ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД АЖИЛ ХАЯХГҮЙ
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд улс орон даяар ажил хаялтыг өнөөдөр зарлах байсан ч түр хугацаагаар хойшлуулжээ.
Өчигдөр орой 17.00 цагт дахин ажил хаялтын талаар шуурхай хуралдааныг Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нарын дунд зарлажээ. Тус хуралдаанаараа ажил хаялтыг хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад холбогдох албаныхантай тус холбооны төлөөлөл уулзалт хийжээ. Уулзалтаар 26 зүйл заалттай хэлэлцээрийн 24-ийг хуульд нийцсэн хэмээн үзэж, бүртгэж авсан ч цалинтай холбоотой хоёр заалтыг хуульд нийцүүлж, дахин судалсны дараа бүртгэх боломжтой гэсэн хариу өгчээ. Тиймээс ажил хаялтаа түр хойшлуулаад байгаа аж.
Энэ талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Өнөөдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээж авч уулзсан.
Энэ уулзалтаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийн дөрвөн бүлэг, 24-г нь бүртгэж авснаа мэдэгдсэн. Тиймээс маргаашийн буюу долдугаар сарын 5-нд хийх ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн түр хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ эрүүл мэндийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөнөө зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Харин өнөдөр 10.00 цагт Эрүүл мэндийн яам болон салбарын үйлдвэрчний эвлэл тав таван хүний бүрэлдэхүүнтэй дахин хуралдаж, хоёр заалтаа хуульд нийцүүлэн, хэлэлцээрээ дахин бүртгүүлэхээр тохирчээ.
О.Сайхан
URL: