НҮБ-ын “Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” хөдөлгөөнийхэнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, хатагтай Элизабет Няамаяаро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” хэмээн нэрийг нь орчуулж болох энэхүү хөдөлгөөн 2014 оноос үүссэн бөгөөд хүйсийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн оролцоог нэгтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Богино хугацаанд дэлхий дахиныг хамран өргөжсөөр буй “HeForShe” хөдөлгөөнд Монгол Улсыг хамруулах санаачилгыг УИХ-ын гишүүн А.Ундраа гаргаж, өчигдөр НҮБ-ын Хүн амын сан, Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн ордны Их танхимд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчид, олны танил эрхмүүд болон залуус​,​ иргэд оролцсон чуулган зохион байгуулж, “HeForShe” хөдөлгөөний Монгол дахь албан ёсны нээлтийг хийсэн юм.

  32429

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас санаачилсан, өдгөө дэлхийн 50 гаруй улсыг хамраад байгаа “Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” хөдөлгөөн албан ёсоор Монгол Улсад эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Хүний эрхийг хангах, хүйсийн тэгш байдлыг эрхэмлэх, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс сэргийлэх асуудал Монгол Улсын төрийн бодлогын төвд байдаг бөгөөд НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хамгийн түрүүнд дэмжиж, өөрийн орны онцлогийг тусгасан хөтөлбөр батлан хэрэгжүүлж буй орон бол Монгол юм. Бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг тууштай дэмждэг. Тухайлбал, улс төрийн намууд дүрэм, журамдаа энэ талаар тусгасан байдаг. Өдгөө парламентын олонхийг бүрдүүлж байгаа Монгол Ардын Нам гэхэд УИХ-д нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байна гэж дүрэмдээ заасан. Энэ удаагийн парламентад түүхэндээ хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн ажиллаж байна” гэлээ.

Гэхдээ цаашид анхаарах ёстой, бэрхшээлтэй асуудлууд цөөнгүй байгаа талаар тэрбээр тэмдэглээд, “НҮБ-ын Хүн амын сангаас санаачлан Үндэсний статистикийн газартай хамтран 2017 онд хийсэн Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан өнгөрсөн 6-р сард гарсантай танилцахад эмзэглэмээр тоо баримтууд гарсан” гэж онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээрх хууль эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулах чиглэлээр УИХ нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. “HeForShe” хөдөлгөөний Монгол дахь үйл ажиллагаа бидний энэхүү хүчин чармайлтад дэмжлэг, түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.

АНУ-ын Төрийн департаментад Дэд сайдаар ажиллаж байсан, Элчин сайд, хатагтай Мари Кармен Апонте эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд улс орон бүхэнд, түүний дотор АНУ-д ч байдаг. Төрд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал гэдгийг сүүлийн жилүүдийн улс төрийн үйл явц улам тодорхой харуулж байна. “Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” хөдөлгөөний шинэ гүүрийг босгох гэж бид Монголд ирсэн. Энэ гүүр Америк, Монгол хоёр улс, хоёр орны эрчүүдийн эмэгтэйчүүдийнхээ сайн сайхан, тэгш эрхийн төлөө зүтгэх аяныг холбох бат бөх гүүр байна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

“HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, хатагтай Элизабет Няамаяаро “УИХ-ын гишүүн А.Ундраа манай хөдөлгөөний манлайлагч, дэмжигчдийн нэг гэдгийг юуны өмнө онцолж хэлэхийг хүсэж байна. Дэлхийн хүн амын 50 хувь нь болсон эмэгтэйчүүдэд ижил тэгш боломж олгох замаар тогтвортой хөгжил хангагдана. НҮБ-ын Ерөнхий ассамблей ирэх есдүгээр сард болох хуралдаанаараа жендерийн асуудлыг хөндөж ярилцана. Энэ үеэр Монголын тухай бид онцгойлж ярих болно. Манай хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж орсноор хүйсийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх түүхэн үе эхэлж байна гэж би ойлгож байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-д эмэгтэйчүүдийн албан бус бүлэг ажиллаж буй талаар мэдээлээд, Монгол Улсын парламент “HeForShe” хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.

·Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхийн хүйсийн тэгш бус байдал”-ын жагсаалтад Монгол Улс 53-рт, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор 107-рт байгаа нь муу үзүүлэлтүүдийн нэг ажээ.

·УИХ-ын гишүүдийн 13.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хувийн хэвшлийн салбарын удирдах түвшний ажилтнуудын 15 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

·Монголд эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгааны үр дүн гарчээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих