Гологдол
Арван дөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон ээжийнхээ гуйвуулсан сарын хэрэглээний мөнгөөр германаас Щвейцарь орох галт тэрэгний билет худалдан авч алсыг зорьсноор бяцхан дүрвэгч хүүгийн бие даасан амьдрал эхэлсэн байдаг. Эхлээд тэр Франц хэлтэй фермэрийнд зарагдаж, өөртөө ахадсан хүнд ажилд нухлуулж байсан ч хар бор ажлын эв дүй сууж, ажлын амт, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, хоёр жилийн дараа өвөртөө мөнгөтэй, өөртөө туршлагатай, франц хэлтэй, бие өсгөлүүн чийрэг залуу болж гарсан байдаг. Цагдаа ирж, насанд хүрээгүй хүүхэд ажил хийх хориотойг сануулж, ямар нэг мэргэжилээр сурвал эндээ үлдэж болно гэж шаардсаны дагуу тэр үедээ нэр хүнд муутай ч сургалтын тэтгэлэг олгодог талх нарийн боовчины мэргэжилээр сурсан гэдэг. Мэргэжилээрээ сайн сурч, томоохон талхны цехэд ажиллаж эхэлсэн үедээ өөрөөсөө долоон насаар эгч, шаргал үст, цэнхэр нүдэт, гимназийн багш бүсгүйд сэтгэл алдаж, дагаж гүйсээр байгаад аваад суучихсан гэнэ. Хадам аав нь их сургуулийн профессор, жирийн нэг талхчинтай харьцуулахад тэднийх нийгминй дээд давхаргад багтах айл байсан гэдэг. Хадам ээж гэртээ суух ч өөрөө “профессор” мэт давилуун зантай, хямсгар эмэгтэй усан үзэмийг хутга сэрээгээр идэж хичнээн соёлтой, дээд зиндааны мундаг амьтан болохоо харуулж, гайхуулдаг байж. Мэдээж охиноо талхчинтай суулгаж нэр төрөө гутаахгүй гээд аюул болж…. Рич шаргал үстдээ “надад итгэж байгаа бол дагаад яв, итгэж чадахгүй бол аав ээж дээрээ үлд” л гэж. Хөөрхий бүсгүй хайр сэтгэлээ даган ядуу талхчинд бүх амьдрал, итгэл ирээдүйгээ даатгаад түүнийг дагаад гарсан байдаг. Рич өглөө эрт хүнсний дэлгүүр, цайны газар ресторануудад хийсэн шинэ талх болон бусад бүтээгдэхүүнээ хүргэх ёстой тул шөнө 3 цагаас ажил нь эхэлдэг байсан гэх. Тэр ажлынхаа хажуугаар оройгоор сурч, дараа нь дээд сургууль дүүргэж, цехийнхээ эзний итгэлийг олж, яваандаа цехийг нь зуун хувь толгой даан хариуцаж ажиллуулдаг болсон байна. Сүүлдээ хүнсний томоохон үйлдвэрээс Ричид ажлын санал тавьж, тэнд марктенгийн менежрээр ажиллаж, дараа нь илүү том компани ажлын санал тавьж… гэх мэтчилэн шат шатаар ахиж салбарынхаа хүрээнд танигдаж эхэлж. Улмаар гэрлэснээс хойш арван нэгэн жилийн дараа тэр гурван хүүхдийн аав, хүнсний үйлдвэрлэл худалдаагаар дагнасан Юзеко нэртэй Швейцарийн хамгийг том группын гүйцэтгэх захирал болсон байв. Энэ тухай тэр дурсаж ярихдаа: “хадам ээж эхнэрлүү залгаад загнана, намайг элдвээр гутааж доромжилно, охиныхоо ухаан муутайг гайхна. Нэг удаа би тэсэлгүй утасыг нь шүүрч аваад та хоёроос гадна охиныг чинь чин сэтгэлээсээ хайрладаг хүн хорвоо дээр байгаад та баярла, бидний амьдралруу дахин бүү хошуугаа дүрээрэй гэж хашхираад утсаа чулуудчихсан. Тэрнээс хойш хадам дахиж яриагүй. Би тэднийхээр шагайгаагүй. Харин захирал болсон хойноо тэднийг зул сарын баяраар гэртээ урьж, хадам ээж арван нэгэн жилийн дараа надаас уучлалт гуйсан” гэж билээ. Хармсалтай нь гурван хүүхдийнх нь ээж шаргал үст, цэнхэр нүдэт хань нь хорт хавдраас болж хорвоог залуугаараа орхисон юм билээ.
Би үргэлж санаж явдаг түүний нэг айхтар үг бий:
Хүн голдог, ажил голдог, хоол голдог, орчин голдог улс эхлээд өөрсдөө ямар ч ХҮНД гологдохооргүй төгс байх хэрэгтэй, ямар ч АЖИЛД гологдохооргүй чадварлаг байх хэрэгтэй, хэнд ч гологдохооргүй ямар ч хоолыг хийж чаддаг байх хэрэгтэй, ямарч орчинд гологдохооргүй зохицох чадвартай байх хэрэгтэй…тийм байж чадахгүй бол бусдыг, бусдын хийснийг голох эрх хэнбэгуайд ч байхгүй гэдэг.
Өнөөдөр хаалгыг чинь тогшоод хүүгийн чинь, охины чинь гараас хөтлөөд орж ирж буй тэр залуусыг басаж голохоосоо өмнө тэдэнд ирээдүйд улс орноо авч явах асар том амбийц, үүрэг, хариуцлага бий гэдгийг бид мартаж болохгүй. Тэд та бидний хийгээгүйг хийж, амжаагүйг амжуулж, чадаагүйг чадаж, хүрээгүйд хүрч хөгжлийг түүчээлж, түүхийг бүтээлцэнэ гэдгийг үргэлж санаж яваарай хадам аав ээжүүд ээ. Тиймээс эхлээд өөрийнхөө хүүхдийг хаана ч хэнд ч гологдохооргүй ХҮН болгож хүмүүжүүл. Үлдсэнийг нь амьдрал цаадуулд чинь заагаад өгнө.
Via Э.Туяа
URL: