У.Хүрэлсүх “Шивээ-Овоо”-н талаар шүүхэд тайлбар гаргахдаа…
“Шивээ-Овоо” ордын лицензитэй холбоотой мэдээллийн ээлжит цуврал эрхэм танд хүрч байна. Өнгөрсөн удаа бид “Шинэ-Шивээ” ХХК,13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрлийг Монголын төрд буцааж өгөхдөө хийсэн гэрээг нийтэлсэн. Засгийн газрыг өвдөг сөхрүүлж хийсэн тэрхүү дээрэнгүй гэрээг залгуулан У.Хүрэлсүхийн хийсэн хачирхалтай гэмээр мэдэгдлийн талаар хүргэхээр бэлтгэлээ.
Асуудал өндрөө авсан 2006, 2007 оны үед У.Хүрэлсүх Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн сайдаар ажиллаж байсныг санаж буй биз. Арга нь барагдаж, асуудал нь мухардсан Шивээ-Овоо уурхайн тэр үеийн удирдлагууд мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан байдаг. Амаар, албан бичгээр аль алинаар нь хандаад ямар нэг тайлбар авч чадалгүй байж байтал шүүх хурлын тов зарлагджээ. Төр өмчөө хулгайд алдсан эл хэргийг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй мэргэжлийн хяналтын байгууллагын байр суурийг илэрхийлсэн албан тоот ирснийг олж мэдсэн аж. Ингээд хавтаст хэрэгтэйгээ танилцах явцдаа тэрхүү тайлбарыг олж харсан уурхайнхан жинхэнэ шоконд орсон хэмээдэг.
Учир нь У.Хүрэлсүх сайдтаны илгээсэн албан тоотыг ерөнхийд нь утгачилбал “уурхайн удирдлагууд лицензи нэмж авах асуудлаар өмнө нь хандах ёстой байсан. Одоо нэгэнт өөр компани авчихаад байхад ингэж маргаан үүсгэх нь хууль зүйн хувьд боломжгүй” гэх боловсон “даажигнаан” байсан аж. Төрийн өмчийг хууль бусаар завшчихаад байхад төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж буй эрхэм сайдтан ийнхүү доог тохуу хийн тоомжиргүй хандсан нь гайхалтай. Тэр тусмаа У.Хүрэлсүх шиг халуун цустай эх оронч шүү дээ. Намынхаа шатсан тугыг бариад төрийн ордныг нураах дөхдөг сайдтан улаан цайм хууль зөрчөөд лицензийг авчихсан хувийн хэвшлийн хэдэн нөхдөд ийнхүү тал зассан нь эрхгүй анхаарал татаж байгаа биз. Зүй нь бол эх орондоо, эд хөрөнгөндөө эзэн байя гээд л ханцуй шамлаад үзэж тарах ёстой биз дээ. Гэтэл шүүх рүү хэний эрх ашгийг өмгөөлөөд байгаа нь мэдэгдэхгүй тайлбарыг сэм илгээж, “Шивээ-Овоо”-н хойдохыг уншилцсан байх юм.
Саяхан даа, нэгэн хэвлэлд Шивээ-Овоогийн ордын лицензийн наймаанд Я.Содбаатар, У.Хүрэлсүх нарын МАН-ынхан оролцсон, “Шинэ-Шивээ”-н нууц ноёнтнууд нь тэднийг хэмээн бичсэн нь бас ч оргүй таамаг биш бололтой. Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордыг хууль бусаар эзэмшсэн энэ асуудлын талаар бид дахин шинэ мэдээллийг хүргэх болно.
URL: