Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна
Онцгой Байдлын Ерөнхий Газраас гурван аймагт сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Билгэх багийн “Гашуун-Ус” гэдэг газар 11 настай, эрэгтэй хүүхэд энэ сарын 16-ны өдрийн 21:00 цагийн орчимд малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 17-ны шөнө 01:20 цагт хүлээн авсан. Одоогоор тус аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат эрэгтэй, 25 настай иргэн Б осолдсон тухай дуудлагыг энэ сарын11-ний өдөр 07:19 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч болон иргэд хоёр бүлэг болон хуваагдаж, тус сумын Хар-Усны тохойгоос Цагаан булан гэдэг газар хүртэл 18 километрт хоёр удаа гүний шумбалт хийж, мөн Бугат сумын Ангийн-Отог гэдэг газраас Сэлэнгэ сумын Таримал багийн “Ацаг” гэдэг газар хүртэл 30 километрт эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 20:40 цагт түр зогсоож өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Төв аймгийн Мөнгөнморьт суманд Хэрлэн голын усанд Багануур дүүргийн харьяат эрэгтэй, 57 настай иргэн Ж энэ сарын 13-ны өдөр 11:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 14-ний өдөр 17:21 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид нийт 53 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 21:30 цагт түр зогсоож өнөөдөр 06:00 цагт мөн дахин эхлүүлээд байгаа аж.
Ус зайлуулах хоолойн төмөр хийцэд 11 настай охин хөлөө хавчуулсныг гарган авчээ
Мөн энэ сарын 15-ны өдөр Увс аймгийн Малчин суманд 22:00 цагийн орчим усархаг бороо орж Тэс сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж байсан иргэн Ё-ийн 84-12 УВХ улсын дугаартай, “УАЗ-469” загварын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 16-ны өдөр хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиж, 2 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын гадна талбайн авто гражийн ус зайлуулах хоолойн төмөр хийцэд 11 настай охин хөлөө хавчууллаа гэсэн дуудлагаар аврах ангийнхан очин гарган авч ээжид нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
URL: