Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө
Улсын Онцгой комиссын 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн юм.
Тус шийдвэрийн дагуу өнөөдөр Баян-Өлгий аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан.
Үерийн голомтод Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК, Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын 620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр ажиллан, эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг тасралтгүй явуулж үерт өртсөн иргэдийг татан гаргаж түр хорогдох байранд байрлуулан халуун хоол, цайгаар хангах, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын далан босгох, хүчитгэх, шинээр шуудуу гаргаж хуримтлагдсан үерийн усыг зайлуулах, гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үерт нэрвэгдсэн 185 өрхийн 668 иргэнийг найман байрлал дахь түр хорогдох байр /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургуулийн дотуур байр, 6, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулж, 345 өрхийн 1844 иргэнийг аюулгүй газарт, нийт 530 өрхийн 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: