Шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэх үеэр олон нийт дахин талцав

1-8Шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэж, Энхтайваны өргөн чөлөөний дагуу “Эсэргүүцлийг илэрхийлсэн дуут дохио” арга хэмжээ болсон юм. Энэхүү эсэргүүцлийг зохион байгуулах талаар Зам тээврийн зөвлөлөөс энэ сарын 7-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн байдаг. Тэднийг зам дээр дуут дохио дуугаргахыг уриалах үеэр Замын цагдаагийн алба хаагч тэднийг “зайл” хэмээн хөөсөн нь олныг бас л талцуулаад амжив.

Өнгөрсөн амралтын өдрөөр болсон энэ үйл явдлын үеэр жолооч нар эсэргүүцлийг дэмжиж 1 минутын турш дуут дохиогоо дуугаргаж байв. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид явган зорчигчийн ногоон гэрэл асах үед гарцан дээр лоозон барьж зогсоод жолооч нарыг уриалж байсан юм. Харин Төв шуудангийн уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдаагийн алба хаагч тэдэнтэй нэлээн ширүүхэн харьцсан бололтой, улмаар тэднийг “зайл” хэмээн хөөжээ.

Нэг хэсэг нь авто зам дээр үүргээ гүйцэтгэж байгаа зохицуулагчийн хэлсэн үгийг авто зам дээр зорчиж буй хүн бүхэн биелүүлэх учиртайг сануулж байсан бол нөгөө хэсэг нь мөнгөтэй, бэлтэйд үйлчилдэг зарим цагдаагийн алба хаагчид ийм дээрэнгүй, онгироо байдаг юм гэх мэтээр бухимдлаа илэрхийлж байв. Түүнчлэн ард иргэдийнхээ мөнгөөр цалинждаг байж тэжээдэг хүмүүс рүүгээ өс хонзонтой мэт авирладаг төрийн иймэрхүү алба хаагчдыг өөрсдийг нь зайлуулах хэрэгтэй гэхчлэн маргаан өрнөв. Ямартай ч энэ байдал удаан үргэлжлэлгүй, тэдний хэн ч зайлах шаардлагагүй болсон ч харин олны сэтгэгдэл нэг хэсэгтээ хөвөрч байна.

Зам тээврийн зөвлөлөөс дуут дохиот эсэргүүцлийн үеэр төр засгийг хулгайч мууртай зүйрлэж, баяр ёслолын үеэр үнэ нэмдэг гэдгийг тодотгон хэлээд, наймдугаар сард шатахууны үнийг дахин нэмэх гэж байна гэдгийг дуулгав.

2018 онд нийт гурван удаа үнэ нь нэмэгдсэн шатахууны үнийн хөөрөгдлийг дагаж өргөн хэрэглээ болон хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаад байгаа билээ. Тиймээс ард түмний шар гэрлийг асааж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Нийгэмд өрнөж буй үйл явдал болгонд манай иргэд байнга л талцан хуваагдах юм. Уг нь эвтэй байж хүчтэй болмоор байх юм даа.

http://undesten.mn/56608.html


URL:

Сэтгэгдэл бичих