Тендер будлиантуулагчдын нууц эзэд хятадууд гэнэ

Мөнгөөр бороо оруулагч Хятад эрхмүүд төрийн байгууллагуудын шийдвэр гаргах төвшний хурган дарга нарыг онилох болжээ. Монголчууд эрт дээр үеэс “Алба завшдаг нь ноёд, ааруул шүүрдэгийг элээ” гэлцдэг. Гэтэл сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд тендер нэрийдлээр хууль зөрчих нь ихэсчээ.

Тухайлбал, “Насны зам” компанийг Монголчууд мэддэг болоод арав гаруй жил өнгөрлөө. Гэхдээ энэ компанийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдгийг нь мэддэггүй. Монголын замын толгой компаниудтай дөрөө харшиж, хаана ашигтай зам байна, тэндхийн тендерийг өөрийн болгож, хөрөнгөө зузаатгадаг уг компанийн нууц эзэн нь Өвөрмонгол эмэгтэй гэнэ. Компанийн нэр түүний монгол нөхрийнх нь нэр дээр бүртгэлтэй, харин үйл ажиллагаа нь бүхэлдээ Өвөрмонгол эмэгтэйн мэдэлд байдаг аж.

Учир мэдэх хүмүүс хөшигний ард Хятад хүн удирддагийг мэдэх ч тэр бүр хэл ам гаргахгүйг хичээдэг гэлцдэг. Томоохон ашигтай тендер бүхнийг өөрийн болгоод зогсохгүй, салбар яамны зарим хурган дарга нарыг мөнгөөр хахуульдагч “Насны зам” компанийнхны үйлдэл хэрээс хэтэрч байгааг ойрын эх сурвалж ам алдсан юм.

Төрийн толгойд хөл хэрээтэй гар атгаастай хоёр намын тохиролцоо, хэн мөнгө тараав, тэр ялдаг зарчим ч энэхүү тендер нэртэй будлианы гол ивээн тэтгэгч нь гээд хэлчихэд буруудахгүй.

Хамгийн гол нь мөнгөний үнэр авсан хурган дарга нар энэ төрлийн сүлжээг улам дэврээгч болж байгаагаа мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг нь харамсалтай. Учир нь мөнгөнөөс эх орноо ч худалдаж мэдэх тэдний энэ байдлыг ашигласан Хятадууд “Хэн мөнгө тараана, тэр тендерт ялна” гэсэн уриатайгаар хөрөнгөө зузаатгадаг нь нууц биш гэнэ.

Ямар ч улсын хөгжлийн эхний шат дэд бүтэц гэдгийг өнөөдөр сургуулийн сурагчид ч мэддэг болсон. Гэтэл өнөөдрийн өөхөнд хууртсан хурган дарга нарын хууль бус үйлдэл хөгжлийн гарцыг хойш татаад зогсохгүй, эх орноо харийнханд алдахад тулж байгааг сэрэмжлүүлэхэд илүүдэхгүй биз.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих