Тойм: Энэ жилийн наадмын эхний өдөр
Өнөө жилийн наадам нар хур тэгширсэн сайхан өдрүүдээр тохиож байна. Ялангуяа Хүй долоон худгийн хурдан морины уралдааны зам чийгтэй, тоос шороогүй, цаг агаар сэрүүвтэр таатай байна.
-Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан бөгөөд энэ удаа тусгаар тогтнол, хэл, бичиг, газар шороо, ёс заншил, өв соёл зэрэг үндэсний аж байдал, ахуй амьдралын соёлын онцлогийг чухалчилсан есөн хэсгээс бүрджээ. Нээлтийн тоглолтонд нийтдээ 2000 орчим хүг оролцсон байна.
Энэ жилийн наадмын нээлт сайхан болж, гадаадын жуулчид үүнийг олимпийн нээлттэй зүйрлэсэн нь харагдана.
-Өчигдөр баярын наадам хурдан азарганы уралдаанаар эхэлсэн. Нийтдээ хурдан азарганы уралдаанд 199 азарга шандасаа сорьсноос Төв аймгийн Угтаалцайдам сумын Баянжаргалын Баттөрийн халиун азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн азарга хурдалсан байна. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, тод манлай уяач Д.Баянбатын наран хонгор , Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Н.Атарбаярын зээрд, Х.Доржпүрэвийн хүрэн азарга тус тус айрагджээ.
-Их насны морьдын уралдаанд газар газрын 386 хүлэг шандасаа сорилоо.
Хурдан морь сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг, таавар дэвшүүлдэг Их насны морьдын уралдаанд Багахангай дүүргийн Ганбаатарын Буянтогтохын халзан морь түрүүллээ. Аман хүзүүнд Тод манлай уяач Ц.Батсайханы бор, гуравт Дундговь аймгийн Б.Дагва-Очирын хул халзан морь хурдаллаа. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд айрагдлаа.
-Соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Амарсанаагийн Бигүүтэйгийн хурдан хонгор халзан үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Цэрэндоржийн Мөнхбаярын цавьдар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Доржсүрэнгийн Ганхуягийн хээр үрээ гуравт хурдлав. Айргийн дөрөв, тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мөнхсайханы хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.
-Хэдийгээр бөхийн холбооныхон хоорондоо маргаантай байгаа ч бөхчүүд маань улсын их баяр наадмаа хүндэтгэн бүгрд барилдаж байна. Энэ жилийн наадамд 512 бөх зодоглож байна. Одоо эдгээрээс гурвын даваанд 128 бөх үлдлээ.
Энэ жилийн хоёрын даваанд Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Х.Гантулга нарын улсын цолтнууд аймгийн цолтой бөхчүүдэд унаж, энэ жилийн наадмыг эрт өндөрлүүллээ.
http://www.zaluu.com/read/265935d8c
URL: