Хотын удирдлагууд та бүхнийг Баянхошуу, Толгойтод ганц сар өвөлжихийг урьж байна
Нэг сая гаруй хүн амтай хотыг удирдаж, нийслэлийн дайтай авч явахад нэг их хэцүү биш ч манай дарга нарт өөрсдөд нь учир дутагдал их байдаг. Хэдийгээр хэл амтай болгонд элдвээр хэлүүлж, хийсэн ажлаараа гоочлуулж, зүгээр суугаагүй ч сайн нэр зүүдэггүй хотын даргын хувь тавилан иймийн учраас тэдэнд маш их учир дутагдал байна гэж хэлж буй юм.
Тухайлбал, хэл ам хэрүүл шуугиан тарин байж өөрсдийнхөө хүслээр хотын дарга, НИТХ-ын дарга гэсэн албан тушаалуудад эзэн болон суусан С.Батболд, С.Амарсайхан нар тансаг өрөөндөө тухалж сандалдаа шигдэж суухын оронд нийслэлийн хэцүүхэн байгаа газруудад ядаж ганц цаг болооч гэж иргэд өмнө нь олонтаа хэлж байсан удаатай.
Уг нь ганцхан сая гаруй хүн амтай нийслэлийг цэцэглүүлэхэд ядах юмгүй л харагдана. Мэдээж энэ бүхэнд сэтгэл, итгэл дутагдаж байгаагийн нэг илрэл.
Тухайлбал, 10.1 сая хүн амтай БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн манай дарга нарт үлгэр жишээ болох нэгэн ажлыг хийж, олон нийтийг шуугиуллаа. Түүний энэхүү үйлдлийг цахимаас олж харсан харсан монголчууд “Бид ийм даргатай байсан бол” гэсэн атаархлыг төрүүлж өөр хоорондоо үзэл бодлоо солилцож байв.
Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Сөүлийн мэр хотын төвд орших албан ёсны харшаасаа нүүж, хотын хойд хэсэгт орших Гангбук-гу дүүрэгт дээврийн давхрын хоёр өрөө байранд нүүж ирсэн аж. Түүний нүүж орсон байр хоёр жижигхэн өрөөтэй, угаалгын өрөөтэй, хамгийн гол нь халууны улиралд ямар ч сэнсгүй гэнэ. Энд тэрбээр 30 хонож ажиллаж, амьдрах аж. Дээврийн байр нь Сөүлийн хамгийн тав тухгүй байранд тооцогддог. Учир нь халуун зун хэтэрхий их халдаг хэрнээ өвөл хэтэрхий хүйтэн байдаг аж. Тиймдээ ч хямд өртөгтэй. Ийм байранд залуу оюутнууд, настай хүмүүс гээд ядуу буурай хүмүүс аж төрдөг.
Харин Пакийн хувьд өнгөрсөн сард Сөүл хотын даргаар гурав дахиа сонгогдохдоо Сөүлийн иргэдийн өдөр тутмын амьдралыг биеэрээ мэдэрч, Гангбук-гуд амьдардаг хүмүүсийн орон сууцны асуудлыг олж мэднэ гэж амлажээ. Ийнхүү тэрбээр Сөүлийн хойд хэсгийн иргэд болон илүү баян өмнөд хэсгийнхний тэгш бус байдлыг арилгах арга эрэлхийлэхээр болсон байна. Пак Гангбук-гу дэх дээврийн байранд нүүж ирснийхээ дараа “Асуудал, хариулт хотын захиргааны байранд бус, газар дээрээ байвал зүгээр гэж бодож байна” гэж мэдэгджээ. Сөүлийн хамгийн ядуу хүмүүс амьдардаг гэх Гангбук-гуг хөгжүүлэхийн тулд хотын дарга нь ийнхүү газар дээр нь нэг сар ажиллахаар болж байна.
Тэгвэл айлын хүмүүс ингэж ажиллаж байхад манай хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар өнгөрсөн хугацаанд яг юу хийсэн бэ. Үгүй ядаж тэд үерт авсан гэр хорооллын айлуудад биеэр очиж танилцсан уу. Үгүй шүү дээ. Ямартай ч Азидаа хөгжлөөрөө тэргүүлж буй Солонгосын хотын удирдлагуудаас манай хоёр бүдүүн дарга үлгэр жишээ авч, асуудалтай гэсэн гэр хороололдоо очиж ганц цаг ч болов саатахыг хүсмээр байна.
Өөрөөр хэлбэл, та бүхнийг утаатай өвлийн улиралд Баянхошуу, Толгойтод ганц сар ажиллаад, чадвал амьдраач үзээч ээ гэж урья. Хотынхоо иргэдийн асуудлыг биеэрээ мэдэрч, тэндхийн иргэд хоногийн нүүрс түлээгээ яажшуухан залгуулдаг, өдрийн хоолондоо үмх мах, талх яаж хувааж авдгийг нүдээрээ үзвэл та бүхнээс гарах шийдвэр иргэдэд илүү ойртсон болно гэдэгт итгэлтэй байна.
Erennews.mn
URL: