ЕТГ-ЫНХАН ХЭМНЭСЭН ТӨСВӨӨ ХУВААЖ АВЧЭЭ

Оны төгсгөл болоод байгууллага болгон дансаа шалгаж, санхүүгээ цэгцэлж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ажилтнуудаа баярлуулж, ард түмнийг гайхашруулсан шийдвэр гаргасан бололтой.

Эх сурвалжийн мэ­дээлж буйгаар Ерөн­хийлөгчийн Тамгын газ­рынхан энэ оны төсөвт хэмнэлт гаргасан учир бүх ажилтнуудаа гурав, гурван сая төгрөгөөр урамшуулж байгаа юм байх. Бас болоогүй, 15 сая төгрөг өгсөн хүн бүрийг Зайсанд орон сууцанд оруулж байгаа тухай ч дуулдав.

Төсөв дутлаа, хүрэхгүй байна гэсэн гачлан олон сонсч байснаас биш илүүдээд, түүнийгээ бүр ажилтнууддаа хувааж өгч байсан тухай дуулаагүй учир сонирхолтой л баримт юм. Энэ байдлаараа төсвийн бүх байгууллагын мөнгө нь ихдээд түүнийгээ ажилтнууддаа өгч байгаа юм биш байгаа!

Ерөнхийлөгчийн Тамгын  газрын илүүдээд байгаа төсвийг сонирхлоо. Энэ онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гурван тэрбум 860 сая төгрөг хэрэглэх эрхтэй байжээ. Мөн төсвийн тодотголоор дөрвөн тэрбум 360 сая төгрөг нэмсэн байна. Хачирхалтай нь энэ мөнгө ихдээд, үлдэгдэл дээр нь булагнаж байгаа атлаа ирэх онд тэд мөн л долоон тэрбум 198 сая төгрөг хэрэгтэй хэмээн нэхсэн байх юм. 2012 оны төсвийн төсөлд ийм тоо бичээтэй байна. Тамгын газрынхан төсөвт дахин долоон тэрбум төгрөг суулгуулчихаад, тодотголоор дахин мөнгө нэхэж л таараа. Тэгэхээр дараа жил гурав биш гучин саяар хишиг хүртээж мэдэх нь.

Мэдээж Ерөнхий­лөгчийн Тамгын газар төсвийн мөнгийг хэм­нэсэн нь сайн л хэрэг. Баярлуулштай, үргэлж мөнгө нэхэж байдаг бусад байгууллага дагаж дуурайхаар ховор жишээ. Гэхдээ хэмнэсэн төсвөө Төрийн санд нь үл­дээхгүй, хэдүүлхнээ ху­вааж авах гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Миний, таны, бидний төлсөн татвараас бүтдэг төсвийн мөнгийг “Илүү гар­сан юм яадаг юм бэ” гээд өөрсдийн халаасаа түнтийлгээд байж болох уу. Энэ байдлаараа цаашдаа ч төсвөө өндрөөр батлуулж авчихаад үлдэг­дэл дээр нь найрлах жишиг тогтох юм байна.

Ингэхэд төсөв илүү гарвал яадаг юм бол. Үнэндээ төсвийн мөнгө дутдаг тохиолдол байдгаас биш илүүдэх нь ховор учир ийм тохиолдолд яг яадгийг мэддэг хүн цөөхөн юм.  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны нэгэн гишүүн “Илүү гарсан төсвийн мөнгө уг нь Төрийн сандаа үлддэг дээ. Гэхдээ ихэнх байгууллага урсгал зардал гээд ав­чихдаг юм” хэмээн итгэл муутай хариулсан. Тэгэ­хээр Төрийн санд үлдэх ёстой төсвийн илүүдэл буюу та, бидний татварын мөнгө Ц.Элбэгдоржийн ба­гийнхны хэтэвч рүү урсч байна.

Тамгын газрынхаа шийдвэрт бай­тугай бүх улсынхаа хуульд хориг тавих эрхтэй Ерөн­хийлөгч энэ худуутай шийд­­­­вэрийг нь сонсоогүй байна гэж баймааргүй юм. Төсвийн мөнгөөр тан­саг­лах гэж байгаа Тамгын газрынхандаа хориг та­вихгүй юм уу Ерөнхийлөгч өө.

Б.ОРГИЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих