Парламентын босгыг өндөрсгөх шалтгаан
Зөвшилцөл босгон дээр тулж ирлээ. Сонгуулийн хуулийн зөвшилцөл мажоритари, пропорционалиас эхэлж байсан бол хагас жилийн зөвшилцлийн үр дүнд босгонд тулсан нь энэ.
Хуулийн хугацаа дуусахаас 10 хүрэхгүй хоногийн өмнө босго давалгүй бүдэрчихвий гэсэн битүүхэн айдас зарим улстөрчдөд байгаа. Болдог бол тосч аваад өргөөд босго давуулчихмаар байгаа ч зөвшилцөл гэдэг хэцүүхэн асуудал давааг нь улам өндөрсгөөд байдаг.
Өчигдөр УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нарын хэлж буйгаар шилжилт хөдөлгөөнд босго тогтоохоос бусад асуудал гараас гарч хууль баталсныг нотлох алх цохиход бэлэн болсон гэнэ. Өмнө нь босго гэх нэр томъёо гарч ирээгүй байхад мөн л ингэж хэлж байсан. Түүгээрч барахгүй удаа дараа ирэх долоо хоногт Сонгуулийн хуулиа батална гэж мэдэгдэж байлаа. Ёстой Монголын маргааш ямар дуусах биш гэдэг шиг Монголын ирэх долоо хоногт ямар дуусах биш.
Энэ долоо хоногт чихнээ ижил дасал болсон “ирэх долоо хоногт хуулиа батална” гэсэн үгийг дахин сонслоо. Энэ үг мөн л босго давж чадахгүй бүдчээд л байна. Ийнхүү Сонгуулийн хуулийн шилжилтийн босго хувь чуулганы танхимын босгыг давж чадахгүй байгаа олон шалтгаан байна.
Хоёр намын бүлгийн хувьд 48:28 дээр тохирсон. Харин намын нэрээр нэрсийн жагсаалтаар санал авахад хэдэн хүнийг яаж оруулах вэ гэдэг дээр зөрчилдөөд байгаа. Ардчилсан намын бүлэг 48-аасаа шийдэх нь зүйтэй, мандат дотроо багтаад хамгийн олон санал авсан бол шууд УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно. Мандат дотроо багтаагүй, шууд сонгогдож чадаагүй нь авсан саналаараа эрэмбэлээд улсын хэмжээнд нэг том жагсаалт гаргах аж.
Эндээс намынхаа авсан саналын хувиар орж ирэх эрхтэй болох юм. МАН 12 хүнийг оруулж ирэх эрхтэй боллоо гэхэд 48-аасаа эрэмбэлээд оруулъя гэсэн боловч АН-ын бүлэг хүлээж аваагүй. Тиймээс эрэмбэлэгдэхэд босго тавина гэдэг ч 100 хувь 48-аасаа тавина гэхээсээ илүү 28 дотроосоо оруулах үүднээс босго тавьж байгаа юм. Гэхдээ энэ босго хэдэн хувь байхыг одоогоор тохиролцоогүй байна.
Энэ нь парламентын босгыг өндөрсгөж байгаа том шалтгаан. Нөгөөх нь гишүүд жил бүр тойрогтоо хуваарилуулж авдаг нэг тэрбум. Ирэх жил нэг тойрогт гишүүдийн тэрбумаас гадна хоёр тэрбум төгрөг илүү төсөвлөгдсөн. Төрийн нэрийг барьж, нүүрээ улалзуулан, ширлэн байж их мөнгө зарцуулчихаад сонгуулийн тоглоомын гадна үлдэнэ гэдэг харамсалтай.
Тэгэхээр ийм бодолтой нөхдөд сонгуулийн хуучин хууль байх хэрэгтэй. Дараагийн шалтгаан нь одоогийн парламентад эцгийн эрхт ёс, хоёр нам эрх мэдэл ноёрхож байна. Шинэ хууль батлагдвал гуравдагч хүчин, эмэгтэйчүүд нэмэгдэнэ.
Ийм прогноз байгаа нь 73 харчуулд босгоо өндөрсгөх шалтаг болж байна. Тэгэхээр тойргоос пропорциональ 28 хувь руу шилжих босгоос илүүтэй парламентын босгыг өндөр байлгах сонирхол давамгайлж байна.
URL: