С.ЭРДЭНЭ: МАН-ЫНХАН ИЛҮҮ БУРУУТАЙ УЧРААС ЭМЗЭГЛЭДЭГ БАЙХ

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Долдугаар сарын 1-ний үймээнд буруутан олдоогүй байгаа ч Ерөн­хий­лөгчөөр уучлалт гуйл­гах УИХ-ын тог­тоолын төслийг байнгын хороогоор хэлэлцсэн. Гэхдээ энэ асуудалд гишүүд нэлээд санал зөрж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас болж таван хүн амь насаа алдсан, олон хүн хохир­сон, гэмтсэн бэрт­сэн, ай­дас хүйдэст автсан гээд нийгэм тэр чигээрээ цоч­ролд орсон. Мэдээж 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд хэн бу­руу­тайг шүүх тогтооно.

Гэхдээ  Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьд­рах эрхтэй” гэж заа­чих­сан байгаа. Тиймээс хэн нэгэн буруутныг хай­хаасаа илүү иргэдээ амьд байлгах, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй гэдэг утгаараа тухайн үед хү­мүү­сийн амь насыг хам­гаалж чадаагүй төр ууч­лалт гуйх ёстой.

-Ерөнхийлөгчөөр уучлалт гуйлгахыг нэлээд олон гишүүн эсэргүүцэж байсан. Тэд чухам яагаад эсэргүүцээд байгаа юм бол?

-Эсэргүүцэж байгаа гишүүд улс төржсөн байдлаар хандаж байна лээ. Аль нам нь буруутай юм бэ гэх мэтээр янз бүрээр  ярьж байгаа. Би бол хэн нэгнийг буруут­гахаас илүү хуулиар олгогдсон үүргээ бие­лүүлж чадаагүй төр бу­руутай л гэж харж байна. УИХ-ын уучлалт гуйх тог­тоолын төслийг батлаад гаргах юм бол бүх ард түмний эв нэгдлийг илэр­хийлэгч Ерөнхийлөгч уучлалт гуйх юм.

-УИХ Ерөнхийлөгчид юу хийхийг нь заахгүй, хууль зөрчиж байна гэж зарим гишүүн тайлбарлаад байгаа?

-Ерөнхийлөгчид зааж байгаа юм биш.  Монгол төр үүргээ бие­лүүлж ча­даагүй гэдэг утгаар УИХ-ын тогтоолыг үндэслээд Монгол Улсын Ерөн­хий­лөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд уучлалт гуйх нь зохимжтой гэж үзэж байгаа.

-Өмнө нь энэ талаар Ерөнхийлөгчтэй ярьсан гэсэн. Тэр зөвшөөрсөн юм уу?

-Энэ талаар ажлын хэсэг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Ерөнхийлөгч болохгүй юм үгүй гэж хэлсэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүйгээр шууд тулгасан зүйл байхгүй.

-Байнгын хорооны хурлын үеэр  эсэргүүцсэн гишүүдийн олонх нь Ардын намынх байх шиг байсан…?

-Ардын намынхан хэт улс төржиж байгаа юм шиг санагдаж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний  үймээнд Ардын намынхан голлох буруутай үйл ажил­лагааг зохион байгуулсан учраас эмзэглэдэг  юм болов уу.

-Энэ асуудлыг сон­гуулийн өмнө хэлэлцэж байгаа нь дараагийн сон­гуулиар ийм үймээн га­рахгүй байх нэг урьд­чилсан арга хэмжээ гэж ойлгож болох уу?

-Хэрэв алдаа гаргасан бол Монголын төр уучлалт гуйж чаддаг л байх ёстой. Монгол Улс тусгаар тогт­нолоо зарласнаас хойш Коминтернийн заавраар ард түмнээ талцуулдаг, ялгадаг, шүүж байцаадаг, хэлмэгдүүлдэг байсан. 1937-1940-өөд онд 20-30 мянгаар нь хоморголон хэлмэгдүүлж байсан.  Тэр хэлмэгдүүлэлтийнхээ төлөө тухайн үеийн МАХН, өдгөөгийн МАН одоо болтол уучлалт гуй­гаагүй. Гэтэл  2008 онд дахиад хэлмэгдүүлэлт эхэлсэн. Тиймээс тог­тоолыг санаачлан гаргаж байгаа гишүүдийн хувьд төр да­хиад алдаа гаргахгүй гэх баталгаа энэ байж ч болно. Зарим хүний улс төр­жүүлээд байгаа шиг хэн нэгэн хувь хүнийг, аль нэг намыг буруутгасан нэг ч үг өгүүлбэр тэр тогтоолын төсөлд байхгүй.

-Нөгөө талаар Ерөн­хийлөгч уучлалт гуйснаар асуудал ший­дэгдэхгүй. Гурван жил гаруйн өмнө болсон энэ үймээний буруутан одоо болтол олдоогүй, хариуц­лага хүлээх эзэн байхгүй л байна?

-Мэдээж уучлалт гуй­гаад дуусахгүй. Хамгийн гол нь Монголын төр ир­гэдээ хамгаалж чадаагүй, хуулиар олгогдсон үүргээ биелүүлж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйх гээд байгаа юм. Ямар ч шалт­гаангүйгээр тавын таван хүний амь нас хохирч, 50-60 хүн гэмтэж бэртэж өчнөөн олон хүн хо­мор­го­лон баривчилчихаад яагаад уучлалт гуйж бол­доггүй юм бэ. Энэ бол Монгол төрийн асар том алдаа.

-Тогтоолын төслийг хэзээ УИХ-аар хэлэл­цүүлэх вэ?

-Байнгын хорооны ирц хүрээгүй учраас санал хураалт хү­чингүй болсон. Энэ тог­тоолын төслийг дахиад байнгын хороогоор оруулж, Их хурлаар хэлэлцүүлнэ.

Б.ЭРХЭС


URL:

Сэтгэгдэл бичих