Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.  Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

32427

   Үүнд:

 -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангах;

-Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд  хяналт тавьж,  удирдлага зохицуулалтаар хангах;

-Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүн нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай холбоотой ажиллах;

-Баяр, амралтын өдрүүдэд шуурхай албаны болон аврах, гал унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж шатахууны дүүргэлтийг 80 хувиас доошгүй байлгах;

-Алба хаагчид нь төв, орон нутгаас гадагш гарах тохиолдолд шууд захирах дарга /захирагч/-аас зөвшөөрөл авч явсан, ирсэн тухайгаа дарга /захирагч/-д биеэр илтгэж мэдэгдэх;

-Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тохиолдолд хариуцсан дарга нар үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, ерөнхий эргүүлд тухай бүр танилцуулж байх;

-Аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, албад, мэргэжлийн ангийн томилгоот албан тушаалтныг үүрэг чиглэлээр хангах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг газрын дарга нар шуурхай зохион байгуулж удирдлагаар хангах;

– Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан шуурхай хүргэх;

  -Баяр, амралтын өдрүүдэд хүн ам олноор цугларах худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах;

-Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол, мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

– Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж явуулах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих