Монгол бөхөд шүглэсэн ТАВАН ГЭМ

32221

Бөхийн холбоог тойрсон хэрүүл олон хүний уур унтууг барж байна. Үнэндээ бол энэ холбоонд хэрүүл шиг хэрэгтэй юм одоохондоо алга л байгаа юм. Улам сайн хэрэлдээд, урагшгүй байдлаасаа хагацаатахвал тэр нь ёстой монгол бөхийн босоо цагаан хийморь гээч нь болох биз.

Өдий болтол өрнөсөн хэрүүлийн ачаар бөхөд хайртай Монголын ард түмэн ямартай ч үндэсний бөхдөө шүглэчихээд буй гэмийг олж харахтайгаа болох шиг боллоо.

ГЭМ 1: УЛСТӨРЧДИЙН “МАНЖ АРГА” БОЛСОН “НУТГАРХАЛ”

Манж Чин улс Монголыг эзлэн дагуулсны дараа засаг захиргааны нэгжийг бутлан жижигрүүлэх бодлого барьсан нь санамсаргүй хэрэг бус. Халхын хошуудыг л гэхэд дотор нь жижиглэн 43 болгосон түүхтэй. Дайнч, байлдаанч, эрх чөлөөнийхөө төлөө босвол их хүч заран тогтоохоос аргагүй монголчуудыг жижиг хошуу, суманд хувааж, талцуулж байж дарж авсан нь өдгөө нэгэнт түүхэн үнэн болжээ. Аймаг, хошуу, сум, баг болгон хуваасан Манжийн засаг захиргааны системийг хожим оросууд улам жижиглэсэн нь өнөөдрийн Монголын засаг захиргааны системд бараг хэвээр хэрэгжиж буй. 1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуутай байсан бол 1931 оны өөрчлөлтөөр 13 аймагтай болж (жилийн дараа 18 болсон), хошууны оронд 324 сумтай болж, улам жижгэрсэн. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар засаг захиргааны хувиар улам бүр бутарч 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 152 хороо, 1575 багт хуваагдах болов. Манжуудын эзэлсэн улсаа тогтоон барих энэ хорон бодлого монголчуудын дунд “нутгархал” хэмээх амттай өвчнийг түгээн дэлгэрүүлсэн.

Энэ өвчин орчин үед бөх дээр ихэд хурцаар илрэх болжээ. Зарим аймаг зөвхөн өөрийн нутгийн бөхийг наадамдаа барилдуулах шийдвэр ч гаргаж байв. Улстөрч, бизнесмен, тэдний тойрон хүрээлэгчдийг голцуу эгнээндээ нэгтгэсэн нутгийн зөвлөл гээч байгууллагын хийдэг хамгийн чухал ажил нь нутгаасаа төрсөн бөхөд “хүндэтгэл үзүүлэх”. Шинжлэх ухаан технологийн сангийн мэдээллээс харахад зөвхөн өнгөрсөн жилд л гэхэл Монгол Улсад 94 хүн диссертациа хамгаалж, доктор болжээ. Эдгээр докторуудад нутгийн зөвлөл нь “хүндэтгэл үзүүлсэн” эсэхийг асуугаад ч хэрэггүй. Учир нь эрдэмтдэд хүндэтгэл үзүүлээд хэн ч улстөрч, бизнесменийг тоохгүй. Түүний оронд улс даяар нэрээ цуурайтуулсан бөхөд аль болох хөлс нь хатаагүй байхад нь аль болох өнгөтэй өөдтэйгөө хүргэж баривал олон түмний сонорт хүрнэ. Үүгээрээ нутаг нутгийнхан өрсөлдөнө, зиндаархана. Нутгийн бөх нь өндөр амжилт үзүүлж, дэргэд нь өөрөө дарцаг болвол таашаал, хүндлэл мэдэрнэ. Р.Гончигдорж тэргүүтэй улстөрчид бүр А.Сүхбат, Г.Өсөхбаяр хэмээх хоёр бөхөд зориулж хууль батлуулж, монгол төрийн түүхэн дэх хамгийн шившигтэй популизмыг хийж байлаа.

Судлаач М.Ууганбаяр, “Монголын нийгэмд нэр хүнд гэх ойлголтыг статус гэх ойлголт үгүй хийчихжээ. Өөрөөр хэлбэл Монголын элит хэсгийг нэр хүнд бус статус, байгаа байдал нь тодорхойлж байна” хэмээлээ. Тэрээр цааш нь, “Энэ бол элитийн гэхээсээ илүү шинэ баяжсан дамчинд л илэрдэг сэтгэлгээ мөн. Товчхондоо бидний чадан ядан хүрсэн статус л нэр хүндийг маань орломор болж байна” хэмээв.

Эх захгүй энэ нутгархал эгэл жирийн ард түмэн, тэр дундаа хар хөлсөө асгаруулан барилдаж буй бөхчүүдээс лав гараагүй. Харин олон нийтийн сэтгэлзүйг залах, анхаарлыг татах эсвэл тарамдуулахыг хичээсэн улстөрч, олигархиудаас л гарч байгаа. Манж нар эхэндээ энэ аргыг бидэн дээр хэрэглэсэн. Удаад нь оросууд бүр урлаг болтол нь хэрэгжүүлж, монголчуудыг жалга довны сэтгэлгээтэй болгож дөнгөсөн. Одоо харин улстөрч, олигархиуд харийнхны сэдсэн энэ аргыг монголчууд дээрээ хэрэглэж байна.

ГЭМ 2: ДАЛД БИЗНЕС БОЛСОН “НАЙРАА”

“Нутгархал” хэмээх монголчуудын тархинд гүн хавсан төөрөгдөлтэй энэ зэрэгцэхүйц бэлгэдэлийн чанартай цор ганц хүчин зүйл байгаа нь “шагнал”. Монголчуудын шагналд нь дурлах нь хэтэрхий талаар “Нууц товчоон”-д дурайтал бичин үлдээсэн нь бий. Орчин үед буй үүний тод жишээ нь “бөхийн цол”. Бусад шагналтай харьцуулвал бөхийн цол тодорхой шалгууртай учраас хүссэн бүхэн аваад байх боломжгүй. Тийм ч учраас үнэтэй.

1600 гаруй жилийн түүхтэй монгол бөхөд эртнээс цол байсан гэлцдэг. 11 дүгээр зууны сүүлчээс эхлэн бөхчүүдийг харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр цоллож байсан бол 12 дугаар зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгджээ. Харин 13 дугаар зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг цол олгох болсон гэх. 2005 онд батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуулиар бүр цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсон.

Монгол бөхөд цолонд хүрэхгүйгээр хөдөлмөрийн үр шимээ амсах боломжгүй. Хэрэв улсын цолонд хүрч чадвал нутгийн зөвлөл, олон нийтийн анхаарлаас эхлээд олон боломж өмнө нь нээгдэнэ. Хэрэв хүрч чадахгүй бол насан туршдаа бөх нэртэй, олигтой орлогогүй, биеийн хүчний ажлаас өөр ажлын байргүй явах эрсдэлтэй. Залуу нас, бие сэтгэлийн эрч хүчээ барж байгаа учраас улсын цол авахын тулд бүхнээ зориулахаас аргагүй. Ялангуяа Үндэсний бөх улам бүр мэргэжлийн шинжтэй болж буй үед жилдээ ганц болдог наадмаар цол хүртэх нь улам л хэцүү өрсөлдөөнтэй болсон.

Байгалиасаа төрсөн авьяас, бие бялдартай залуусыг дэмжиж, цолонд хүргэдэг байсан бөхийн уламжлал зах зээлийн нийгэмд оруут эхэндээ багш шавийн дундах өргөл барьцын шинжтэй болсноо яваандаа авлига, далд бизнесийн хэлбэрт шилжив. Өнгөрсөн жилийн наадмын бөх амлах үйл явцыг шууд дамжуулахад л Монголын ард түмэн найраа гээчийг “хоёр циймрээрээ нүгэл хураан” харцгаасан билээ. Нас залуу арслан Э.Оюунболд амаа авахгүй баахан удсаны эцэст гэнэдэж, багш Б.Адьяахүү рүүгээ гар сунган харуулсан гурван мойног хуруу үзэгчдэд лав л билэгтэй, сайхан санагдаагүй. Улам бүр далд хэлбэрт орж зуучлагч, хүргэгч, мэдээлэгч, зөвлөгч, дарамтлагч, санхүүжүүлэгч гээд өчнөөн оролцогчтой далд бизнес хэлбэрт орсон найрааны бэлгэдэл нь ийнхүү гэнэн залуу арслангийн гурван хуруу болсон юм.

Өдгөөгөөс 4 жилийн өмнө гарсан “Спортын өнгө” сонины анхны дугаарт өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, “Үндэсний бөх ялзарч гүйцлээ. Уг нь тулааны маягийн спортод ид залуу хүмүүс амжилт гаргамаар юм. Гэтэл залуучууд ахмадуудаа дийлэхгүй байгаа нь энэ спорт хөгжөөгүйг хэлж байна” хэмээн илэн далангүй ярьж байлаа. Бөх, улс төр хоёр салшгүй болсныг тэрээр энэ ярилцлагадаа илэн далангүй өгүүлсэн нь бий:

“Сонгуулиар явахад нутгийн хүмүүс “Манай Баянхонгор улсын цолтой бөхгүй боллоо” гэж их ярьдаг. Нэг бие муутай өвгөн хүртэл утсаар “Чи улсын нэртэй засуул хүний хүүхэд. Ахыгаа амьдад нутгаас улсын цолтой бөх төрүүлмээр байна” гэж ярьсан. Тэр өвгөн өөрийнхөө биед биш бөхөд санаа зовж байгаа нь Монгол бөхийн орон гэдгийн илрэл. Тэгэхээр нь би улсын цолтон төрүүлж өгөхөө амлана биз дээ. Сонгогдсоны дараа амлалтаа биелүүлэхээс өөр аргагүй. Гурван бөхийг дэмжиж улсын цолд хүргэсэн юм байна”

Мэдээж хэрэг нутгийн хүчтэн залуусыг цуглуулж гал болгон системтэй бэлтгэл хийлгэдэг бөхөд чин сэтгэлтэй, элэгтэй хүмүүс бий. Гэхдээ нэр нүүр, ашиг сонирхлын үүднээс “цол” хэмээх хийсвэр зүйлийн төлөө мөнгө цацан үндэсний спортын нэр хүнд, ёс уламжлалын үнэ цэнийг унагаж буй нь тэднээсээ олон. 2015 онд долоо, 2016 онд 14 начин төрсөн ч өдийг хүртэл цолоо ахиулаагүй л байгаа нь найраа хэчнээн хүчтэй болсныг илтгэх үзүүлэлт.

ГЭМ 3: ХЭРЭГЛЭЭ БОЛСОН “СЭРГЭЭШ”

Сүүлийн 18 жилийн турш Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байгаа. Энэ хугацаанд 20 гаруй бөхөөс сэргээшийн жагсаалтад хамаарах бодис илэрснийг албан ёсоор зарласан. Сүүлийн үед цөөн хэдэн бөх дээр дүрэм айхтар хатуу үйлчилснийг эс тооцол сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд 20 гаруй жилийн турш нэр төдий хариуцлага тооцож ирсэн. 2009 оны наадмын дараа улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын хүртсэн чимгийг хурааж байв.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан, нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар нар 2016 онд сэтгүүлчдэд хандах үеэрээ,”2002 онд анх допингийн зөрчил гаргасан бөх бол аварга А.Сүхбат. Тухайн үед МҮБХ-ны тэргүүлэгчид түүнд ямар хариуцлага тооцуулах талаар хуралдаж байхад шүүхээс манай хуралдааныг зогсоох захирамжийг А.Сүхбат өөрөө барьж орж ирсэн. Тэгээд тэр хүн улс даяар дуулиан тарьж, өөрт нь арга хэмжээ тооцох боломжид нөлөөлсөн. Тэрнээс хойш нэлээд олон бөхөөс допинг илэрсэн. Энэ нь анх А.Сүхбатад хариуцлага тооцоогүйгээс болсон гэсэн үг” хэмээн барим тавим ярьсан.

Тухайн үед нь яагаад ингэж зарлаагүйгээ харин эрхэмүүд тайлбарлаж чадаагүй. Энэ бол сэргээш хэрэглэсэн бөхөд шийтгэл оноох асуудалд ялгавартай, үзэмжээр хандаж ирсэн нэг баримт. 2012 онд бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон талаар мэдээлэл хийх үеэр Х.Мөнхбаатар арслан хэвлэлийн хурлын зааланд орж ирж, бөх, тэргүүн хоёр шившигээ дуудалцаж байсныг ард түмэн мартаагүй.

Сэргээшийн асуудалд том цолтой бөхчүүд нь ч, бөхчүүдийнхээ эрх ашгийг ялгаваргүй хангаж, спортын зарчмыг сахиулах ёстой холбоо нь ч ийм хариуцлагагүй, мэргэжлийн бус хандлага гаргасаар ирсэн. Ийм буруу жишгээс болж залуу бөхчүүдийн дунд сэргээшийн хэрэглээ нэгэнт хяналтаас гарчихаад байна.

Заалны барилдаан тогтмол үздэг хүмүүс яагаад нэг аймгийн бөхчүүдын хүзүү жигдэрсэн юм шиг шархтай явдагийг гайхаж яриад л өнгөрдөг.

Өдгөө Солонгост байнгын эмчийн хяналтанд буй, зүрхний хэм нь алдагдах болсон улсын цолтныг бөхийн хүрээнийхэн допингийн эсрэг нөлөөллийн жишээ болгон ярьсаар байгаа.

Сэтгүүлч Ө.Үлэмжтөгс энэ талаар, “Допингийн зангилаа “хүчний дасгалжуулагч” нэртэй хуучны хүндийг өргөлтийн багш нар дээр тайлагдана. “World anti-doping agency”-ийн дүрмийн 8 дахь заалтад “Тамирчныг допинг хэрэглэхэд өдөөн турхирах, ухуулах, аргадах, зоригжуулах, ятгах, тулган шаардах” гэсэн тов тодорхой заалт бий. Хэрвээ допингийн хариуцлагын асуудлыг нэгэнт ярих гэж байгаа бол бөхчүүдэд допингийн хэрэглээг сурталчилж өөгшүүлж буй хүчний дасгалжуулагч нарт хатуу хариуцлага тооцож таслан зогсоох хэрэгтэй” хэмээжээ. Хэрэв үндэсний бөхөө спорт чиглэлээр нь хөгжүүлье гэвэл зөрчил гаргасан бөхөд алагчлалгүй хариуцлага хүлээлгэх учиртай. Бөх нь ч тамирчны ёсоор алдаагаа ухамсарлаж, ивээн тэтгэгчид нь бөхдөө бэлэглэдэг машиныхаа өртгийн талаар ч болов орчин үеийн анагаахын шинжлэх ухааны мэдлэгтэй чадварлаг эмчийг гал дээрээ ажиллуулах хэрэгтэй болжээ.

ГЭМ 4: ТАМИРЧДЫГ ЯЛГАВАРЛАСАН “ШҮҮЛТ”

Аливаа спортын үзэгчдийг татаж, оршин тогтнохын үндэс нь шударга шүүлт. Харамсалтай нь монгол бөхөд шударга шүүлтийн талаар ярилтгүй болсныг наадам болгоноор гүргэр гүргэр эрс нус нулимсандаа хутгалдах болсноос харж болно.

Бөхийн холбооны тэргүүн нь саяхныг хүртэл барилдааны бичлэгийг шүүлтэнд ашиглах тал дээр эсрэг байр суурь баримталж, олон нийтийг гайхашруулж ирлээ.

Бөхийн шүүлтэнд дээр дурдсан нутгархах хүчин зүйл хүчтэй үйлчилж байгаа нь олон сайхан чадварлаг бөхийн спортын замналд хар толбо суулгасан. Энэ талаарх хэрүүл маргааныг тоочвол сэтгүүлийн хуудас хүрэлцэхгүй. Нэг дүрэм бүх бөхөд нэг янзаар үйлчилдэггүй, шүүгч буюу засуул, хөлийн цэцийн үзэмжээр асуудал шийдэгддэг байдлыг бичлэг нягталдаг болсноор л нэг тийш шийдэх боломжтой. Зөвхөн сайхан цол дуудах, бөхдөө зөвлөх биш бөхийг шахаж шаардаж, дүрмээ ягштал мөрдүүлэх чадвартай засуулуудтай болж, тусгайлан мэргэшүүлэхгүй бол энэ байдал амь бөхтэй байсаар байх биз дээ.

ГЭМ 5: ХОЦРОГДЛЫН ЖИШЭЭ БОЛСОН “БӨХИЙН ХОЛБОО”

Монголд Үндэсний бөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг л том холбоо бий. Үргэлжийн хэрүүл тэмцэлтэй 20 жил оршин тогтнож буй уг холбооноос өрх тусгаарлаж “Хасу” хэмээх холбоо байгуулагдсан ч оршин тогтнож чадалгүй, тэгэсхийгээд замхарсан.

Бөхийн холбоог тойрон 20 жил өрнөсөн хэрүүлээс монгол бөхөд үүрлээд буй бүх л гэмийг харж болно. Социализмын үед аман яриа төдий байсан бөх дэх нутгархал талцлыг МҮБХ одоо нэгэнт бодит дайсагнал болгон хувиргажээ. Дайсагнал талцал нь бөхийн хөгжил, дүрмийн өөрчлөлт, бөхчүүдийн нийгмийн баталгааны талаар бус, зөвхөн даргын сандал ширээ, “Бөхийн өргөө” хэмээх хуучирч буй дугуй байгууламжийн тухай байдаг нь хачирхалтай.

Монголын Үндэсний бөхийн холбоо нь албан ёсны веб сайтгүй. Ийм холбоог барилдааныхаа тасалбарыг онлайнаар худалд гэж шаардах нь хэтэрхий тэнгэрлэг хүсэлт.

Бөхийн өргөөний ойр орчимд 13 дугаар хороолол хавиар амьдардаг хэдэн хүн бий. Бөх сонирхогчид бол царай төрхийг нь андахгүй. Яагаад ч юм тэдний гарт бөхийн барилдааны билет орчихсон л байдаг, ялангуяа томоохон, өндөр чансаатай барилдааны билетийг тэднээс хэд нугалсан үнээр авах хэрэгтэй болдог нь хачирхалтай. Бөхийн өргөөнд утасгүй интернэт тавих асуудлыг ч дэд тэргүүн Д.Данзан нь шинжлэх ухааны үндэслэлтэй үгүйсгэсэн.

Хөлбөмбөгийн талбайг бүрэн камержуулж болоод байхад ганцхан дугуй хэлбэртэй заалыг камержуулж болдоггүй нь бас л сонин. Уг нь бөх шууд дамжуулах сонирхолтой бүх телевизтэй нээлттэй хамтарч ажиллаад, техникийн туслалцаа авчихад л зохицуулчих асуудал. Хамгийн гайхмаар нь Бөхийн өргөөний өмчлөлийн асуудал тодорхойгүй. Холбооны тэргүүн Р.Нямдорж гуай энэ асуудлыг хөрөнгийн шинэчилсэн үнэлгээ хийгдээгүй байгаатай холбон тайлбарласан. Гэхдээ тэрээр яагаад шинэчилсэн үнэлгээ хийлгээгүй, албан бүртгэлд хамруулаагүйгээ тайлбарлаагүй.

МҮБХ-ны удирдлага одоо нэгэнт Монгол Улсын хуулиас өндөрт гарсан билээ. Одоогийн удирдлага, тэдний явуулж буй үйл ажиллагааг гурван шатны шүүх хууль бус хэмээн шийдсэн нь цаасан дээр хараар байгаа үнэн. Шүүхээс МҮБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахыг хориглочихоод байхад Их эе зарлаж, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг тэргүүнээрээ сонгож орхисон. Хууль тогтоогч Б.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг мэдэн будилан хүчингүй тамга гардаад авчихдаг нь бүр ч гайхмаар.

Мэдээж хэрэг МҮБХ-ны хэрүүлд нутгархалын асуудал нөлөөлж байгаа. Гэвч энэ нь ердөө шалтаг юм. Үүний цаана зориудаар 20 жил өмчлөлийг нь тодорхойгүй байлгаж ирсэн Бөхийн өргөөг өмчлөх гэсэн зарим хүний өчүүхэн шунал, нийтийн өмчийг хувийн өмч шигээ зарцуулж ирснээ өгөх сонирхолгүй зарим хүний атгаг хүсэл, хэзээд үзэгчдийн анхааралд байдаг спортын хамгийн том олон нийтийн байгууллагыг нөлөөндөө байлгах гэсэн зарим улстөрчдийн амбиц, бөхийн спортын эрчимтэй хөгжилтэй холбооных нь үйл ажиллагааг уялдуулахыг хүсэж буй шинэчлэгчид чихцэлдэж байгаа.

Хамгийн гол нь энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх учиртай. Жудаг, уламжлал нэрээр хуулийг үл хэрэгсдэг явдлын тод жишээ нь МҮБХ болчихоод байна. Ийм нөхцөлд төр төмөр нүүрээ харуулдаг нь эрх зүйт төрийн зарчим. Гэхдээ бөхийн холбооны талцал шүүхийн шийдвэрийн дагуу биш, маргалдаж буй хоёр талын тохиролцоогоор дуусаж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Аль түрүүлж буулт хийсэн нь арай бага хувь авах болов уу. Дундах ганц бялуу болох Бөхийн өргөөгөө сектор сектороор нь хувааж аваад, өмнөх тэргүүний “но”-г нүдээ аниад өнгөрөөнө гэвэл тохиролцох л байх. Гэхдээ энэ тохиолдолд хууль биелүүлэх, бөхийн шинэчлэл, жирийн бөхчүүдийн эрх ашиг, спортын нэр хүндийн талаар мартах хэрэгтэй болно.

Монгол Бөхийн өргөөний тухай 5 баримт:

1. Бөхийн өргөө 1998 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, 1999 онд Улсын татварын албанд бүртгүүлсэн.

Хандиваар нийт зардлын 50 хувийг босгож, төрөөс 800 саяын дэмжлэг үзүүлж байж босгожээ.

2. Бөхийн өргөө баригдсаныхаа дараа2 тэрбум 500 гаруй сая төгрөгөөр тухайн үедээ үнэлэгдсэн байдаг.

3. Анх 5000 метр квадрат газартай байсан бол өнөөдөр 2500 метр квадрат газартай болжээ.

4. Бөхийн өргөөний өмчлөлийн асуудал тодорхойгүй.

УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс гаргасан лавлагаанаас үзвэл МҮБХ-нд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө Монгол Улсын цахим мэдээллийн санд байхгүй аж.

5. Бөхийн өргөөнд барилдаан бус урлагийн тоглолт их болдог.

Сүүлийн хоёр жилд 168 удаагийн урлагийн тоглолтоос 415.7 сая төгрөг, үндэсний бөхийн 102 удаагийн бөхийн барилдаанаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олжээ.

СПОРТ ЮМ БОЛ СПОРТ ШИГ Л БАЙЯ Л ДАА…

Үндэсний бөх бол Монгол үндэстний соёлын салшгүй нэг хэсэг билээ. Угсаатны зүйн энэ утгаар нь хүлээж аваад спорт бус, цэнгэх хөгжүүлэх үзүүлбэр маягаар хөгжүүлвэл бөхийн дээр дурдсан таван гэм байх л асуудал. Дарга нь дагуулж сонгуульдаа давхиад, ёслолын төдий цолын төлөө бие, нэр төрөө худалдаад, төрийн хуулийг тоодоггүй данхар холбоогоо тэвчээд яваад байж болох л байх.

Гэтэл аймаг бүхэн галтай болоод, зарим нь дороо төрөлжсөн клубтэй болоод, дөрвөн ч дээд сургуульд Үндэсний бөхөөр дагнан мэргэшүүлж, залуусын өрсөлдөөн урам ширүүсэж, бөхөд үе солигдох нь 3-4 жилээр л хэмжигдэж байгаа үед яах аргагүй спортын зарчим ярих болох нь.

Нэн түрүүнд жилдээ ганц цол олгодог байдлыг халах цаг болжээ. Жилд 2-3 удаа цол олгосноор бөхийн залуу үеийг дэмжиж, өрсөлдөөн ч ширүүсэх нь ойлгомжтой. Түүнчлэн тодорхой хугацаанд цолоо баталж чадахгүй бол цолыг нь хураадаггүй ч, амлах эрхийг нь түдгэлзүүлэх зарчим үгүйлэгдэж байна. Энэ бол найрааг хумих бараг цорын ганц арга.

Бөхийн цол, уламжлал, үнэ цэнэ гэх мэтээр ярьдаг ч өнөөх том цолтой бөхчүүд маань сэтэртэй юм шиг найраа хийгээд явааг хэн хэнгүй харж, залхаж байна.

Хэрэв зоригтой шинэчлэхгүй л бол барилдаанд хугацаа тогтоогоод, даваа болгондоо цол өгөөд эерэг гэхээсээ сөрөг үр дүн авчирахыг хэрүүл, уруултай, хэтийдтэлээ хөгжсөн найраатай, хэрээсээ хэтэрсэн сэргээштэй 20 жил хангалттай харууллаа.

Нийтлэлч Я.БАЯРАА
Үндэстний ТОЙМ № 374


URL:

Сэтгэгдэл бичих