Б.Чойжилсүрэн та яасан ханаж цаддаггүй юм бэ?

712-153086130611(378)УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн та их баян хүн, бас их ажилсаг мундаг хүн. Бас таныг шуналтай хүн байх гэж бид бүхэн ойлгож байна. Яагаад гэвэл та Өмнөговь аймагт нүүрс ухлаа ч гэх шиг, Тос тосон бумбын ордыг нураалаа ч гэх шиг, Төв цэнгэлдэхийн ойг сүйтгээд “Japan Town”- ны газрыг булаагаад, Нарны гүүрний олон нийтийн гэгддэг газрыг хувьдаа өмчлөөд авсан гэж дуулдах юм. Энэ бүхэн үнэн эсэхийг мэдэхгүй. Хэрвээ үнэн бол та яасан ханаж цаддаггүй ах вэ.

Чойжилсүрэн ах таны эзэмшлийн “Хурд групп” Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зургийг өөрчилж, “Эм Би Би Ди” ХХК-ийн Есөн- Эрдэнэ хороолол, “Наран” ерөнхий боловсролын дунд сургуулийн урд талаар гурван метр өндөртэй тоосгон хана барьсан.
Ингэж Их хурлын гишүүн, эрхэм ноён, Монголын толгой баячуудын нэг Чойжилсүрэн та манай сургуулийн хүүхдүүд бид бүхний эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань ноцтойгоор зөрчиж, бид бүхнийг үл тоож байна. Та Монголынхоо ирээдүйг боддоггүй юм уу. Монголд өнөөдөр хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг та мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Дөнгөж хоёрхон хоногийн өмнө Бэлхийн тэнд аав, ээжээсээ зайрмагны мөнгө аваад зайрмаг авахаар гүйж явсан ах, дүү хоёрыг урсгал сөрсөн машин дайрч амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Тоглоомын талбайдаа тоглож байсан хүүхэд хаалганы төмрөнд даруулж амиа алдлаа. Эмийн санд очсон хүүхэд тогонд цохиулж амиа алдлаа. Сүүлийн хэдхэн хоног дараалан болсон энэ аймшигт хэргүүдийг хараад бид бүхний сэтгэл шимширч байна.
Бидэнд өнөөдөр амьд явах баталгаа алга байна. Бүр сүүлдээ сургууль руугаа орж, гарах эрхээ ч хасуулж байна. Танай компанийн балгаас болж эрдэм боловсрол олж авахын тулд бид хэдэн давхар хаалга дамжиж, гурван метр босгосон цементэн ханыг нь нэвтэлж замаар гарч байна. Та адилхан үр хүүхэдтэй хүн байх. Сурч боловсрохын төлөө зүтгэж яваа бид бүхнийг бодож хайрладаггүй юм уу. Мөнгө, эрх мэдэлд дургүй хүн гэж юу байхав. Баян байгаа нь, мөнгөнд дуртай байгаа нь таны буруу огтхон биш. Гэвч та төрийн түшээ хүний хувьд хууль журмаа дээдлээч ээ.
Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 17-ны өдрийн захирамжаар “Эм Би Би Ди” ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон байдаг. Үүний дагуу 12 давхар 642 айлын орон сууц, дөрвөн давхар үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг олгосон байна. Тэгэхдээ “Эм Би Би Ди” ХХК-ийн Есөн-Эрдэнэ хотхоны болон үйлчилгээний төвийн барилгын орц, гарцыг Нарны хорооллын хойд зам руу гарахаар ерөнхий төлөвлөгөөг баталсан аж. Гэвч танай “Хурд групп”ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөөгөөний газраас баталсан зургийг өөрчилсөн. Ийм хууль бус үйлдлийг чинь бид дэмжихгүй ээ. Тантай тэмцэнэ ээ. Олон зуун хүн, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Эрхэм гишүүн та хүний төлөө, ирээдүй хойч үе хүүхэд багачуудынхаа төлөө “За” гэж хэлээч ээ. Сургуулиасаа гэртээ ирэх хооронд та бүхнийг шуналтай гэж хэлж болохоор байдлаас болж бидний амь нас эрсэдвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ. Хэрвээ хүүхэд машинд дайруулбал аав, ээжийнх нь амыг та мөнгөөр хаачихна гэж бодож байна уу. Хүнд үр хүүхдээс нь илүү үнэт баялаг байдаггүйг та мэднэ дээ. Батболд захирал та хоёрын асуудал тэндээ л юм байгаа биз. Бид ямар ч байсан эрхийнхээ төлөө тэмцэх болно гэдгээ хэлье.
“НАРАН” СУРГУУЛИЙН 4А АНГИЙН ХАМТ ОЛОН

URL:

Нэр: Anonymous Огноо: 6 July 2018

tuv tsengeldehiig halhalj barilga barij bgaag zogsooyo

Сэтгэгдэл бичих