Би pub ажиллуулна, учир нь

Социализмын үед оюутнуудад сap бүр тэтгэлэг олгодог байсан гэдгийг сонсоод ямар гоё юм гэх бодол надад төрж байж билээ. Гэхдээ 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс хувийн болон улсын их дээд сургуулиудын оюутнууд cap бүр 70000 төгрөгийн тэтгэлэг өгөхөөр болсон.

Зарим нэгэн хүмүүст энэ их мөнгө биш заримынх нь хувьд олдошгүй их мөнгө. Гэхдээ энэхүү cap бүр өгөх 70000 төгрөг ямар замаар хэний карманд орж хэрхэн үрэгдэх нь нэг л сэжигтэй. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй “pub”, “bar’’-ыг дүүргэж байгаа хүмүүсийн ихэнх нь мөнгөгүй, өлсгөлөн, өрөвдөлтэй гэж хэлэгддэг оюутнууд гэдгийг хэн ч мэдэх биз.

Мөнгөгүй гэдэг нэр зүүж долоо хоног бүрийн хоёроос гурван өдрийг шоудаж өнгөрөөдөг тэд, 70000 төгрөг авах юм бол долоо хоногийн долоон өдөр шоудах биз. Тэгэхээр энэ хэдэн үйлчилгээний газрын эздүүдийн түрийвчийг өнөөх тэтгэлэг харин ч нэг зузаалж өгөх нь дээ. Тийм болохоор би “pub”, “bar” ажиллуулна гэж төлөвлөчихөөд байгаа хэрэг.

Cap бүр хүний хөгжлийн мөнгө гэж 21000 төгрөг дээр нь 70000 төгрөг авна гээд баяжиж гүйцэх оюутнуудын халаасыг тэмтрэхээ би бас мэдэхтэйгээ. Cap бүрийн 15-наас олгож эхэлдэг энэ мөнгийг авахаар банкны үүдэнд дугаарлан зогсож байгаа хүмүүсийн ихэнх нь оюутнууд. Ингээд оюутнуудын зугаа цэнгэлийн буюу шоудалтын үе эхэлж байна.

Манай улс архины хэрэглээгээрээ дэлхийд нэлээд дээгүүр бичигдэж байдаг. Хэтрүүлээд хэлэхэд тэдний ихэнхийг нэргүй архичид буюу оюутнууд эзэлж байгаа. Үүнтэй маргах хүн бараг л байхгүй биз. 21000 төгрөгөөр өлхөн шоуддаг байсан тэд 70000 төгрөг авахаар яаж шоудах нь ойлгомжтой. Улс орны ирээдүй болсон тэдний замыг нь төрийн дээд түшээдүүд заагаад өгчихөж байгаа нь юутай их гаслан.

Магадгүй оюутнуудад мөнгө өгөх болсон нь УИХ-д дахин сонгогдох гэж хийж байгаа үйлдэл байх. Бас болоогүй ээ, хичээл таслаагүй онц сурдаг оюутанд өгнө гэчихсэн байх юм. Миний мэдэхээр онц муу сурдаг гэж оюутнуудыг бараг л ялгаад байдаггүй санагдана. Тэгэхээр бараг бүгд авна гэсэн үг. Гэхдээ өнөө цагийн оюутнууд дэндүү азтай бас “даварчихжээ”.

Тэдний төлбөрийн 500 мянгыг нь улс даана, cap бүр 70000 төгрөг авна, нийтийн тээврээр үнэгүй зорчино гээд тэдэнд төр засгийн зүгээс үзүүлэх тусламж дэндүү их болж. Гэвч тэд дөрвөн жил жаргачихаад эргээд улс эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээж байна уу гэвэл үгүй. Тэдний ихэнх нь хэдэн худалдааны төв, зах, дэлгүүрүүдэд худалдагч буюу наймаачин болж арчаагүй нэг нь архинд орж гэрийн буг болоод явж байгаа.

Ингэхээр тэдэнд мөнгө өгөх шаардлага байна уу даа гэх бодол төрөх юм. 70000 төгрөг өгсөнөөр тэднийг өөрсдийг нь хөнөөж байгаа гэдгийг яаж ойлгуулах вэ.

Нийт Монголын оюутнуудыг хэлж байгаа биш хэдий ч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгч л болно шүү дээ. Магадгүй тэднийг ингэж даврааж байгаа нь эргээд өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгч л болох бий дээ хэмээн айж байна. Учир нь тэднийг ийнхүү бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж сурсан зүйлгүй хийсэн ажилгүй нийгмийн эмзэг бүлэг рүү явах замыг нь заагаад өгч байгаа болохоор.

-Тэгэхээр тэд энэхүү мөнгийг өгсөнөөрөө энэ хүмүүстэй насан туршдаа зууралдах хэрэг гарна гэсэн үг юм. Энэ талаар эргээд нэг бодвол яасан юм вэ? Заавал энэ мөнгийг өгөх гээд байгаа бол өөр хэрэгтэй зүйлд нь хөрөнгө оруулалт хийж өгвөл болохгүй гэх зүйлгүй мэт санагдана. Харин энэ талаар оюутнууд, багш энгийн иргэд ямар бодолтой байгаа бол…

“Монос” АУДС-ийн уламжлалын ангийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Бямбацогт:

-Өгөх нь зөв. Хүмүүсийн хувьд шоу цэнгээндээ зориулна гэж яриад байгаа боловч тийм хүмүүс нь арай цөөхөн байгаа байх гэж бодож байна. Миний хувьд энэ мөнгийг хэрэглээндээ зарцуулна. Ном дэвтэр хичээлээ канондуулах гээд мөнгө хэрэгтэй болдог үе зөндөө шүү дээ. Аав ээжэс cap бүр авдаг байсан мөнгө нь хасагдана гэсэн үг.

МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Геофизикийн нэгдүгээр курсын оюутан Э.Билгүүн:

-Дэмжиж байгаа. Манай оюутнуудын ихэнх нь цагийн ажил хийдэг. Үүнээсээ болж хичээлээсээ хоцрох, хоцрогдох гээд асуудал их. Тийм болохоор 70000 төгрөгийг cap бүр оюутнуудад өгсөнөөр хичээлдээ бүх анхаарлаа хандуулж илүү сайн сурах байх гэж бодож байна. Яахав энэ мөнгийн буруугаар ашиглаж шоу цэнгээнд зарцуулах оюутнууд байж болох ч энэ нь цөөхөн болов уу.

МУИС-ын Физик электроникийн сургуулийн Геофизикийн хоёрдугаар курсын оюутан М.Батхишиг:

-Миний хувьд хүний хөгжлийн 21000 төгрөгтэйгээ нийлүүлж цуглуулж байгаад notebooK авна гэж бодож байгаа. Энэ мөнгийг буруу зүйлд зарцуулна уу яаж үрэх нь хувь хүний эрх. Хүмүүс 21000 төгрөгөө яаж үрдэг билээ. Гэхдээ ихэнх нь зөв зүйлд зарцуулна байх.

МУИС-ийн англи хэлний багш Н.Нямгэрэл:

-Оюутнуудад 70000 төгрөг өгч байгаа нь амьдрал ахуйд нь хувь нэмэр болох байх. Гэхдээ миний бодлоор оюутнуудад бэлэн мөнгөөр өгч байснаас өөр зүйлд нь хөрөнгө оруулалт хийсэн дээр гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд оюутнууд маань улсаас зөндөө их тэтгэлэг авч байна шүү дээ. Тийм болохоор арай л өөр зүйл нь хөрөнгө оруулалт хиймээр санагдах юм.

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш М.Зулькафель:

-Яг үнэнийг хэлэхэд энэ 70000 төгрөг оюутнуудад бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байгаа юм. Энэ мөнгөөр яагаад оюуны хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж. Өнөөдөр оюутнуудыг төрөөсмаш их анхаарч байгаа. Сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг, хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын унааны зардлын тавин хувийг нь буцаан өгдөг гээд.

Тийм болохоор тэдэнд энэ мөнгийг нь нийлүүлж байгаад nотевоок, ном сурах бичигт эсвэл нийтийн тээврээр үнэгүй явах билетэнд нь шилжүүлэн зарцуулж яагаад болохгүй гэж. Олон жил багшилж байгаа хүний хувьд хэлэхэд энэ мөнгийг буруу зүйлд зарцуулах хүүхдүүд олон байгаа. Мөнгө авсан өдрөө баар ресторанд ороод ам нь халаад бүх мөнгөө дуусгачихыг үгүйсгэхгүй.

Архи дарс ууснаар хэрэг төвөгт орно гээд асуудал их. Одоо энэ 21000 төгрөгийг хүмүүс янз бүрээр л үрж байна. Амьдралд нь тус болж байгаа ч зарим нэг нь шууд архи аваад уух жишээтэй. 21000 төгрөг дамжсан өр их болсон байна. 10000 төгрөг зээлээч 21000 төгрөгөө буухаар нь өгье гээд.

Оюутнуудын хувьд ч мөн ийм байдал үүснэ. Надад өөр бас нэг бодол байна. 1980-аад оны үед бүх оюутнууд тэтгэлэг авдаг байсан. Тэр үед сургуулиар дамжуулж тэтгэлгийг нь өгдөг байсан учраас хичээл тасалсан оюутнуудын тэтгэлгээс хасдаг байсан болохоор оюутнуудын дунд мөнгийг сургуулиудаар нь дамжуулан өгөх хэрэгтэй.

Иргэн Б.Энхжаргал:

-Би хоёр оюутан хүүхэдтэй. Зөв гэж бодож байгаа. Энэ үеийн оюутнууд азтай. Харин бэлнээр өгөх нь инфляци өсгөх гээд сөрөг тал байж болох учраас өөр зүйлд нь хөрөнгө оруулалт хийж өгч болно. Хамгийн гол нь энэ мөнгө хэрэгтэй зүйлд нь зарцуулагдан тухайн оюутанд очиж л байх нь чухал.

Г.Тогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих