Авлигад автсаар л байна
Өнгөрөгч баасан гаригт авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиосон. Дэлхийн улс оронд авлигыг зогсоох, түүнтэй тэмцэх, ухуулан сурталчлах зэрэг үйл ажиллагаа өрнүүлсэн. Харин манай улс УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч хойшлуулсан юм. Хэргийн учир АТГ-ын шинэ дарга Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд багц санал илгээсэнд байгаа аж. АТГ-аас хоёр жил тутам авлигын индекс тооцож гаргадаг бөгөөд энэ жилийн судалгааны дүн гарсантай холбогдуулж багц санал илгээсэн хэмээн холбогдох албаныхан мэдэгдэв.
АТГ-аас гаргасан судалгааны дүн
Авлигын төвшингийн талаар дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа хийдэг “Трансперенси Интернешнл”-ээс гаргасан судалгаагаар Монгол Улс дахь өнөөгийн байдлыг тодруулъя. Тэд авлигын индексийг 0-10 хүртэл тоон үзүүлэлтээр илэрхийлдэг бөгөөд энэхүү тоо өндөр байх тусам авлига их байдаг. Манай улсын авлигын индекс 2008, 2009 онд гурав, 2010 онд 2.7 байсан бол энэ онд мөн 2.7 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь нийт 160 гаруй орноос 120-т эрэмбэлэгдсэн үзүүлэлт бөгөөд авлигын хэмжээ дэлхийн дунджаас дээгүүр, тодруулбал маш өндөр байгаа юм. Харин манай улсын мэргэжлийн байгууллага өөрийн улсын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн бол…
АТГ-аас авлигын индексийг 2009 онд анх тооцон гаргаж байсан бол хоёр жилийн дараа 2011 онд хоёр дахь удаагаа тооцон гаргаж байгаа аж. Энэ нь цаг хугацааны хувьд уг үзэгдэл хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгодгийг АТГ онцолжээ. Тэдний судалгаанд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 338 сум, дүүргийн оршин суугчдыг төлөөлсөн 4000 иргэд, бизнес эрхлэгчид, төрийн захиргааны болон нутгийн захиргаа, өөреө удирдах байгууллагын ажилтан, албан хаагчдыг төлөөлсөн 2000 төрийн албан хаагч, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил зэрэг холбогдох бүх төлөөллийн 350 шинжээчдийн үзэл бодлыг тусгасан байна.
Авлигыг судлахдаа хамрах цар хүрээ, өгч авах хэлбэр, үүсэх шалтгаан гэсэн гурван талаас нь авч үзсэн ажээ. Авлигыг 0.0 (авлигад бүрэн автсан)-ээс 1.0 (огт авлигагүй) хуртэлх тоон үзүүлэлтээр илэрхийлдэг юм байна. Монгол Улсын авлигын индекс 2011 онд 0.63 гарсан нь 2009 оныхоос 0.01 пунктээр буурчээ. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад авлигын нөхцөл байдал муудсан болохыг харуулж байна. Авлигын индексийг бүрдүүлэгч гурван үзүүлэлтээс авлигын хэлбэрийн үзүүлэлт 0.02 пунктээр буурсан нь нийт авлигын индекс ийнхүү буурахад нөлөөлжээ. Энэ нь авлига хэмээх үзэгдэл илүү ноцтой байдлаар илрэн гарах болсныг харуулж байна. 2011 онд олон нийт, шинжээчдийн 79.0 хувь нь Монгол Улсад авлига түгээмэл байна гэж үзсэн нь 2009 оныхоос 4.0 пунктээр нэмэгджээ.
Үүний дотор Монгол Улсад авлига түгээмэл үзэгдэл болсон гэж 2009 онд иргэдийн 79.4 хувь нь үзэж байсан бол 2011 онд энэ үзүүлэлт 81.4 хувь болж нэмэгдсэн байна. Авлигын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлт 0.02 гарч байгаа нь улсын нэгдсэн төсвийн жилийн зарлагын 2.1 хувьтай тэнцэх хэмжээний хохирол авлигын гэмт хэргийн улмаас учирч байгаа аж. Түүнчлэн, шинжээчдийн төсөөллөөр авлигын хувь хэмжээ 0.11 гарсан нь 2009 оныхоос 0.01 пунктээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах, тендерт ялахын тулд гэрээ хэлцлүүдийн үнийн дүнгийн 11 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө авлига, хээл хахууль байдлаар зарцуулагддаг гэж шинжээчид үзжээ.
Олон нийтийн төсөөллийн судалгаанд хамрагдсан иргэдийн 20 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд гэр бүлийн зүгээс төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан нь маш өндөр үзүүлэлт. Энэ нь тэд өрхийн жилийн төсвийнхөө дунджаар 12.6 хувьтай тэнцэх буюу 321.3 мянган төгрөгийг авилгад зарцуулдаг гэсэн үг юм. Эдгээрээс харахад төрийн албан хаагчдад төлсөн хээл хахуулийн өрхийн төсөвт эзлэх хувийн жин буурсан хэдий ч хээл хахууль өгсөн өрхүүдийн эзлэх хувь 6.7 пунктээр, төлсөн хээл хахуулийн дундаж хэмжээ 33.4 хувиар өссөн хэмээн АТГ-ын судалгаанд тусгажээ. Авлигын хэлбэрийн үзүүлэлт 0.52 гарсан нь 2009 оныхтой харьцуулахад 0.02 пунктээр буурсан байна. Авлигын хэлбэрийн үзүүлэлт ийнхүү буурахад авлигын хэргийн давталт, зохион байгуулалттай байдлын болон ангиллын үзүүлэлт 0.03-0.21 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Тухайлбал, 2009 онд хоёр болон түүнээс дээш давтан үйлдлэтэй авлигын гэмт хэрэг 30 хувийг эзэлж байсан бол 2011 онд 51 хувь болж нэмэгдсэн байна. Мөн зохион байгуулалттай гэмт хэргийн эзлэх хувь 2009 онд 42 хувь байснаа 2011 онд 58 хувь болж 16 пунктээр нэмэгдсэн нь авлигын гэмт хэргийг илүү зохион байгуулалттайгаар үйлдэх болсныг харуулжээ. Аймаг, нийслэлийн авлигын индексийг 2009 оныхтой харьцуулахад есөн аймагт өссөн, гурван аймагт өөрчлөгдөөгүй, 10 аймаг, нийслэлд буурсан аж. Баян-Өлгий (0.46), Ховд (0.49), Дархан-Уул (0.52), Өмнөговь (0.53), Хөвсгөл (0.53) аймгуудын авлигын индекс доогуур буюу харьцангуй авлигад өртөх эрсдэл өндөртэй аймгууд болж байна.
Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна
Үнэхээр Монгол Улсад хээл хахууль өгөх явдал, авлига хэт өндөр байгаатай та бүхэн санал нэгдэх биз. Гаднынхны нүдээр бол Монгол Улс дахь авлига өсөхгүй, нэгэн жигд төвшинд хадгалагдсаар байна. Харин АТГ-ын гаргасан судалгааны дүнгээр нэлээд үзүүлэлт ноцтой хэмжээнд хүрч, Монголын авлигын нөхцөл байдал улам хүндэрч, авлига өгч авах хэлбэр нарийсаад зогсохгүй зохион байгуулалттай авлига нэмэгдэж байгаа аж. Тиймээс АТГ-аас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд багц санал илгээсэн нь зүйтэй. Харин уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад АТГ-аас өргөн барьсан багц санапыг хэлэлцэж болно гэсэн Х.Тэмгүүжин гишүүний санал зөв байсан болов уу.
Ойрын хоёр сарын дотор Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Сонирхлын зөрчлийн тухай хуулийг мөн батлах хэрэгтэй байгаа. Учир нь ирэх оны хоёрдугаар сард төрийн албан хаагчид орлогын мэдүүлгээ өгөх юм. Монголд 200 гаруй мянган төрийн албан хаагч байгаа. Хаа сайгүй төрийн хүнд суртал ажиглагдаж байгаа учраас тэдний нэр хүнд ард иргэдийн дунд муугаар яригддаг. Нэг бичиг баримт гаргах гэж цаг алдаж байснаас мөнгийг нь өгөөд хурдхан гаргуулахыг иргэдийн олонхи нь илүүд үздэг. Нэг хэсэг нь өгөөд, нөгөө хэсэг нь ч аваад сурчихсан байдаг. Энэ мэт шалтгаанаас болоод манай улсад авлига буурах биш өсч байгаа нь бидний авлигад хандах хандлагаас гадна, түүнд холбогдох хууль тогтоомж муу байгаатай холбоотой. Ядаж л авлига өгсөн, авсан, зуучилсан хүмүүст адил ял оноогоод байхад авлигын хэрэг илэрнэ гэж үү? Иймээс ч манай улсын авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм.
Б.БАТ-ЭРДЭНЭ
URL: