Монголын ардчиллын онцлог, ололт амжилтын талаар ярилцав
НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны 4 дүгээр чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ хүрээнд ”Ардчилал ба соёл иргэншлүүдийн нийтлэг үнэт зүйлс: Ардчиллын боловсролын үүрэг” сэдэвт хуралдаан болов.
Хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ”Дэлхийн үнэт зүйлсийн судалгаа” холбооны Дэд ерөнхийлөгч, профессор Кристиан Велзер нар илтгэл тавив.
Профессор Кристиан Велзер ”Дэлхийн үнэт зүйлсийн судалгаа” байгууллагаас 100 гаруй оронд хийсэн судалгаан дээр тулгуурлан, ардчиллын үнэт зүйлс нь соёл иргэншил, шашин шүтлэгээс хамааралгүй, бүх ард түмэнд ижил болохыг нотолсоноо тэмдэглэв. Боловсролын түвшин нэмэгдэх тусам ардчиллын суурь бэхждэгийг бас нотолсон байна.
Мөн энэхүү судалгаанд Монгол улсыг хамруулах тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг дэмжиж, судалгаа хийдэг аргачлал, санхүүжилтын талаар тайлбарлав.
Ерөнхийлөгч Монгол улсын түүхэнд олон шашин шүтлэгийг чөлөөтэй, эв найрамдалтай байлгаж ирсэн нь одоогийн ардчиллаас дутахааргүй том бодлого байсныг тэмдэглэж, нүүдэлчин ард түмний хамгийн их эрхэмлэдэг зүйл нь эрх чөлөө бөгөөд тийм ч учраас Монголд ардчиллын суурь бат бэх байдаг юм гэлээ.
Хуралдаанд оролцогчдоос гарсан олон асуултад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, профессор Кристиан Велзел нар хариулт өглөө. Хуралдаан сонирхолтой болж, цаашид ийм сэдвээр улам өргөн хүрээнд ажил зохиох нь зүйтэй болохыг харуулав.
URL: