“Болор цом-2011”
Яруу найргийн “Болор цом-2011” наадам амжилттай болж өнгөрсөн. 27 дахь удаагаа зохион байгуулж буй энэ удаагийн наадамд Архангай аймгийн харьяат, яруу найрагч Д.Болдхуяг түрүүлсэн билээ. Тэрээр сүүлийн шатанд “Монгл хэл” хэмээх шүлгээ уншсан юм. Энэхүү шүлгийг нийтэлж байна.
МОНГОЛ ХЭЛ
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ
Мөн “Болор цом-2011” наадамд манай сонины сурвалжлагч Э.Энхболд 180 гаруй яруу найрагчаас шалгарч наадамд оролцох эрхээ авсан бөгөөд өнөө жил “Мэдсээр байж” шүлгээ уншжээ.
МЭДСЭЭР БАЙЖ…
Яах гэж хүмүүс
Тэнгисийг залгиж, тэнгэрийг нураах гэж
Гэнэн хонгор намрын навчисаар
Нүгэл тарьж, нүдээ арчнам бэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Салхисыг зайдалж, нүдийг амраалгүй
Уй олон шувуудын амиар
Өд дэрлэж, амгалан нойрсном бэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Гэрэл бөхөөж, дэнлүү өлгөн
Цагаан бүхнийг туучин одохдоо
Гуниг үүтгэж, зовлонд дурланам бэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Хайртай гэж худал хэлэн
Харанхуй цүнхээлд биесээ чирсээр
Атаа хорслын мананд төөрнөм бэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Цагаан цэцэгсийн үхлийг тэвэрсээр
Хэн нэгэнд бэлэг болгож өгөхдөө
Сэтгэлдээ яагаад хутга нууж явна вэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Тамхины утаа, дарсны охинд хөөрцөглөн
Аянга цахилгаан мэт аашныхаа зурхай дээр
Зүрхний зүү шидлэн зогсном бэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Цагаахан өвлийг үзээгүй юм шиг
Энэ орчлон бараан гэж
Эрээ цээргүй худал хэлнэм бэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Үснийхээ ширхэгийг гараараа зулгаан
Өглөө эрт самнах гэж оролдохдоо
Уураа барж цаг хугацаагаа зүхнэ вэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Газрын хүйсийг гараараа ухан
Гал голомтоо буугаар шагайчихаад
Эх оронгүй боллоо гэж үглэж сууна вэ
Мэдсээр байж…
Яах гэж хүмүүс
Зовлонгийн хаалгаар чихэлдэн орж
Алдар нэр мөнх хэмээн биччихээд
Эр зоригоо шувуу мэт газардуулнам бэ
Мэдсээр байж…
Би хүртэл
Яагаад…
URL: