Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад дахин албан бичиг илгээлээ

35718

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт:

“Танаас ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/8637 дугаар албан бичигтэй танилцлаа. Уг албан бичигт “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэж дурджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”, Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана” гэж заасан байдаг.

 Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 16.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байна.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага, болзол журам болон түүний хүрээн дэх Улсын Их Хурлын даргын үүргийг хуулийн дээрх зохицуулалтуудад нарийвчлан тодорхой заасан байх бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа тухайн чуулганы хуралдах өдрийн товыг тогтоох шийдэл нь хуульд нийцэхээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг хуулиар олгоно гэж заасан. Үүний хүрээнд Ерөнхийлөгч төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч …улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасан.

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Е/15 дугаар албан бичгийг танд хүргүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай өөрийн саналыг хэлэлцэх асуудлын хамт өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын даргын зүгээс чуулган зарлах өдрийг хуульд заасны дагуу тохиролцон тогтоох арга хэмжээг авсангүй.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон ийм тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин, биелүүлж ажиллах шаардлагатай байна.

Саналыг судлан үзэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор өөрийн саналыг ирүүлэн, хуульд заасны дагуу ээлжит бус чуулганы хугацааг тохиролцож, товлон зарлана уу” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих