АТГ-ынхан тэтгэврийнхнээр “цус сэлбэв” үү
Авлигатай тэмцэх газарт “байдал хүндхэн” байгаа. Ингэж хэлж буй нь учиртай. Тус газрын дарга нар халаа сэлгээ гээчийг харин ч нэг баруун, солгойгүй хийж, амрах ч завгүй ажиллаж байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээллээр тус байгууллагаас халагдсан хүний тоо 20 хүрчээ. Энэ хүмүүсийн дунд эрхэм дарга нарын урьдын өш хонзонтой мөрдөгчид ч бий гэх.
Гэхдээ л хуучин ажилчидаа халж шинэ баг бүрдүүлж буй нь сайшаалтай. Учир нь тус байгууллагад бугшсан идээ бээрийг цэвэрлэх магадлалтай. Гэтэл халагдсан хүмүүсийн оронд хаа байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуулын газраас ажилчид авчирна гэдэг толгойны өвчин болж байна. Үүнийг зарим нэг нь тайлбарлахдаа АТГ-ын дарга нар өшөө авалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна гэлцэх болов.
Бидэнд ирсэн мэдээллээр АТГ-ын гүйцэтгэх албанд Тагнуулын ерөнхий газрын Төрийн холбоонд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан н.Батсуурь гэгч томилогджээ. “Эсгий хийх газарт нохой хэрэггүй” гэлцдэг. Тэгвэл энэ эрхэм тус газрын гүйцэтгэх албанд эрхэм дарга нарын гар хөл болж ажиллах нь бололтой.
Ингээд ч зогсохгүй Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэвэрт гарсан хэд хэдэн хүнээр хүч сэлбэн ажиллахаар болжээ. Тэгэхээр энэ хүмүүсийн ажлын туршлагыг харж албанд томилов уу, аль эсвэл арын хаалгаар уу гэдэгт эргэлзэгсэд олон байна. Энэ мэт ээдрээтэй олон асуултад АТГ-ын дарга нар тайлбар хийх цаг нь болжээ.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: