөн хэсэг чимээгүй бодлогошрон сууснаа
- Чи одоо хүртэл түүнд сайн хэвээр үү? гэж асуувал Хонгормаа энэ үед сэтгэлээ дахин чагнах шиг санагдаж
- Би сайн хэвээрээ гэж зөөлөн шивнэжээ. “Хүүхнүүд ээ тоондоо” гэх яриа тэдний яриаг тасалдуулав. Энэ хэсэг хоёр хянагчтай. Саяны “хүүхнүүд ээ” гэж эелдэг дуудсан ахимаг насны хянагчийг олон жил ажилласан, амьдрал үзэж юмны учир ойлгодог хүүхнүүдэд тэр бүр хатуурхаад байдаггүй гэв. Оройн тооны цаг. Хүүхнүүд байрны гадна байрлах задгай талбай дээр бүгд өвдгөө нугалан явган суужээ. Хүн болгон ээлжээ болоход чангаар тоог алдалгүй хэлнэ. …55, 56. Шинэ хоригдлууд хянагчийн өөдөөс үг сөрөх нь байтугай эгцэлж харахаас ч зүрхшээнэ. Тоондоо орсны дараа өдрийн хоолны цаг болжээ. Нараа хоолоо авахаар дугаарласан хүмүүсийн ард зогсоод ээлжээ болоход хоолоо хийлгэж аваад, хоосон ширээ эрэн хүмүүсийн дээгүүр харцаараа тэмтчин хэсэг саатав. Хоолны танхим цэлгэр том агаад олон ширээ эгнүүлэн тавьжээ. Зарим ширээг нийлүүлэн олуулаа суусан харагдана. Хоосон ширээ нэлээдгүй байгааг харж хамгийн арын эзгүй ширээ тийш хоолоо барин яаралгүй алхлаа. Ямар хоол байгааг ажиглан хоолоо ширтэж явахад нь хэн нэгэн хөлөөрөө дэгээ тавин унагахад түүний хоол тэр хавиар нэг цацран асгарав. Хоолонд нь будагдсан ганц нэг хүүхэн хараал урсган зөрнө. Түүнд дэгээ тавьсан хүүхэн савж унахыг нь харан элгээ тэврэн адганан хөхрөхөд ширээнийх нь хүүхнүүд мөн энэ дүйвээнээр түүнийг дэмжин хөхрөлдлөө. Дэгээ тавьсан хүүхэн нулимсаа арчин инээсэн хэвээр аман дахь хоолоо үсчүүлэн
- За одоо барцад чинь арилсан байх. Тавтай морил гэхэд хүүхнүүд ахин ээрч мууран түүний далыг алгадан хөхрөлджээ. Нараа яах учраа олсонгүй өлсөж байсан хэдий ч газар унагасан аяга тавгаа санд мэнд цуглуулан угаалгын тавцан дээр чулуудах нь холгүй хангинуулан тавьчхаад халуун усны газар руу бохирдсон үс, нүүрээ хоёр гараараа халхлан гүйж одлоо. Түүнийг дэгээдэж унагасан хүүхнийг хянагч ирээд хоолны газраас дагуулан гарчээ. Нараа энэ удаа уйлахгүй гэж шүд зуув. Ийм газар үргэлж усан нүдлээд байвал яаж тэсэх билээ. Сая болгоомж алдсандаа өөрийгөө буруутгажээ. Ийм даажигнал хэзээ ч ирж болно. Алхам тутамдаа анхааралтай бас өөрт байгаа зориг, хүч чадлаа ашиглахад бэлэн байх хэрэгтэйг ухаарав. Түүнийг халуун усны газар очиход усанд орох зөвшөөрөл өгсөнгүй. Халуун ус хариуцсан гадна заалттай ажилладаг хоригдол бүсгүй Нарааг дээрэнгүй харж
- Ажлын цагаар усанд орьё ч гэх шиг. Тавлаад байна уу? Энд хуваарьтай өдрөө л усанд орно. Бусад үед усанд оруулбал би бас шийтгүүлдэг юм шүү дээ
- Хуваарь нь хаана байгаа юм бэ? Би бас юмыг яаж мэдэхэв гээд харах санаатай хайж үзлээ
- Хуваарийг бүгд мэддэг болохоор хадах шаардлага байдаггүй. Чи хоолны цагаа хүнээр заалгаад байдаггүй биз дээ. Түүнтэй адил гэж ойлгож болно
- Сая хүн дэгээдээд хоолыг маань асгуулчихлаа. Үс гэзэг аргалах арга алга. Би ядаж үсээ хурдхан зайлчхаад гарч болохгүй юу?
- Ийм дургүй хүрмээр болохоор чинь л хүн дээрэлхэж байгаа шүү дээ. Би олон юм ярилгүй тайван баймаар байна. Дуугүй явж үз гээд цээж рүү нь омогтой түлхээд хаалгаа хяхтнуулан татахад нь хамрынх нь үзүүрийг шүргэн алдан тас хийтэл хаагдав. Нараа юу ч хэлж чадсангүй хий л хаалга хаагдахыг харж зогсжээ. Хоолонд хутгалдан заваарсан үсээ алгаараа хойш нь налуулан илээд нүднийх нь аяганд дүүрч ирсэн нулимсыг зөөлөн дарж арчаад түүнд тохиолдсон бүгдийг санан санаа алдавч, хөмхий зуун гараа атгасаар цааш эргэхдээ Нараа нэг л зүйлийг ухаарчээ. “Уйлж болно. Бууж өгч болохгүй“


URL:

Сэтгэгдэл бичих