Б.Эрдэнэдалай: Хар тамхины хэрэглээ эмэгтэйчүүдийн дунд ихэсч байна
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед хар тамхины хэрэглээ залуусын дунд ихэссээр байгаа. Тэр дундаа эмэгтэйчүүд хэрэглэх нь ихэссэн гэв үү?
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Хар тамхины хэрэглээ иргэдийн дунд жил ирэх тусам өсч байгаа. Цагдаагийн байгууллагаас хар тамхины хэрэглээг бууруулахаар тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авч байна. Тухайлбал, Хар тамхитай тэмцэх Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Энэ хүрээнд техник хэрэгсэл, хүний нөөцийг нэмэгдүүлснээр илрүүлэлт өссөн дүнтэй гарсан юм. 2018 оны хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 хэрэгт 201 хүн холбогдсон. Уг хэргүүдийг шалгаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хэргээр буюу 78.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, холбогдогч 68 хүнээр буюу 51.1 хувиар өссөн. Ихэвчлэн 18-35 насны хүмүүс хэрэгт холбогдсон байдаг. Эрэгтэй хүмүүс их байгаа ч мансууруулах бодистой хамааралтай шалгагдаж буй эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай юм.
- “Play time” зэрэг олон улсын амьд хөгжмийн наадмын үеэр залуучууд хар тамхи их хэрэглэдэг гэсэн. Цагдаагийн байгууллага энэ мэт арга хэмжээний үеэр дорвитой баривчилгаа хийх боломжтой юу?
-Улаанбаатарт хүмүүс бужигнаж, идэвхтэй амьдрал өрнөдөг болчихлоо. “Play time” болон бусад амьд хөгжмийн томоохон арга хэмжээ, наадам их зохион байгуулагддаг. Эдгээр нь нэг талаараа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлж байгаа хэрэг. Гэвч тухайн үед заримдаа мансуурах гэсэн хэсэг бүлэг этгээдүүд байж байдаг. Өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Наадмын үеэр ноцтой баривчилгаа хийх нөхцөл байдал илэрч байгаагүй. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг гарч болох газруудад байнгын эрчимтэй хяналт, шалгалтыг явуулдаг. Урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажлууд төлөвлөгөөний дагуу явагддаг.
-Хар тамхины хэрэглээг хэрхэн яаж бууруулах ёстой юм бэ. Ерөнхийдөө Хан-Уул дүүрэгт элит түвшний залуусын дунд хар тамхины хэрэглээ их болсон гэсэн мэдээлэл бий?
-Аль дүүрэгт хар тамхины хэрэглээ их байна вэ гэдэгт судалгаа хийгдэж буй. Элит, чинээлэг амьдралтай айлын залуус хэрэглэж байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт. Нийгмийн аль ч хэсэгт тархах боломжтой. Хар тамхины хэрэглээ урлаг соёлын одод, залуусын дунд их байгаа нь үнэн.
-Хар тамхи хэрэглэсэн залууст хуулийн дагуу ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэж байна. Тухайн хүн хэрэглэсэн нь тогтоогдвол 30 хоног хүртэл баривчлах арга хэмжээ авна. Хэрэв хэрэг хүндэрвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тодруулбал, хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хадгалсан, хууль бусаар олж авсан, хилээр нэвтрүүлж, борлуулсан этгээдүүдэд оногдуулах ял шийтгэл өндөр юм. Өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай харьцуулбал ял шийтгэл нь чангарсан.
-Саяхан дуучин Эгшиглэн хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн. Мөн Г.Сарангэрэл бэлэг эрхтэндээ хар тамхины төрлийн бодис нуун хилээр оруулах гэж байгаад баригдсан байдаг. Түүнийг баривчилсан уу?
-Урлаг соёлын оддын холбогдсон хэргийг шалгаж байна. Г.Сарангэрэлд холбогдох хэрэг Шүүх рүү шилжсэн. Хар тамхи мансууруулах төрлийн бодистой хамаатай гэмт хэрэгт холбогдсон хүмүүс дахин өртөх магадлал өндөр болчихдог.
-Зарим дуучид хар тамхины хэрэгт холбогдчихоод хар шил зүүчихсэн тайзан дээр гарч дуулдаг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон урлаг соёлын оддыг шалгадаг юм уу?
-Тухайн дуучин дуулж буй дуунаасаа шалтгаалж л хар шил зүүдэг байх. Тэд хар тамхи хэрэглэчихээд нүдээ нуудаг гэж бодохгүй байна. Цагдаагийн байгууллага торгуулийн арга хэмжээ авч, баривчилж хорьж, шийтгэдэг. Мөн ял шийтгэл оногдуулдаг.
Залуус хар тамхи, мансууруулах бодисын талаар өргөн хэмжээний мэдлэгтэй болжээ. Гэхдээ эцэг эхчүүд, иргэд хүүхдүүддээ хар тамхины хор уршгийн талаар их сайн ойлгуулах хэрэгтэй юм. Тухайлбал, хар тамхины төрлийн бодисыг хэрэглэснээр тухайн хүн нэг ч эрүүл эрхтэнгүй болдог. Сайхан амьдрах боломжоо бүрэн алддаг гэх зэргийг сайтар хэлж өгөх шаардлагатай. Сүүлийн үед залуус саваагүй, сониуч байдал, найзын хүрээлэл зэргээсээ хамаарч хар тамхинд уруу татагдах тохиолдол цөөнгүй гарч байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа, холбоотой ажиллаж буй. Харин хэрэгт холбогдож буй залуучуудын гэр бүлийн хүмүүжил, хандлага зэргийг зөв төлөвшүүлэх нь нэн түрүүнд тавигдах шаардлага болоод байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
URL: