СҮҮНД УС, УНДАА ХОЛЬЖ ЗАРДАГ ХУДАЛДААЧИД ИЧИЖ ЭМЗЭГЛЭЭСЭЙ

olloo_mn_1530583247_olloo_mn_1403660843_suuХэдхэн хоногийн өмнө настай өвөө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТОСА  худалдааны төвийн гадаа хоёр эмэгтэйтэй өглөөгүүр хэрүүл хийж байхыг нь хөндлөнгөөс жаахан ажиж харж зогсов.

Өвөө “Настай хүнийг та нар ингэж хуурч мэхэлж болохгүй байхаа. Буяндаа бузар хийсэн хүүхдүүд бэ. Сүүнийхээ өнгө болоод амтыг хар даа, амталдаа. Одоо байтал сүү чинь чихэртэй шаргал ундаа болдог болсон уу. Уг нь малын буян цагаан сүү байдаг биз дээ. Та нар ашиг хонжоо хайж, балга сүүгээ арвижуулахын тулд янз бүрийн юм хольж зардаг чинь үнэн бололтой. Энэ сүүнд та нар өтгөн болгох гэж кока кола хийдэг гэж байна. Үнэн юмуу, чихэртэй сүү байдаг юмуу. Үзээч, өөрсдөө цай чанаж ууж үзсэн үү” гэсээр таван литрийн савтай тал сүү барьчихсан таягаа тулаад зогссон өвгөнийг өмөөрч, зөвтгөж зогслоо.

Нээрээ л сүү гэхэд сүү биш гэмээр сонин цайвар шаргал өнгөтөй сүү харагдав. Хэрэг дурлаж нөгөө хоёр эгчээс ямар амттай ямар учиртай сүү гэхээрээ ийм байдаг талаар асууж сураглахад нэг нь бүр өөртөө хир халдаасангүй. “Бид ус, ундаа хольж зардаггүй. Харин өөр хүмүүс л хольдог гэж дуулсан юм” гэж уурлана.  Нөгөөх нь дуугай хэрнээ “сүү аваарай” хэмээн ундааны саванд цэнхэр том савтай сүүнээс уудалж зогсоно.

Сүүлийн үед сүүнд ус, ундаа хийж арвижуулж зардаг гэх мэдээлэл цахим сүлжээнд их гарсан. Малчдын гар дээрээс худалдан авсан сүүндээ янз бүрийн зүйл хольдог гэх. Үнэн худлыг нь мэдэхгүй ч хүмүүсийн ярьж байгаа нь үнэний ортой юм шиг санагдсан шүү.

Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд нэгэн бичлэг орсон байв.

Бичлэгийг хийсэн иргэн “Яасан муухай хүмүүс вэ.  60литрийн сүү байгаа хэдий ч миний харснаар 10 литр ус хийж байна. Намайг ирэхээс өмнө хэр ус хийснийг үгүйсгэхгүй болов уу. Ингээд устай холиод зардаг юм байна. Ёстой ийм байдаг гэж мэдсэнгүй. Хөөрхий хэрэглэгч бид л хохирох юмдаа. Өөрсдөө малчдаас аваад ингэдэг бололтой.

Тэгэхээр 100 хувь малчны хотноос ирдэг хэдий ч дундаас нь ашиг олохын тулд бусдыг ингээд хууран мэхлэж хулхидах замаар ашиг хонжоо олж буяндаа бузар хийдэг худалдаачид олон байдаг бололтой. Энд хүний мууг нь үзэх гэсэнгүй. Хэрэглэгчид хуурай сүү хэрэглэхээс малын сүү авахыг илүүд үздэг. Тэгж байхад мөнгө олохын төлөө ийм муухай үйлдэл хийж болохгүй баймаар юм даа” гэж бичжээ.

Нээрээ л хүний санаанд багтамгүй үйлдэл хийдэг аж. 10, 10 литрээр нь ус холихоор мэдээж цэхийсэн өнгөтэй, амт чанаргүй усан болох нь тодорхой. Тэгээд нэг литрийг нь 1500-2100 төгрөг ч гэх шиг. Одоо урин дулаан цаг ирсэн иргэд цагаан идээг түлхүү хэрэглэдэг учраас сүү, сүүн бүтээгдэхүүн зайлшгүй худалдаж авдаг. Гэтэл бид цэвэр, оригналь малын гаралтай сүүгээ авч чадахгүй, ашиг хайсан худалдаачдад “ашиглуулж” байгаа нь үнэхээр харамсалтай.

Сүү, сүүн бүтээгдэ­хүүний чанар, аюулгүй байдлын асуудал зуны цагт босч “ирдэг”  нь учиртай. Хавар болж өвс, ногоо ургахтай зэрэгцэн малчдаас хэрэглэгчдийн гарт  шууд сүү нийлүүлж, ченжүүдээр дамжин ил задгай худалдаалагддаг.

Энэ үед шингэн сүүний ариутгал, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдөж иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирдаг болохыг мэргэжлийн байгууллагуудаас байнга анхааруулдаг боловч байдал өөрчлөгдөхгүй өнөөг хүрч байна.

Өөрөөр хэлбэл сэрүүний улирал эхлэхээр үнээний  зэлнээс хэрэглэгчдэд шууд хүрдэг сүү багасч, иргэд үйлдвэрийн аргаар ариутган боловсруулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын савлагаатай сүү хэрэглэдэг тул зун цагт чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй сүүний  асуудал дэгддэг нь үнэн. Мөн ариутгасан гэх шинжилгээний бичиг ч байхгүй гээд зогсч байдаг юм билээ. Тэгэхээр асуудалтай, янз бүрийн өвчний голомттой бүсээс сүү, сүүн бүтээгдэхүүн, мах ороод ирсэн байх вий гэж айдаг.

Вакзолын автобусны ар талын ТОСА дэлгүүрийн гадаа зарж байгаа сүүны худалдаачдад ямар ч хяналт байхгүй. Сааль сүү хийсэн сав нь бохир, ямар ч ундааны саванд сүүгээ хийж зардаг нь бүрхэг. Мөн ариутгаагүй сүү авчирч зардаг. Хог дээрээс түүсэн ус, ундааны саваа угаадаг ч үгүй юмуу бүү мэд гэх мэт. Эдгээр хүн чанаргүй, хүнлэг сэтгэлгүй хүмүүст ашиг л олж байвал болоо гэж боддог бололтой.

Түүнээс хэрэглэгчийн эрүүл ахуй, эрүүл мэнд, эрүүл хүнс хэрэглэх нь тэдэнд үнэхээр падгүй бололтой. Өглөө эрт том том цэнхэр савтай сүүг портер машин дээрээ тавьж байгаад ундааны сав руу юүлээд зардаг гэж тэр хавийн оршин суугчид хэлдэг юм билээ. Зарим нь бүр гашилсан сүү зарах ч тохиолдол энүүхэнд гэнэ. Үнэндээ малынхаа буянд бузар хийсэн хүмүүс ямар олигтой явах вэ дээ гэж бодогдох юм.

О.Сайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих