Автобус компаниуд даварч, тасалбарынхаа үнийг нэмнэ гэв
Шинэ он гарахаас хэд хоногийн өмнө том оврын автобусны компаниудаас нийтийн тээврээр зорчдог иргэддээ “сайхан мэдээ” дуулгалаа.
Сайхан мэдээ гэхээр автобусны үнийг бууруулах болов уу гэж бодож байгаа байх. Гэтэл харин ч эсрэгээрээ тасалбарынхаа үнийг нэмнэ хэмээн мэдэгдсэн юм. Нийслэлд том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 26 компани байдаг. Эдгээр компаниуд сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Ийм учраас энэ сарын 1-ний өдрөөс эхлэн том хүн 400, хүүхдийг 200 төгрөгөөр зорчуулахаар болжээ. Харин үнэгүй зорчдог иргэд 100 төгрөгөөр нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлэх эрхтэй болж байна. Үүнийг сонссон иргэдэд таатай байхгүй нь мэдээжийн хэрэг юм. Манай улсын иргэдийн ихэнхи нь нэг цалингаас нөгөө цалингийн хооронд амьдардаг.
Өөрөөр хэлбэл, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдарч байна. Гэтэл энэ мэт дураараа тасалбарынхаа үнийг нэмснээр иргэдийнхээ ачааг нэмэхээс цаашгүй. Тэгээд ч авто тээврийн тухай хуулийн дагуу Нийтийн тээврийн газар нь тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй байгуулсан үнэ тарифыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Үүний дагуу 2011 оны дөрөвдүгээр сарыг хүртэл тасалбарынхаа үнийг нэмэх боломжгүй юм.
Чанар дагаж үнэ гэж ярьдаг. Автобус компаниуд тасалбарынхаа үнийг нэмнэ гэж ярихаас өмнө зорчигчдын тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Гадаадын өндөр хөгжилтэй орны нийтийн тээвэр шиг үйлчилгээг хүргэж чаддаггүй юмаа гэхэд ядаж 20 минут суухад хөл даарахааргүй дулаан орчинг бүрдүүлэх нь чухал. Арав гаруй жилийн өмнө автобусны тасалбар түгээгч аль эсвэл жолооч нь автобусны буудлаа зарлаж, үлгэр жишээ сайхан харилцдаг байсан. Гэтэл өнөөдөр автобусны хаалга онгойх төдийд л өмнөөс хэрүүл угтдаг болжээ. Оюутнуудын билетийг булаах шахам үзэж, зураг нь бүдэг гарсан нэгнийг хамаагүй үгээр хэлж, чичлэх нь энүүхэнд. Хуруу зузаан цантсан цонхны цаадах харагдахгүй учир бууж асуухад дуртай дургүй хэлж өгнө. Тасалбарын үнэ нэмснээр үйлчилгээ сайжирдаг бол нийтийн тээвэр өнөөдөр хаданд гарчихсан байх биз ээ.
Жилийн жилд өвлийн хүйтнээр зорчигчиддоо тасалбарын үнэ нэмнэ гэж тунирхаж байдгаа болимоор юм. Өнөөдөр нийслэл хотын төв гудамж Энх тайвны өргөн чөлөөнд автобус, цахилгаан тээвэр хоёр нь багталцахгүй явах болсон. Захын дүүргүүдээс хотын эргэн тойрны шугамуудад тоотойхон автобус явдаг нь хүйтний улиралд иргэдийг хүлээлгэн бухимдуулах болов.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусны шугаманд анхаарахгүй байгаа нь ажиглагдаж байна. Машин унадаг дарга нар яаж автобусны чиглэлийг гаргаж мэдэх билээ дээ. Үнээ нэмнэ гэж хэл үг удаж байхынхаа оронд үйлчилгээнийхээ соёлыг сайжруулчихаад үнэ, тарифаа ярих хэрэгтэй бус уу. Сүүлдээ байчихаад автобусны компаниуд Солонгосоос оруулж ирсэн автобуснуудыг манай нөхцөлд тохирохгүй гэж ярих болжээ. Анх газар дээр нь очиж үзэж харж авчирсан хэдий ч хоёр гурван жил болсны хойно алдагдалтай болж бүтэхгүй байна гэдэг нь хэр нийцэж байна вэ. Иймээс стандартын шаардлага хангасан нийтийн тээврийг л үйлчилгээнд гаргах хэрэгтэй юм.
Б.Сэлэнгэ
URL: