Нийслэлчүүд үерийн гамшигт нэрвэгдлээ

228389-19072018-1531964707-822809169-uyerБаянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд 60 гаруй насны иргэн үерт автаж, амь насаа алдав. Онцгой байдлын алба хаагчид цогцсыг нь Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгснийг эх сурвалж мэдээллээ. Зөвхөн үерт ч биш үерийн улмаас тогонд цохиулж, нүх рүү унаж осолдон амь насаа алдах эрсдэл гэр хорооллын бүсэд тун ойрхон байна.

Хэчнээн их анхааруулж, сэрэмжлүүлсэн ч нийслэлчүүд мягмар гарагт орсон түр зуурын аадар борооны улмаас үерийн гамшигт нэрвэгдлээ.

Дарь-Эхийн хуучин эцэс буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны оршин суугч Ч-ийн гэр цахилгааны шитын дэргэд байрладаг бөгөөд үерийн улмаас тогонд цохиулж, өчигдөр нэг нохой нь үрэгджээ. Тэднийх гурван хүүхэдтэй бөгөөд бороо орж, ойр орчим нь усанд автах бүрт тогонд цохиулж амиа алдах байнгын эрсдэлд амьдарч байгааг Ч хэллээ. Мөн байшин барихаар бэлтгээд байсан хоёр тонн цементээ нэгэн айл үерт урсгажээ. Дэнж дээр байрлах тус айл руу орох хөдөлгөөнийг цагдаа болон онцгой байдлын алба хаагчид түр хорьж, үерийн усыг далан руу зайлуулж байсан юм.

Ийнхүү энэ сар гарсаар ихэнх нутгаар орсон усархаг борооны улмаас сүүлийн өдрүүдэд баруун болон төвийн аймгуудад нүүрлээд байсан үерийн гамшигт нийслэлчүүд нэрвэгдлээ. Харамсалтай нь мэргэжлийн байгууллагын анхааруулга, сэрэмжлүүлгээс өөрөөр гамшгаас сэргийлэх гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийсэнгүй. Гэр хорооллын гудамж, далангаар айлуудын эд хогшил жорлонгийн бохиртойгоо хамт урсаж, өнгөтэй өөдтэй гэгддэг хотын төвөөр шивтэр ханхалж байна.

Хэдийгээр өнөө жилийн долдугаар сард хур тунадасны хэмжээ өнгөрсөн жилээс ахиу байгаа боловч олон жилийн дунджийн орчим байгааг цаг уурчид хэлсэн юм. Гэвч гэнэт асгарсан бороо гамшиг болж буй нь угтаа дэлхий нийтээр анхааруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн илрэл юм. Ойрын өдрүүдийн гамшгийн зураглалыг ажваас Төв Азийн өндөрлөг орчим буюу Хятадын баруун болон баруун өмнөд хэсэг, оросын Байгаль нуур орчим, Монголд байдал хүнд байна.

• Баянзүрх дүүрийн 9 дүгээр хороонд 60 гаруй насны иргэн үерт автаж, амь насаа алдав.
• Хятадын баруун болон баруун өмнөд хэсэг, Оросын Байгаль нуур орчим, Монголд байдал хүнд байна.
• Гэнэт асгарсан бороо гамшиг болж буй нь угтаа дэлхий нийтээр анхааруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн илрэл юм.

Тухайлбал, олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүссэн Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид онц байдал зарлаад байна. Зам харгуй боогдож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэхэд тус мужийн шуанлю олон улсын нисэх онгоцны буудалд 34 нислэг хойшилж, долоон нислэг цуцлагдсан байна.

Мөн баруун зүгийн олон муж, тосгодод болсон үерийн гамшигт 900 гаруй мянган хүн өртсөн бөгөөд Хятадын хэмжээнд дөрвөн тэрбум ам.долларын хохирол учраад байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ.

Тус улсын хэвлэлүүд энэ удаагийн үерийг 1981 оноос хойш тохиож байгаагүй гамшиг гээд, 2008 онд болсон газар хөдлөлттэй адилтган онцолж байна. Харин ОХУ-ын Байгаль нуурын бүс нутгийн зарим хэсэг үерт автаж, нэг сая рубль буюу 40 сая төгрөгийн хохирол амссаныг Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр мэдээллээ. Мөн Бүс нутгийн засаг захиргааны мэдээлснээр зургаан мянга гаруй хүн үерт өртөж, Шилка хотод 14 гүүр сүйдсэн байна.

Түүнчлэн олон зам, гүүр, ногооны талбай үерт өртжээ. Үерийн улмаас хохирол амссан мянга гаруй хүн байгаа аж.

Одоогийн байдлаар 24 суурин газар, 170 гаруй хувийн байшин, 2000 гаруй зуслангийн газар үерт автсан хэвээр байна.

Үерийн уснаас аврагдсан нутаг дэвсгэрт хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчимтэй явагдаж буй манай орны хувьд өчигдрийн байдлаар төв аймгийн Борнуур сум, Баян-өлгий, Ховд, Алтай, Хангай, Хэнтийн нутгаар их үертэй байсан бөгөөд энэ сарыг дуустал дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох төлөвтэйг цаг уурчид анхааруулж байна.

Хэдийгээр долдугаар сард хур бороотой байх нь газар тариалан, бэлчээр, зуншлагад сайнаар нөлөөлж байгаа ч голын эрэг дагуу нутаглаж, зусаж буй айлууд, хөдөө орон нутагт аялж зугаалж байгаа хүмүүс үер уснаас онцгой сэрэмжтэй байх хэрэгтэйг холбогдох албаныхан анхааруулсаар байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтэс, Ерөнхий инженер Ч.Сарантуяа “Ойрын өдрүүдэд орж буй хур тунадас нь түр зуурын, хүчтэй аадар бороо. Ийм хур тунадас аадар, мөндөр, нөөлөг салхи, аянга, цахилгаанаас учрах аюул их. Тиймээс иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй. Өчигдөр Борнуурт болсон үерийн хэмжээ маш өндөр байсан. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд усны шугам, нүх барих зэрэг зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэллээ.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих