МАН-ын “33-ын бүлэг” АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөхөөр санал нэгджээ
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэх тухай яриа улс төрийн хүрээнд яригдах болсоор хагас жил орчмын хугацаа өнгөрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг өөрчлөх санал гаргаж, бүр олон нийтийн санал асуулга явуулж, Х.Энхжаргалын оронд АТГ-ын даргаар ажиллах хүнийг ч тодруулсан юм.
Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга 5 сарын 4-нд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн.
Уг бичигт: ““Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож..” гэсэн заалтын дагуу миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг чиглүүлэх зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийсэн.
Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралынхаа хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагууд маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг өөрчлөн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж үр дүнтэй хуулийн дагуу ажиллуулахыг шаардаж байна.
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг шүүмжилж буй иргэдийн энэ үнэлэлт, дүгнэлт авлигын нөхцөл байдлыг судлан мэдээллэдэг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын дүгнэлттэй бүрэн нийцэж байгааг анхаарч, тодорхой арга хэмжээг авах шаардлагатай юм.
Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллага нь жил бүр дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг бөгөөд тус байгууллагын дүгнэлтээр манай улс 2012 онд дэлхийн 176 улсаас 94 дүгээр байр, 2013 онд 177 улсаас 83 дугаар байр, 2014 онд 175 улсаас 80 дугаар байр, 2015 онд 168 улсаас 72 дугаар байр эзэлж байсан бол Авлигатай тэмцэх газрыг Хүрэлсүхийн Энхжаргал, Цээсүрэнгийн Нямдорж нар удирдаж эхэлснээс хойш буюу 2016 онд 176 улсаас 87 дугаарт, 2017 онд 180 улсаас 103 дугаар байранд тус тус орсон байна.
Үүнийг Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ гэж үзэж болох бөгөөд Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болжээ.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.
Хуулийн энэ зохицуулалтаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилогоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа юм.
Маш тодорхой хуулийн зохицуулалт байсаар байтал тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд хуулийг мушгин тайлбарлаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон нөлөөний хүмүүсээ албан тушаалд нь үлдээх зүй бус ажиллагааг ил тод явуулж байна. Өмнө нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг Авлигын эсрэг хуулийн дээр дурдсан заалттай утга агуулгын хувьд ижил Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурал чөлөөлөх шийдвэр гаргаж байсан бөгөөд тус шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц хуульд нийцсэн гэж үзсэн байдаг.
Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоолыг баталж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгджээ.
Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоолыг батлан Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоолыг батлан Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байна.
Улс оронд шударга ёсыг тогтоох нэн чухал үүрэг хүлээдэг Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгодог бүрэн эрхтэй. Миний бие энэхүү бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлэхээс татгалзаж, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард иргэдээсээ асууж, саналаар нь шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд явагдсан нээлттэй санал асуулгад 6.405 иргэн оролцож, 6.382 иргэн Авлигатай тэмцэх газрын даргад 179 хүнийг, 5.657 иргэн Авлигатай тэмцэх газрын дэд даргад 317 хүнийг тус тус нэр дэвшүүлж, санал өгсөн болно.
Иргэдийнхээ нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулахаар санал хүргүүлж байна.
Иймд Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн болзошгүй нөлөөлөл, дарамт, шахалтаас ангид байж, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн, энэхүү асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээсэн байв.
Гэвч 5 сарын 8-нд хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг хэлэлцэхийг дэмжээгүй билээ.
Гэвч энэ бүхэнтэй зэрэгцэн нэгэн үйл явдал өрнөсөн нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэнэт УИХ-ын дарга М.Энхболдыг огцорч, “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг шаардах болсон явдал юм.
Тэрээр уг саналаа албан ёсоор УИХ-ын дарга М.Энхболдод гаргаж, УИХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн нь ч 26 болж, хуулиар тогтоосон тоонд хүрчээ.
Хачирхалтай нь Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүдийн санал “Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” гэсэн томьёололтой болжээ. Өөрөөр хэлбэл “60 тэрбум”-ын учрыг олох гээд байсан тэмцэл нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах явдал болж хувирч байна гэсэн үг.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ дахь МАН-ын “33-ын бүлэг” АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөхөөр санал нэгдсэн байна. Тэдэн дээр АН-ын гишүүд мөн нэмэгдэнэ. Энэ тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганаар түүнийг огцруулах нь үндсэндээ тодорхой болсон гэсэн үг.
М.Чойжал
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/93041
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эрх зүйт төрийн гол онцлог нь тухайн төрийн албан тушаалтан ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд түүний оронд томилогдсон албан тушаантан чөлөөлөгдсөн албан тушаалтны үлдсэн хугацаагаар томилогдох нь эрх зүйн бодит зарчим юм л даа