Ч.Хүрэлбаатар: Бүх татварын тэглэсэн учир шатахууны үнэ нэмэгдэхгүй

15302325525b357ee85b0d7Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зарим зүйлийг тодрууллаа. 

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдсан байна. Ямар асуудал хэлэлцэж, ямар үр дүнд хүрсэн бэ? 

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 27-ны өдөр буюу лхагва гаригт монголын цагаан шөнө хуралдсан. Хуралдаанаар ОУВС, Монгол Улсын ЗГ-ын хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэлэлцэж, шийдвэрээ гаргасан.

-Ямар шийдвэр гаргасан юм бол? 

-Эдийн засгийн үзүүлэлт сайжирч, гарч буй үр дүн сайн байгаа гэж дүгнэсэн байна лээ. Учир нь эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарсан. Төсвийн сахилга бат сайжирсан. Өр нэлээд хэмжээгээр дарагдсан. Энэ сарын 30-ны өдөр “Дим Сам”-ын төлбөрийг төлнө. Энэ өрийг өнөөдөр бид төлж байна. Доллароор своп хийсэн учраас доллараа юань болгоод төлбөрийг нь хийгээд дуусч байна. Ингээд үзэхээр энэ сард 750 тэрбум төгрөгийн өрийг төлөөд дуусч байна. Засгийн газар арилжааны нөхцлөөр зээл авахгүйгээр санхүүгийн сахилга бат, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгох замаар өрөө бууруулаад явж байна. Мөн валютын нөөц нэмэгдээд гурав гаруй тэрбум доллар болсон. Үүнийг мөн дэмжсэн. Хэдийгээр ийм эерэг үр дүн гарсан ч эмзэг хэвээр байгаа. Эдийн засагт гарч буй энэ эерэг үзүүлэлт нь сайн байгаа ч цаашид тогтвортой хамгаалж явахгүй бол эмзэг байгаа талаар ярилцсан байна лээ.

-Эмч, багш нар цалин нэмэхгүй бол ажил хаяна гээд байгаа. Энэ мэт асуудлыг ярилцсан уу? 

-Цалин нэмэх асуудлаар бид ОУВС-тай ярилцаж тохирсон. Долдугаар сарын сүүлээр ОУВС-гийнхан ирнэ. Тэгэхэд бид цалинг нэмэх асуудлыг илүү дэлгэрэнгүй, нарийвчилж ярих учиртай.

-Тэгэхээр нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал эмзэг байгаа. Хэдийгээр бид хүндрэлээс гарсан ч цалин нэмэх асуудал нь Монгол улсын 3.1 сая хүнтэй шууд холбоотой. Бидэнд алдах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаа сайжирч, бизнес нь идэвхжиж байгаа нь харагдаж байна. Ажлын байр нэмэгдэж байгаа учраас бидэнд эдийн засгийн бодлогын алдаа хийх эрх байхгүй. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцан ойлголцоод явж байгаа. Энэ бүх асуудлыг бодлогынхоо хүрээнд шийдэх учиртай. Энэ учраас би үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ярьсан. Ийм ч зүйлийг бид ОУВС-ийнханд ярьж ойлгуулсан.

- Шатахууны үнэ нэмэгдлээ гэх мэдээлэл гараад байна. Шатахууны үнийг тогтвортой барихад Засгийн газраас ямар бодлого барих вэ?  

-Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь бид бүх татвараа тэглэсэн. Аж, ахуй нэгжүүдийг оролцуулахгүйгээр бүх монголчуудын жилд төлдөг хувь хүний орлогын албан татварын 680 тэрбум төгрөгийг ганцхан сард өр төлөхөд зарцуулж байна. Энэ бол буруу бодлого явуулсаны гор. Ийм буруу бодлого явуулбал монголчууд бүгд үүрч байгаагийн жишээ энэ юм. Хэдхэн нефть импортлогч компанийн асуудал. Өчигдөр хотын төвөөр явж үзэхэд шатахууны үнэ хэвэндээ байна лээ.

- Онцгой албан татварыг нь тэглэснээр Засгийн газраас хэдэн төгрөг төлж байгаа вэ? - 

-Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлсөн. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурч байгаа.

-Хуурамч шатахуун бий болоход нөлөөлж буй дагалдах бодисоос Сангийн яам татвар авч эхэлнэ гэх асуудал яригдсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Хуурамч шатахуун байгаа бол шалгадаг байгууллага нь шалгана. Түүнээс татвар нэмж хуурамч шатахуунтай тэмцэнэ гэдэг асуудлыг би сайн ойлгохгүй байгаа юм. Шалгадаг, хянадаг байгууллага нь ажиллах ёстой. Хуурамч шатахуунтай тэмцэж байна гээд үнээ нэмж болохгүй.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих