Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…
Лханаагийн Мөнхтөр /сэтгүүлч, яруу найрагч /
Монголд “Жорлонгоо өөрчилье” гэсэн хэлэлцүүлэг, сурталчилгаа хоёрын дундуур зүйл цахим ертөнцөөр аялаад, тэр аялалынхаа далбаан доор энд тэнд уулзалт ярилцлага зохиогоод яваа хэсэг хүмүүст юуны өмнө талархая. Хараа дээгүүр, хамар доорхоо хардаггүй дарга нарт энэ тийм ч сонин зүйл биш байж мэднэ. Магадгүй, би тэр жорлон хавиар явдаг хүн биш гэж хамар амаа дарж мэдэх дээдэс захаас аван замаар нэг “таваргаж” явааг мэдэж л байна. Гэвч “цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй, хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй” гэсэн ардын үг бий. Дарга нар минь та нар сайн хүмүүс эрдэмтэй хүмүүс. Таныг хүндэтгээд дарга болгосон. Та өөрийн сайндаа дарга болоогүй. За энэ ч яах вэ…, Дэлхийн 7 хүний нэг нь өлхөн амьдардаг Хятад гүрний том дарга Ши-жин-пин жорлон ярьсан шүү… Хятадыг эрүүлжүүлэх, соёлжуулахад жорлон ихээхэн хэрэгтэйг онцлоод тэр нь доош доошоо боловсон жорлон болж хөрсөн дээр бүтээгдэж байна. Ил жорлонгийн тухай мэдээж дээрх бүлэг хүмүүс ном бичиж, өөрсдөө амаа цангатал ярьж ухуулж л байна аа…Номоо ч бас борлуулж байгаа. Бид ил харагдаж байгаад нь л санаа зовохоос далд байгаад нь ер санаа зовохгүй. Утаа май гээд өвөл болохоор ам хамраа боочихоод араа шүдээ тачигнуулан дээдэстээ хуурай агсам тавина. Тэглээ гээд утагдсаар л байна. Хавар урь унаад ирэхээр талын нэг тааваараа алга болцгооно. Бахь байдгаараа намрын сүүлчээс өнөөх утаагаа өөрсдөө үйлдвэрлээд өөрсдөө бухимдаад нэгнээсээ дутагдал хайн шуугицгаана…За нэг иймэрхүү л бүтээл үйлдвэрлэнэ дээ. Тэр хөрсөн доор юу болж, юу шингэж, эргээд юу ууршиж, амьсгалах агаарыг минь бохирдуулж байдгийг бүр ухаарахгүй…Жорлонгоо өөрчилье. Адгийн наад зах нь хэдэн бор төгрөг, хадаг яндраа бариад цувсаар байдаг ариун шүтээн Гандангаа нэг бодол оюундаа харцгаа даа…Хашаа хүрээ уруу нь дөхөөд ирэхийн үес шивтэр үнэртээд л …Эргэн тойрон нь өвөл бол мөстөж, зун бол үерлэх дайны шээс…Дөрвөн талаас нь нохой сарьж байгаа юм шиг шээсээр байгаад бүр дагтаршсан хур үнэр… Гаднаас нь шээсээрээ шавдаг өргөөд, дотор нь орж алга хавсран залбираад ч яах юм билээ дээ… Лам нар нь ч лам нар…Гадуур хүрээгээ тойруулаад ядаж дөрвөн өнцөгт нь боловсон жорлон дөрвийг байгуулчихад юу нь болохгүй байх билээ дээ…Зарлагын үүдгүй орлогын үүдтэй ганданд үнэндээ хөрөнгө мөнгө дутахгүй гэдэг нь тодорхой. Сэтгэл шүтлэг л дутаад байгаа юм. Шүтээнээсээ эхэлж цэвэршье гэж хэлмээр байна. Хийж бүтээмээр байна. Зүгээр яриад суувал агаарт л үлдэх юм. Үлгэр жишээ хийчихвэл хэн хүнгүй л санаа авна. Ялангуяа монголчууд барьж үзэж байж л сая ухаардаг шүү дээ… Гандангаа ариун шүтээн болгоё… Дотроо гяланцаг ч гаднаа паланцаг байгаа хашаа хүрээгээ ар өвөргүй ариун дагшин байлгая. Сүсэглэж чадвал шороо тоос ч эрдэнэ бус уу…Гадна хэрэмнээс нь адис аваад явах болтол Гандангаа ариусгая. Жорлонгоо өөрчилье…Бидэнд Баасансүрэн ламтаны айлдсанчилан тархины боловсрол нь ихдээд зүрхний боловсрол нь багадаад байгаагийн бэлээхэн жишээ энэ буюу…
Хөххотын төвд аль ч гудамж талбайд явсан, ямар ч нийтийн унааны буудал өртөөнд очсон давын өмнө “Жорлон” л угтана даа. “Хааны албанаас хасын алба хэцүү” гэж ярьдаг даа. Улаанбаатарт бол хайгаад хайгаад олдохгүй хэцүү зүйл бол “Жорлон”. Бид чинь “Нийтийн бие засах газар”, “00” гээд нэрлэнэ. “Жорлон” гэдэг үгээ бас шоодонгуй. Далаад оны дундуур Архангай аймгийн Багшийн сургуульд сурагч байлаа. Бидэнд түүхийн хичээл заадаг ”алаг гарт” Бадам гэж нутгийхан ярьдаг өндөр хар хүн байлаа. Тэр үед Бадам багш жар дөхсөн байсан санагдана. Нэг өдөр хичээлээ зааж байтал манай ангийн нэг охин “багшаа бие засчихаад ирье” гээд л чөлөө гуйсан юм даг. Багш чимээгүй л хичээлээ заагаад байлаа. Хааяадаа самбар дээр зарим зүйлийг бичнэ. Зааж тайлбарлана. Тэгснээ хичээлээ зааж дуусаад нөгөө чөлөө гуйгаад байсан охин уруу зааж, “чи чинь яагаад бие зассангүй вэ…Аль эрт л би зөвшөөрөл олгосон шүү дээ” гэж билээ. Бид гайхлаа. Тэгтэл багш маань чөлөө гуйхад нь самбар дээр бичиж байснаа нэг буланд нь хоёр томоохон тэг зурчихаж л дээ…Тэр нь үнэндээ “тэг тэг” гэж дүрсээр хэлсэн юмсанж. Үндсэн утгаараа байсан аж… Энэ удаа сонин болгож ярьж байгаа болохоос жорлонтой тэгтлээ холбоогүй зүйл л дээ…Хөххотод л гэхэд гар утсан дээр нь манайхаар бол GPS юм даа. Бүх чиглэлийн автобусны буудал, дугуйн зогсоол, жорлонгийн байршил зэргийг тэмдэглээд хайлтын системд оруулжээ. Зогсож байгаа газраа тодруулаад дарахад л хаана хаана жорлон байгааг заагаад өгнө. Жорлон нь цэвэр цэмцгэр, тохьтой. Үйлчлэгчтэй. Тэр үйлчлэгч нь алгаа тосоод мөнгө нэхдэггүй. Ариун цэврийг нь л баталгаажуулж цэвэрлэж байдаг хүн л дээ. Аль ч газрын жорлон энд үнэгүй үйлчилнэ. Үйлчлэгчийг нь төр цалинжуулна. Манайд жишээлвэл нийтийн зах, худалдааны төв энэ тэрд зогсоол дээр өдрийн од шиг байх жорлон нь хэн нэгний мөнгө олох хэрэгсэл л болно. Энэ нь тэгээд гадуур ил задгай шээх шалтаг болно. Тэгтэл Хятад гүрний дарга Ши-Жин-пин “Жорлонгийн хувьсгал” гэсэн уриалга гаргажээ. Энэ нь үнэндээ бол “Хүний эрх, хүмүүнлэг үзлийг хүндэтгэх үүднээс ногоон хувьсгалын урьдач нэг нөхцөл гэж анхаарсныг тайлбарлаж байна. Тайлбарлаад зогссонгүй бүтээлчээр хэрэгжүүлж хөрөнгө мөнгө зарж, Хөххотод 3000 ийм боловсон жорлон байгуулахаар төлөвлөөд одоогоор 2
2000 шахам нь ашиглалтад оржээ. Иргэндээ тохилог орчинг бий болгох, иргэнээ хүндэтгэх, хотоо цэвэр ариун байлгах үүрэг ухамсараа ийнхүү өвөрлөгчдийн ярьдгаар “бадруулжээ”. Хотын боловсон бүтээн байгуулалтыг хамтдаа эдлэх ашиглах, цэцэрлэгч хот тохижилтийхонд амрах газар болгох гээд давхар давхар үүрэг бас байна. Дээд зэрэглэлийн боловсон жорлон нь дотроо хүүхэд мээмлэх /хөхүүлэх/ өрөөтэй, хүнсний ойр зуурын зүйлтэй, сонин гарчиглаж болох, амсхийгээд хөл амраагаад гарах боломжийг бүрдүүлжээ. Бас утсаа цэнэглээд авч болно. Гудамжинд яваа хүнд юу эс хэрэг болдог л биз дээ. Ийм жорлон нь 255 метр квадрат… Дотроо бас АТМ буюу бэлэн мөнгөний машин ч байх. Тэд энэ бүтээн байгуулалт буюу Ши-Жин-пин даргынхаа уриалсан “Жорлонгийн хувьсгал”-ыг бодитоор нь амьдралын хөрсөн дээр, Хөххотынхоо гудамж талбайд ургуулчихлаа. Жорлон гэдэг заавал муухай зүйл болох ёсгүй. Цэвэрлэгч хүмүүс амарч ус уух газартай. Цэвэр цэмцгэр байх ёстой гэж эхнээсээ зураг төслийг нь гаргажээ. Тэрэгний зогсоол хүртэл бий гээд бод доо. Энэ боловсон жорлонгууд өглөө болгон 6.30- аас нээгээд 23.30 хүртэл ажиллана. Хүүхэд хөгшид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүр үйлчлүүлж болно. Зориулалтын суудал тосгууртай. Эрхэм дээдэс, энгийн ард олон, идэвхтэй бүтээгчид та бүхэн намайг жорлон яриад эхлэхээр дургүйцүүзэй. Амьтны биеийг олж төрсөн л бол илүүдлээ гаргахгүйгээр яаж амьдарна даа. Бид үндэсний эрх чөлөөний хувьсгал, ардын хувьсгал, ардчилсан хувьсгал бүр наашлуулвал цагаан хувьсгал, ногоон хувьсгал гээд чамгүй олон хувьсгалын ард гарсан. Ер нь хувьсгал гэдэг үг үнэндээ “хувиргах, хурдавчлах” гэсэн утгаар л хүмүүний оюунд буудаг даа…Давын өмнө дарга нар минь дээгүүр харж, дэлхийг чимээлэхийн хажуугаар доогуур харж хөрсөн дээрээ бодлого хэрэгжүүлж ард түмнийхээ амин хэрэгцээг хангаж, агаар хөрсний бохирдлоо үндэс уурхайгаас нь цэгцлээч гэж жирийн олны хүсэл сэтгэлийг дэвсэн гуйх гэсэн юм. Хүн шүтэх зүйлгүй болчихвол балмад харгис араатан лугаа л болно. Шүтлэг сүжиг хоёр л хүнийг хүний дайтай авч явдаг буюу… Шүтээний голомт болсон Гандангаасаа энэ ажлыг эхэлвэл яасан юм бол оо…”Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье” хэмээх бодлоо та олондоо толилууллаа. Бүгдээрээ хэлэлцээд цааш цааш нь түгээвэл ямар вэ….
Хөххот- 2018.05.11
Лханаагийн Мөнхтөр /сэтгүүлч, яруу найрагч /
URL: