2008.07.01: Стратеги, зохион байгуулалттай хэрэг…?

712-1530236037p10201142008 оны долдугаар сарын 1. Таван хүний амь насыг авч  одсон энэ хар өдрөөс хойш яг 10 жилийн хугацаа өнгөрчээ.  Мартагдах ёсгүй эмгэнэлт үйл явдал хэмээн ярьдаг  ч долдугаар сарын 1-ний талаар зөвхөн дурсаад л өнгөрч байна.   Хар өдрийн эмгэнэл хаанаас эхлэлтэй, хэзээнээс төлөвлөгдөж, хэдий хүртэл зурагдаж байсан гээд энэ хэргийн зохион байгуулалтын талаар асуулт олон бий.  Сонгуулийн дүнд эгдүүцсэн эгэл ард ийм хэмжээний  үймээнийг гаргачихсан гэдэг дэндүү хялбар бөгөөд гэнэн тайлбар.  Тэгэхээр үүний цаана хэн нэгэн идеа санааг нь гаргаж, төлөвлөж, хэн нэгэн гүйцэтгэж, хэн нэгэн ялж, ялагдсан л байж таарч байгаа юм.

2008 оны долдугаар сарын 1-ний өмнөхөн манай улс төрийн нөхцөл байдал ямар байсан талаар эргэн саная.  2007 оны арваннэгдүгээр сард С.Баяр тэр үеийн МАХН /МАН/-ын даргаар сонгогдсон. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас найман сарын өмнө л дөө.  Тэр дарга болсныхоо дараахан намынхаа хурал дээр “Та нар надад хариуцлагыг нь үүрүүлж байгаа бол эрх мэдлийг нь өг”  гэж хэлсэн байдаг.  Ийнхүү түүнийг 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр  УИХ-ын гишүүдийн 97.1 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон. С.Баяр Засгийн газраа тэргүүлэхийн зэрэгцээ намын даргынхаа хувиар намаа УИХ-ын  сонгуульд бэлтгэж эхэлсэн тийм цаг үе.  Тэрээр тухайн үед болсон намынхаа  Удирдах зөвлөлийн хурал дээр “Би намаа ямар ч хамаагүй аргаар УИХ-ын сонгуульд ялуулна” хэмээн мэдэгдсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж хэвлэлээр бичигдэж байлаа. Ийнхүү С.Баяраар удирдуулан  нам нь сонгуульд оролцож, УИХ-д 45 суудалтай авсан дүнтэйгээр 2008 оны долдугаар сарын 1-нийг угтсан билээ.  Гэсэн ч  сөрөг хүчин болон иргэний хөдөлгөөнийхөн сонгуулийн дүнд сэтгэл дундуур байв. Тэд жагсаж үгээ хэллээ. Энэ энгийн жагсаал цуглаан үргэлжилсээр үймээн самуун болж, төр иргэнийхээ  өмнөөс гал нээхэд хүрсэн. Иргэд төрийнхөө өмнөөс гар зангидан улайрахад хүрсэн. Ийм байдалд хэн хүргэв. Энэ асуудал одоо ч асуултын тэмдэгтэй байна.
Ер нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдлыг  тойрсон  олон   таамаг байдаг ч  хамгийн бодитой нь стратеги  зохион байгуулалттай гэх асуудал юм.  Тухайлбал, Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан эхлэхэд МАН-ын байрны өмнө аль хэдийнэ цагдаа нар цугларан хамгаалалтад  гарсан байсан гэдэг.  Мөн  намын байрыг хамгаалж байсан цагдаа нар эхэлж , иргэд рүү  чулуу шидэж байсан талаар Иргэний нийгмийн зүтгэлтэн  Ч.Дугар ярьсан нь ч бий. Намын байрыг хамгаалж байсан цагдаа нар хэн байсан бэ гэдэг бүр сонирхолтой асуулт. 2008 оны тавдугаар сараас тухайн үед цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч тушаал гаргаж, 93 хүнийг богино хугацааны сургалтаар бэлтгэсэн гэх. Тэдгээр туршлагагүй бөгөөд шинэхэн цагдаа нараар голлож бүрдсэн бүрэлдэхүүн эрх баригч намын хамгаалалтад гарсан нь ямар учир шалтгаантай байсныг тухайн үед ажиллаж байсан туршлагатай ажилтнууд ойлгоогүй гэдэг. МАН-ын байрны хамгаалалтад гарсан туршлагагүй цагдаа нар жагсагчдын өөдөөс алхах биш, харин эсрэгээрээ өөрсдөө ухарч зугтаж шахам юм болж байсныг тухайн үед шууд дамжуулж байсан eagle  гэх мэт телевизүүдийн бичлэг дээрээс тод харагддаг. Жагсагчдаасаа зугтаж байгаа цагдаа нарыг зурагтаар харсан иргэд “Манай цагдаагийн байгууллагын чадавхи ийм муу юу” хэмээн шүүмжилж байсан билээ. Хэрэв  МАН-ын байрыг  туршлагагүй шинэ цагдаа нар биш, харин хашир туршлагатай алба хаагчид хамгаалж байсан бол жагсаалыг тэгж “гал авахуулах”- гүй дуусгах байсан нь лавтай. Дээр нь зарим дүүргийн Засаг дарга нарт  “Сонгуульд ялсан ч, ялаагүй ч жагсаал зохион байгуулна.  Хүмүүсээ бэлд”  гэсэн үүрэг өгч байсан тухай ч  эх сурвалжууд хэлдэг. Энэ нь жагсаал зохион байгуулалттай байх бас нэгэн үндэслэл юм.
2008 оны долдугаар сарын 2-ны өдөр онц байдал зарлаж, 800 гаруй хүнийг баривчлан саатуулсны дараа Ерөнхий сайд С.Баяр гэмтэж бэртсэн эгэл жирийн иргэдийг биш, харин жагсагчдад зодуулж гэмтсэн цагдаагийн алба хаагч нарыг эргэж байлаа. Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн Дэнжийн мянгад саатуулагдсан 800 гаруй иргэн дээр очихгүй, харин гэмтлийн эмнэлэгт очиж байгаа Ерөнхий сайдыг шүүмжилж байсан билээ. Төрийн төлөө тангараг өргөсөн цагдаа нараа эргэх нь зүй ёсны зүйл ч гэлээ, чухам яагаад ингэж яаран сандран цагдаа нарыг эргэв гэдэг асуултын тэмдэгтэй үлдсэн. Долдугаар сарын 1-ний маргааш 800 гаруй иргэн баривчлагдсаны дотроос ганцхан хүнийг сугалж, Тагнуулын газар шалгасан нь иргэн н.Дугар гэдэг хүн байсан бөгөөд энэ талаар тухайн үеийн “Өдрийн сонин”  “Монгол Улс улс төрийн хоригдолтой боллоо” хэмээн бичиж байжээ.
С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сард намын дарга болсныхоо дараа “Намаа хандивын мөнгөөр биш түрээсээр санхүүжүүлнэ”  гэж хэлсэн бөгөөд үүнээс улбаалаад намын байраа томсгох, эсвэл хотын төвд сайн байршилд өөр байр нэмж барих тухай асуудал тус намынхан дунд яригдаж эхэлсэн гэдэг. Томоохон обьект тэр дундаа улс төрийн том намын байрыг барина гэдэг ихээхэн төсөв хөрөнгөтэй ажил учраас барилга байшин барьдаг олон пүүс компани энэ ажлыг сонирхож байсан аж. Товчхондоо бол, хуучин байрныхаа давхрыг нэмэх, шинээр барих талаарх яриа 2008 оны долдугаар сарын 1-нээс өмнө гарчихсан байжээ. Тухайн оны гуравдугаар сард байрны зураг төсөл гурван янзаар  гарч, одоогийн соёмбо хэлбэртэй загвар нь батлагдсан байдаг.  20 гаруй  давхар байхаар төлөвлөгдсөн энэ барилгын зураг нь  долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдал болохоос яг дөрвөн сарын өмнө яригдаж  шийдэгдсэн байв. Тэгэхээр  намын байр сүйдэж, нурах нь угаасаа асуудал биш байсан гэсэн үг болж таарч байгаа юм. Хэрэв байрыг өөрсдөө нураавал намын төсвөөс нэлээд их хөрөнгө гарна. Харин долдугаар сарын 1-ний үйл явдлаар далимдуулан намын байраа нурааснаар  улсаас мөнгө авсан. МАН хохирох биш, харин ч эсрэгээрээ байр нь шатсанаараа шинэ байшинтай болж хожоод л үлдсэн.
Дараагийн нэг асуудал нь Ерөнхий сайд С.Баяр үймээн самуун болж байх үед намын байртаа тухалж байв. Төрийн тусгайгийнхан Ерөнхий сайддаа гарч явахыг хэлсэн ч “Би эндээ байж хүмүүстэйгээ учраа олчихоод явна” гэж хэлээд гарахгүй байсан гэдэг.  Тэгж байгаад жагсаалынхан улам улайрч цаг ч нэлээд оройтох үед гарч явсан байдаг. Төрийн тусгай хамгаалалтынхан гэдэг төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу Ерөнхий сайдын амь биеийг хамгаалж  байгаа төрийн тусгай алба. Угтаа бол энэ тусгай албаныхан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд Ерөнхий сайдыг жагсаал цуглаан эхлэхэд л намын байр буюу аюултай объектоос шилжүүлсэн байх ёстой үүргээ биелүүлээгүй нь хачирхалтай. Ерөнхий сайд аюултай обьектоос гарахгүй гэж хэлсний дагуу харж хүлээж байгаад за одоо гаръя гэхээр нь явсан гэдэг нь жүжгийн зохиол шиг…
2008 оны долдугаар сарын 1-ний өмнө  Монголын улс төрд нэг л зүйлд бэлдээд бэлтгээд байгаа аястай  үйл явдлууд болж өрнөсөн байх юм.   Үүнийг нотлох шиг аймшигт хар өдрийн дараагаар МАН, АН-тай эвслийн Засгийн газар байгууллаа.  Ерөнхий сайд С.Баяр үүнийгээ томоохон  төслүүдээ хөдөлгөх санаа гэж байсан ч тэр нь зүгээр өнгөлөн далдлалт байсан байж болох юм. Долдугаар сарын 1-ний асуудалд нам нь,  магадгүй С.Баяр өөрөө унах учраас сөрөг хүчиндээ боломж олгохоос  өөр аргагүйд хүрсэн юм биш үү гэдэг өөр хувилбар ч эндээс гарч ирж байгаа юм.
Долдугаар сарын 1-ний жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон гэх албан бус тоо бий. Тухайн үед 3000 гаруй цагдаа, хүчний байгууллагынхан хамгаалалтад гарсан.  Таван хүний алтан амь эрсдэж, 10 орчим хүн бууны сумны шархтай хоцорсон. Тэдний дунд насанд хүрээгүй хүүхдүүд ч байлаа. Энхийн цагт ийм аймшигтай онц байдал үүссэн.  Гэсэн ч хариуцлага хүлээлгэх асуудал байгаа онолгүй 10 жилтэйгээ золголоо доо.
Долдугаар сарын 1-н хэний стратеги зохион байгуулалтаар хийгдсэн хэрэг вэ…
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Нэр: Anonymous Огноо: 29 June 2018

гол гэмт хэрэгтэн нь элбэгдорж хүүр шүү дээ.

Сэтгэгдэл бичих