Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ

35641

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын 110КВ-ын анкер тулгуур унах аюултай байна гэсэн дуудлага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирсний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Мягмардорж болон холбогдох албаныхан газар дээр нь үзлэг шалгалт хийж оройн 20 цагийн орчимд урьдчилсан арга хэмжээ авлаа.

Дээрх Буянт Ухаа А Б 110кВ-ын шугам нь 2016 онд ашиглалтад орсон ба газар чөлөөлөлтгүйгээс шалтгаалж Туул голын дундах арал дээр байрлуулсан байна.

Тус тулгуур байрласан арал нь хүчтэй борооны улмаас эргийн нуралт үүсэж анкер тулгуурын бетон суурьд нөлөөлж хазайлт өгч улмаар унах аюул үүсэж болзошгүй байсан тул хугацаа алдалгүй арга хэмжээ авахаар хотын ерөнхий менежерээс холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч нэмэлт бүрэлдэхүүнүүдийг татан оролцуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ус шингээгч эко уут 300ш, болон 600 шуудай хайрга дайргаар  40 орчим метр урт 5-6 метр өргөн далан үүсгэж тус анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаа.

Дээрх шуурхай ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын засварын бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, Авто зам гүүрийн “Гангүүр” ХХК, Эрчим хүчний барилга угсралтын “Алтай Трейст” ХХК зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хотын ерөнхий менежерийн удирдлага дор 8 цагийн турш ажиллаа гэж Улаанбаатар хотын Захирагчий ажлын албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих