“Уучлаарай” гээд өнгөрөх гэж үү
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу иргэдийн ярьж заншсанаар Эх нялхсын төвд 34 настай Т нь гуравдахь хүүхдээ төрүүлэх гэж ирээд эмчийн хариуцлагаг үйгээс болж амиа алдлаа. Хоёр охины ээж тэрээр хөөрхөн хүүтэй болох нь гэж баярлан хоног тоолон суусан ч ийм гай дайрна гэдгийг хэрхэн мэдэх билээ. Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр талийгаач өөрөө эмнэлэгт иржээ. Төрөх хугацаа нь болчихоод байхад өвдөхгүй байгаад сэтгэл нь зовнисон тэрээр эмчдээ үзүүлэхэд “савны амсар дөрвөн хуруу нээгдсэн байна. Хэвтэх шаардлагатай” гэжээ. Тэгэх ч болов уу гээд хэвтэх бэлтгэлээ базааж ирсэн түүнийг удалгүй төрөх тасаг руу оруулсан байна.
Өмнө нь хоёр ч удаа төрсөн болохоор ямар нэгэн хүндрэл гарна гэж ар гэрийнхэн тооцсонгүй. Эсэн мэнд амаржина гэж л төрөхийн үүдэнд хүлээж сууж. Гэтэл удахгүй эх баригч эмч Б төрөх тасгаас орилсоор гарч ирээд эмнэлгийн хонгилоор нэг “Би хүн алчихлаа. Зөвлөх эмчийг дуудаарай. Лам хуврагаа дуудаарай” хэмээн орилж гарчээ. Юу болсныг ойлгоогүй ар гэрийнхэн нь эмчийг тайвшруулах гэж хэрэндээ л зовжээ. Харин эцэст нь дүү нь, хань нь амиа алдсаныг мэдсэн байна. Эмч нарын эрүүл саруул гэсэн эмэгтэй төрөхийн орон дээр амьсгал хураасан харамсалтай явдал юунаас болов гэдэгт ар гэрийнхэн нь янз бүрийн таамаг дэвшүүлж сууна.
Түүнийг төрөхийн хүндрэлээс болж амиа алдсан гэдгийг эмч нар хэлж байгаа ч талийгаачийн ар гэрийнхэн үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь, талийгаач бүх шинжилгээгээ өгч, эмчдээ байнга үзүүлж, өнгөт эход хэдэнтээ харуулсан ч бүгдэд нь эрүүл саруул гэж гарч байжээ. Хүүхдийн өсөлт ч хэвийн гэдгийг эмч нар баталсан байх юм. Харин ар гэрийнхэнд нь эмчийн бурууг батлах хэд хэдэн сэжүүр олджээ. Тодруулбал, анагаахын практикт хүүхэд илүү тээлттэй бол гэдсэндээ томорсон гэж үзэн хийсвэр хийх ёстой аж. Гэтэл эмч Б өөрөөр нь төрүүлэх гэж зүтгэжээ. Ингэхдээ өвдүүлдэггүй тариа хийхдээ доозыг нь хэтрүүлснээс эмэгтэй өвдөлтөө мэдрэхгүй хэт чанга дүлснээс сав нь урагдаж, цус их алдсанаас амиа алдсан байх талтай аж. Мөн хүүхдийг багажаар хэт чанга татсанаас савыг нь хамтад нь гаргаад ирсэн гэж ам алдах хүн ч гарчээ. Эдгээрийн аль нь үнэн гэдэг нь өнөөдөр тодорхойгүй байна.
Харин зөвлөх эмч нь “задлан шинжилгээний хариу гартал бид юу ч хэлж чадахгүй” гэхээс өөрийг хэлээгүй байна. Асуудал үүгээр дууссангүй. Эх нь эндсэн ч 4.800 кг хүү эсэн мэнд төржээ. Эмч нар “эрүүл саруул сайхан хүү төрлөө” гэдгийг ар гэрийнхэнд дуулгаж, аавд нь хүүг үнсүүлээд аваад явжээ. Тэр ч бүү хэл “Та нар ажил явдлаа дуусгаад ир дээ. Бид тэр хүртэл хүүг асарч байя” гээд авч үлдсэн байна. Гэтэл тэр оройдоо утасдаад хүүгийн бие гэнэт муудлаа. Сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн гэдгийг дуулгажээ. Эрүүл төрсөн хүүгийн бие яагаад гэнэт муудав гэдэгт эмч нар хариулахаас татгалзаж байгаа ч тус эмнэлгийн Мэс заслын тасгийн ерөнхий эмч Ганбаяр хүчилтөрөгч дутагдсанаас гэдгийг хэлсэн байна. Хүүг төрөнгүүт инкубаторт хийх ёстой байтал огт хайхрахгүй орхисноос хүү хүчилтөрөгчийн гүн дутагдалд орсон аж. Үүний буруутан нь бас л эмч, сувилагчид.
-Чухам юу болсон юм бэ. Дүүгийн чинь үхэлд эмч нар буруутай гэдгийг та нар хэрхэн баталж байгаа юм бэ?
-Эмч Б үнэхээр сандарсан байсан. Тэр биднийг тайвшруулах байтал бид эсрэгээрээ түүнийг аргадах жишээтэй. Тэрээр “би Т-гаа алчихлаа” гэдгээ өөрөө хэлсэн. Бид бүгдээрээ харсан, сонссон шүү дээ. Тэгсэн бас хүүгийнх нь бие маш муу байна. Эрүүл саруул сайхан хүү төрлөө гэж байсан ч хоёр хоногийн дараагаас хүүхдийн бие муудлаа. Гуравдахь хоногтоо мэс засалд орлоо гээд дөрөв дэх өдөр нь энэ хүүхэд амьдрах чадваргүй боллоо гэж байна. Бид арга ядаад эмнэлгийн дарга Энхбаатартай, эх барьж авсан эмчтэй нь уулзсан. Бидэнд “уучлаарай” гэж хэлэхээс өөр арга алга гэж байх юм. Эмч нар хүүг хүндрэхээс нь өмнө ямар арга хэмжээ авсныг тодруулмаар байна. Амь тавин байж төрүүлсэн үрийг нь хүн болгох нь чухал байна” гэв. Мөн хүүхэд өвчтэй төрөх ямар ч шалтаг, шалтгаан байхгүй гэлээ.
Ээжийнх нь хэвлийд байхад 3D, 4D эхогоор удаа дараа харуулахад хүүхдийн бойжилт хэвийн гэж гарсан байна. Мөн төрснийх нь дараа эх барьж авсан эмч нь “Цоо эрүүл хүүхэд төрлөө” гээд хүүг эцэгт нь үнсүүлж байхад хэдийнэ нүдээ нээсэн байжээ. Бид энэ талаар тодруулахаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд очиход мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Эмнэлгийн дарга, тасгийн эрхлэгчтэй нь уулзахыг хүссэн ч гадуур ажилтай яваа гэлээ. Харин нэрээ хэлээгүй эх сурвалж, “хэвлэлийнхэн шаваад ажлыг нь хийлгэхгүй байгаа тул зугтахаас яахав дээ.
Ямар манай эмч нарын буруугаас боллоо гээд зогсч байлтай биш” гэлээ. Ямартай ч, клиникийн эмч Хишгээ задлан шинжилгээний хариу гарсны дараа тайлбар өгье. Харин эмч Б нь сэтгэл санааны хувьд хэцүү байгаа учраас ажлаасаа чөлөө авсан гэдгийг хэлсэн юм. Үхсэнээс үлдсэн хүү өнөөдөр дөрвөн тасаг дамжиж, хоёр ч удаа хагалгаа хийлгээд байна. Нярай хүүгийн зүрх нь цохилж байгаа ч бүдүүн, шулуун гэдэс, дотор эрхтэн нь ажиллагаагүй болсон байна. Арай ч дээ гэж дуу алдах ч багадмаар санагдана. Хариуцлагагүй, хэнэггүй, чадваргүй эмч нартаа ямар хариуцлага тооцох вэ. Эх үрсийг хагацаасан энэ байдал хэдийд төгсгөл болох вэ гэдгийг салбарынх нь сайдаас асууя.
URL: