“Hill side” хотхоны зэлтэрийн гацаа хэзээ арилах вэ?

712-15306727297-4-5й1Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр оршин суугч, барилгын компани, СӨХ, хүчний байгууллагынхны “мөргөлдөөн” цахим орчныг шуугиулсан. Энэ нь ямар учир “жанцан”-тай болохыг бид эрэн сурвалжилсан юм. Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд орших “Hill Side” хотхоны оршин суугчид болон барилга барих зөвшөөрөлтэй “Солонго лайн” компани хоорондын газрын маргаан “дэгджээ”. Учир нь оршин суугчид нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлж өгөхийг тус компаниас шаардсан байна. Ингэхдээ “Хамтын хүч-9” СӨХ-гоороо дамжуулснаа оршин суугчид хэлэв.

МАРГААН ДЭГДЭХ ШАЛТГААН
“Солонго лайн” компани “Ти Си Ди” компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж эхэлсэн аж. Тодруулбал, гарч байгаа асуудал ба маргааныг “Ти Си Ди” компани хариуцаж байгааг “Hill Side” хотхоны оршин суугчдад мэдэгдэхийг дахин, дахин сануулан албан бичиг хүргүүлсэн хэмээн эх сурвалж хэлэв.
“Солонго лайн” компани 1996 оны тавдугаар сард “Hill Side” хотхон орчмын газарт барилга барих зөвшөөрөл авчээ. Ингээд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулан орон сууцны зориулалтаар босох “Hill Side” хотхон баригдсан байна. Хоёр компани хооронд байгуулсан гэрээнд орон сууцны барилгын борлуулалтыг бүтээн байгуулалтыг барьж дуусгасны дараа борлуулах тухай заалт байгаа аж. Гэтэл “Ти Си Ди” компани гэрээгээ зөрчин барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад буюу 2013 онд оршин суугчдад борлуулж эхэлсэн байна. Энэ цагаас эхлэн “Солонго лайн” компани гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж эхэлснээ ярилаа. Тус компанийн гүйцэтгэх захирал А.Бат-Эрдэнэ “Манай компани анх 1996 онд Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд 6932 ам метр талбайтай газрыг эзэмших зөвшөөрөл авсан. Түүний дараагаар 2008 онд барилга барих зөвшөөрөл авч ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Ингээд гарч байгаа асуудал ба маргааныг “Ти Си Ди” компани хариуцаж байгааг “Hill Side” хотхоны оршин суугчдад мэдэгдэхийг дахин, дахин сануулж албан бичиг хүргүүлж байсан. Улсын комисс хүлээж аваагүй, албан ёсны зөвшөөрөлгүй цогцолборт байр зарж оршин суугчдыг оруулсан нь Монгол Улсын Барилгын тухай хуулийг зөрчиж байгааг ч сануулсан. Энэ бүхэн 2013 оноос эхэлсэн юм шүү дээ. Түүнчлэн манай компанийг шүүхэд өгч сүүлийн гурван жилийн хугацаанд ажлаа явуулах боломжгүй болгосон” гэлээ. Өдгөө барилга бариулахгүй хэмээн оршин суугчдын эсэргүүцэж буй талбайд өмнө нь “Хуашин” ресторан ажилладаг байсан аж.
Анхнаасаа барилга барих зураг төсөлд рестораны газарт 16 давхар барилга барихаар тусгасан байжээ. Гэтэл урд хэсэгт нь барьсан барилга тодорхой хэмжээгээр хойшлох болсны улмаас 3-4 давхар оффисын байшин барихаар өөрчлөхөөс аргагүйд хүрсэн хэмээн “Солонго лайн” компанийн гүйцэтгэх захирал А.Бат-Эрдэнэ тайлбарлав. “Hill Side” хотхон хүмүүсээс захиалга авахдаа “Хуашин” рестораны талбайд амрах талбар болгохын зэрэгцээ усан ориглуур барьж, хүүхдийн тоглоомын талбайтай байна хэмээсэн гэдэг. Энэ талаар “Ти Си Ди” компаниас тодруулахыг хүссэн боловч удирдлагууд нь нутаг буцсан долоодугаар сарын сүүлчээр ирнэ хэмээн тус компанийн орчуулагч хэллээ.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХЭН БАРИЛГА БАРИВ
Тэмдэглэсэн хэсэгт өмнө нь “Хуашин” ресторан байжээ. Харин өдгөө оффисын зориулалтаар барилга барихаар төлөвлөсөн байна.
Өмнө нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгын суурь дээр барих оффисын барилгын нэгдүгээр давхрын баруун хэсэгт 150 ам метр зайд хүүхдийн тоглоомын талбай хэлбэрээр засч тохижуулахаар барилгын зураг төсөлдөө тусгажээ.
Нийслэлийн засаг даргын 2015 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/551 тот захирамжаар Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших 6932 ам метр талбайд орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрчилгээг “Солонго лайн” компанид олгожээ. Мөн нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сарын 29-нд барилгын ажлын 0001185, 07/2018 дугаартай зөвшөөрөл олгожээ.
Ингээд оршин суугчид аюулгүй, тав тухай амьдрах нөхцөл бүрдүүлж өгөхийг орон сууцны гүйцэтгэгч “Ти Си Ди” компаниас шаардах бүрт “Солонго лайн” компани нийтийн эзэмшлийн талбайд  барилга барихаар хашаа тойруулсан тул бид хүлээж байгаа хэмээн  тайлбарладаг талаар “Hill Side” хотхоны оршин суугч н.Бадрал ярив. Тэрээр “Анх энэ байрыг авахад усан оргилууртай амрах хэсэг болон хүүхдийн тоглоомын талбайтай гэсэн боловч өнөөдрийг хүртэл бид айдастай амьдарч байна” гэлээ. 2015 оноос одоог хүртэл хүүхэд тоглох нь бүү хэл хүн явах ч зайгүй байгаа учраас гомдол гаргасаар ирснийг хотхоны оршин суугчид учирлаж байна. “Ти Си Ди” компанийн орчуулагч “Би албан ёсоор мэдээлэл өгөх хүн биш. Манай компани хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахад бэлэн байгаа. Харин “Солонго лайн” компани барилга барихаар тус талбайг хашчихсан байгаа юм” гэв.
Ийнхүү оршин суугч болон тэднийг төлөөлж буй “Хамтын хүч-9” СӨХ, “Солонго лайн”, “Ти Си Ди” компани хоорондын үл ойлголцол гурван жил үргэлжилснээр хүүхдүүд тоглох газаргүй, хүмүүс аюулгүй зорчих замгүй өдгөөг хүрчээ. Энэ талаар “Солонго лайн” компанийн гүйцэтгэх захирал А.Бат-Эрдэнэ “Бид хүүхдийн тоглоомын талбайд барилга барих гэж байгаа зүйл огт байхгүй. Харин өмнө нь үйлчилгээ болон оффисын зориулалтаар ашиглаж байсан газартаа оффисын барилга барих ажлыг эхлүүлж чадахгүй шүүхээр маргалдаж явсаар гурван жил болж байна. Хэрэв бид саадгүйгээр ажлаа хийвэл хоёр сарын дотор барилгаа барьж дуусгах боломжтой. Тэр ч бүү хэл барилгынхаа нэгдүгээр давхарын тал хэсгийг амрах талбай болгон тохижуулахаар төлөвлөсөн. Үүнийгээ оршин суугч болон СӨХ-нд нь тайлбарлахыг хүссэн боловч огт сонсохгүй дайраад байгааг нь ойлгохгүй юм. Манай компани 1996 оноос хойш энэ талбайд барилга, байшин барихдаа Монгол Улсын хууль дүрэм, харъяа засаг захиргааны шаардлага, төрийн байгууллагаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлсээр ирсэн” хэмээн тайлбарлав. “Солонго лайн” компанийн удаа дараа шүүхэд өгч, Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагуудаар шалгуулж байжээ. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газраас дээрх газарт шалгалт явуулж тус компанийн барихаар төлөвлөж буй гурван давхар барилгаас зэргэлдээ орших орон сууцны барилга хүртэлх зай нь БНбД 30-1-04-ийн 2.11 дэх заалтыг хангаж байна” хэмээн дүгнэсэн байна. Харин “Хамтын хүч-9” СӨХ-ны дарга О.Дөлгөөн “Оффисын зориулалтаар барих гэж байгаа барилга нь манай байрны нийтийн эзэмшлийн газар дээр баригдах гэж байгаа учраас барилгын зөвшөөрлийг нь цуцалж, газрыг чөлөөлж өгөхийг холбогдох газруудаас хүссэн. Орон сууц барьсан “Ти Си Ди” болон одоо барилга барих гэж байнаа “Солонго лайн” компанийн удирдлагуудтай уулзаж хүүхдийн тоглоомын талбай хурдан байгуулж өгөхийг хүссэн юм. Гэтэл ойлголцож чадахгүй явсаар байдал улам хүндэрч байна шүү дээ” хэмээн ярилаа. Тэрээр оршин суугчдын хувьд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгөхийг хүсч байгаа. Харин энэ асуудлыг эв зүйгээр шийдэх боломжийг дээрх компаниуд бүрдүүлж өгөхгүй байна. Тэр ч бүү хэл “Солонго лайн” компани олон нийтийн дунд “оршин суугчидтай зөвшилцсөн” гэх мэдээллийг тарааж байна. Бидний хувьд аман хэлэлцээ хийгээд явж байгаа ч бүх хүн санал нэгтэй зөвшөөрсөн зүйл огт байхгүй гэж байлаа. “Hill Side” хотхоны оршин суугч н.Наранцэцэг “Манай байранд амьдрах нөхцөл тун тааруу. Дуу чимээ ихтэйгээс гадна хүүхэд тоглох, хөгшид амарч суух ч газар алга. Нэлээд хэдэн жил маргалдаж байна. Байрны урдуур төмөр хашаа татаастай. Түүний хажууд узел байрлаж байгаа. Ингээд оройд хүмүүсийн машин дүүрч зарим нь бүр өөр газар машинаа тавьдаг тухай ярьж байна лээ. Саяхан болсон асуудлын дараа компанийнхан оффисын барилга нь баригдсаны дараа хашаа бууж тоглоомын болон амрах талбайтай болно гэж байна лээ. Оршин суугчид ойлголцоод барилгын ажил нь эхлэх л гэж байгаа болов уу” гэв. Тус хотхоны дунд байрлах узелийн барилга нь анх зураг төсөлд тусгагдсанаас бараг гурав дахин урт хэмжээтэй бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд баригдсан гэдгийг “Солонго лайн”-ы гүйцэтгэх захирал А.Бат-Эрдэнэ онцлов. Харин энэ талаар “Ти Си Ди” компаниас тодруулахад “Удирдлагууд байхгүй учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.
ХААЛТТАЙ ХАШААНЫ ЦААНА…
“Ти Си Ди” компани анх захиалга авах үедээ тарааж байсан танилцуулах хуудас.
Тойруулаад хашчихсан газарт 3-4 давхар оффисын барилга барих гэж байгаад итгэх оршин суугч байхгүй бололтой. “Анх байр худалдаж авсан цагаас л асуудалтай байсан. Бидэнд үзүүлсэн зурагнаас өөр нөхцөл байдалтай болж байгаа учраас ямар ч тав тухгүй, байнгын хэрүүл маргаантай байгаа юм. Дөрвөн блок ашиглалтад орсон ч гэлээ хойд талын хоёр блок нь зарагдсан. 30 гаруй хятад оршин суугч, 40 орчим түрээсийн байр байгаа. Бусад нь үндсэн оршин суугчид. Бид ам метрийг нь хоёр сая гаруй төгрөгөөр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө маань үнэгүйдэж байгаад харамсалтай байна. Хэдийгээр хүүхдийн тоглоомын талбай, амрах хэсгийг тохижуулж өгнө гэж байгаа ч гурван жил гаруй л хашаатай байна шүү дээ. Одоо ч оршин суугчид эхнээсээ залхаад, зарж борлуулах тийшээ хандаж байх шиг байна даа” хэмээн харуусч байгаагаа ярилаа. Харин “Солонго лайн” компанийн ХАБ-ын инженер Г.Идэрцогт “Бид 15х20 харьцаатай газарт л барилга барина. Нийтийн эзэмшлийн талбай руу нэг сөөм ч орохгүй. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд барих гэж буй барилгынхаа нэгдүгээр давхарт 150 ам метр талбайг нь арк хэлбэрээр барьж тэндээ амрах хэсгийг тохижуулан “Хамтын хүч-9” СӨХ-нд хүлээлгэж өгөхөөр зураг төслөө гаргасан байгаа. Үүнийгээ хүмүүст тайлбарлах гэсэн боловч сонсохгүй, хурц маргаан үүсгээд байх юм. Барилгын ажил явагдах учраас аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа хатгасан. Барилгын стандартын дагуу хотхоны 30 хүртэлх хувь нь ногоон байгууламжтай байна гэж заасан байдаг. Бид үүнээс гажаагүй. Оршин суугчдад зураг төслөө харуулан тайлбарласны эцэст ойлгож эхэлж байна. Хэрэв бид барилгаа барьж дуусвал, амласан ёсоороо 150 ам метр талбайг СӨХ-нд нь шилжүүлж өгөхдөө хязгааргүй хугацаагаар ашиглахаар гэрээ байгуулан шилжүүлж өгнө. Ашиглах гэсний учир нь манай компанийн эзэмшлийн талбай бөгөөд үл хөдлөх хөрөнгө босгосон учраас дараа нь үүсэх эрсдэлээс сэргийлж байгаа юм” гэлээ. Сая үүссэн маргааны тухайд барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Сүүлдээ барилгыг нь бариулахгүй хэмээн СӨХ-ноос барилгын талбайд машин орох гарцыг нь хааж том машин байрлуулан, гэр барьсан аж. Энэ талаар “Хамтын хүч-9” СӨХ-ны дарга О.Дөлгөөн “Бид оршин суугчдынхаа хүсэлтийг компанид уламжилсан ч хүлээж авахгүй байсан учраас машины гарц хааж том машин байрлуулсан. Гэвч тэд хүч түрэмгийлэн зайлуулсан учраас оршин суугчдын бухимдлыг төрүүлсэн” гэж байв. Хаалттай хашааны цаана юу болж буй талаар тал талын байр суурь зөрүүтэй байна.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙГААГ САНУУЛЖЭЭ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас “Солонго лайн” компанид зөвшөөрөлгүй барьсан нэг давхар барилга, хашааг буулгах хугацаатай үүрэг өгсөн байна. Гэхдээ нэг давхар барилга нь “Ти Си Ди” компанийн өмч ажээ.
“Hill Side” хотхоны орох, гарах гарцыг хаасан тул Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс “Хамтын хүч-9” СӨХ-д шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй гэр барьсны улмаас орц, гарц хаагдаж иргэд оршин суугчдын автомашин болон явганаар явах хөдөлгөөн хаагдсан, “Солонго лайн” компанийг ажиллах боломжгүй болсон талаар таван гомдол ирсэн байна. Үүнээс улбаалан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх, авто замын хөдөлгөөний зохиомол ачаалал үүсэх, хөдөлгөөн саатах, иргэдийн амь, бие эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсэх хандлагатай байгаагаас гадна Зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгааг сануулсан байна. Тиймээс энэ байдлыг таслан зогсоож гэр болон бусад зүйлсийг нэн даруй буулгаж нүүлгэн шилжүүлэх, замын орц гарцыг чөлөөлөхийг албан ёсоор мэдэгджээ. Ингээд Баянгол дүүргийн Засаг даргаас “Оршин суугчид жагсаал цуглааны хэлбэрт орчихсон байгаа бол иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эмх замбараагүй байдлыг хуулийн хүрээнд таслан зогсоо” гэсэн даалгавар өгчээ. Засаг даргын хувьд цөөнхийн эрх ашгийн төлөө бус олон нийтийн төлөөх үүрэг даалгаврыг хүчний байгууллага биелүүлэх нь зайлшгүй юм. Гэтэл цагдаагийн алба хаагчид хувийн компанийн эрх ашгийн төлөө иргэдийн эсрэг ажилласан мэтээр нийгэмд ташаа ойлголтыг төрүүлсэн бичлэг цацагдсан билээ. Түүнчлэн цагдаа нарыг хөдөлгөж байгаа “Солонго лайн” компани хүчтэй байна хэмээх ойлголтыг ч мөн гаргасаар байгаад компанийнхан хэлэв. Тэдний хувьд хуулийн байгууллагад ажлаа хийх нөхцлийг минь бүрдүүлж өгөхийг хүссэн боловч хүний хувийн өмчид халдах эрхгүй” гэсэн тайлбар өгч байсныг инженер Г.Идэрцогт учирлалаа. Тэрээр “Hill Side”-ийн оршин суугчдын тав тухгүй амьдарч байгаа нь “Ти Си Ди” компанийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай. Тэр ч бүү хэл манай компани ч мөн хохирч байна. Эцэст нь хэлэхэд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани өөрийн ашгийн төлөө үндэсний компани болон иргэдийг хохироож байгааг онцлон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм.
Хэн үнэн ярьж, хэн худал ярьсныг шүүх гэсэнгүй. Бодит байдал ямар байгааг харуулахыг хүссэн юм. Төртэй, хуультай улс бол төр болон хуульдаа захирагдах нь зүйн хэрэг. Мөн улс оршин тогтнохын тулд ард түмэн амар амгалан, аюулгүй амьдрах учиртай. Хэсэгхэн хүний эрх ашгаас илүүтэй олон нийтийн тав тухай амьдрах орчин илүү чухал гэдгийг энэ дашрамд сануулъя.
Д.Уудам
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих