8 хувийн зээл хааччихав?
Үл хөдлөхийн үнэ сүүлийн үед нэлээд унаад байгаа учраас иргэдийн орон сууц худалдан авах эрэлт ихэсчээ. Гэсэн хэдий ч энэ эрэлтэд ипотекийн 8 хувийн зээл чөдөр, тушаа болчихоод байгааг үл хөдлөхийн салбарынхан онцолж байна. Учир нь орон сууцны зээлд хамрагдахаар урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн иргэд 8 хувийн зээл хүлээж байгаа бөгөөд нөгөө талд ашиглалтад орсон орон сууцууд эздээ хүлээж байна. Засгийн газраас иргэдээ орон сууцжуулна хэмээн ипотекийн зээлийг гаргасан.
Харин ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзээд ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан байдаг. Иймээс зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээс хэрэгжүүлэхээр болж, Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192,0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Улмаар 2018 оны хувьд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа тухай 2018 оны нэгдүгээр сард гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдсэн.
Гэтэл албаныхны энэ амлалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байна. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан 2018 оны дөрөвдүгээр сард “Ипотекийн зээл тогтмол гарч байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум, улсын төсвийн 120 тэрбум, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ жил ипотекийн зээл олгож байна. Санхүүжилтийг сар бүр хийж байгаа. Улсын төсвийн 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгоно. Гуравдугаар сард 30 тэрбум төгрөг олгосон. Монголбанкны эргэн төлөлтийн санхүүжилт бол сар бүр хийгдэж байгаа” хэмээн мэдээлсэн.
Түүний энэхүү мэдээллийг өдгөө ч Монголбанк баталж, “8 хувийн зээл гарч байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Хэдийгээр салбарын сайд болон Төвбанк 8 хувийн зээл хэвийн олгогдож байгаа хэмээн мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр зээлийн материал өгсөн маш олон иргэн хүлээлтийн байдалтай байгаа нь нууц биш. Энэ байдлыг албаныхан мэдэхгүй байна уу эсвэл мэдэж байгаа ч мэдэн будилж байна уу гэдэг нь сонин. Тэгвэл албаныхан хэвийн олгогдож байгаа хэмээн ам өрсөж, уралдан мэдэгдээд байгаа “8 хувийн зээл чухам хааччихав?” гэсэн асуулт гарч ирнэ.
Энэ асуултын хүрээнд бид арилжааны банкуудын төлөөллөөс орон сууцны 8 хувийн зээл олгогдож байгаа эсэхийг тодруулсан юм. Голомт банк “Зөвхөн манай банктай гэрээтэй барилгын компаниудаас байр авч байгаа иргэдэд 8 хувийн зээл олгоно. Гэрээгүй компаниас байр авч байгаа тохиолдолд 8 хувийн зээл олгохгүй” гэх мэдээллийг өгсөн бол Хаан банкнаас “Цаанаасаа зогсчихсон учраас 8 хувийн зээл гаргахгүй байгаа” гэв.
Тэгвэл Хас банкны хувьд “Материал хүлээж авч байгаа боловч санхүүжилт маш удаан хүлээгдэж байна” гэсэн бол Худалдаа хөгжлийн банк зүгээс “Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан барилгууд дээр 8 хувийн зээл гаргах боломжтой” гэдгийг хэлсэн юм. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн, Төвбанк, Барилга хот байгуулалтын салбарын сайдын хэлсэн зүйлүүд бодит байдал дээр огт хэрэгжихгүй байгааг дурдах юун. Үндсэндээ 8 хувийн зээл гацчихаад байгаа бөгөөд үргэлжлэх үү, зогсох уу гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна. Хэрэв энэ зээл зогсох юм бол Гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр гээд эрх баригчдын олон амлалт гацаанд орох нь мэдээж юм. Иймд орон сууцны 8 хувийн зээлийг хэрэгжүүлэх тал дээр салбарынхан нь анхаарал хандуулах, энэ зээлийг үлдээх үү, зогсоох уу гэдгийг шийдэхэд хүрвэл иргэд, олон нийт үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх цаг хэдийнэ болжээ.
Үргэлжлэл бий…
URL: