У.Хүрэлсүх: Хүн бүрийн сэтгэл зүрхэнд энэрэл нигүүлслийн гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Уудам эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч буй Уужим эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа Эх орон нэгт, элэг нэгт нийт Монголчуудаа Та бүхэндээ Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол түмний баатарлаг түүхийн тод илэрхийлэл, өнө эртний соёл, төрт ёсны үнэт өв уламжлалтай дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотолзуулан эхэллээ. Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам билээ.
Хүчит бөхчүүд нь гарьд магнай, шандаст хүлгүүд нь тод магнай, мэргэн харваачид нь цэц магнай, төрийн сүлдээ цэнгүүлж түмэн олноороо босоо хийморьтой сайхан наадаарай.
Айл өрх бүрийн хойморт аз жаргал, баяр баясал цалгиж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд энэрэл нигүүлслийн гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай.
Морин дэл дээр ассан Монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.
Монгол эх орон минь ганхашгүй бат мандан бадрах болтугай.
Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.
URL: